Монголын жиу-жицу бөхийн холбооны баг тамирчид АНУ-ын Калифорни мужид болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаан медаль хүртжээ. Өчигдөр тэд ДАШТ-д хэрхэн оролцсон талаараа мэдээлэл хийсэн юм.
Бразил улсаас үүсэлтэй жиу-жицу бөх дэлхийн улс оронд эрчимтэй хөгжиж байгаагийн нэгэн адил манай улсад ч өндөр түвшинд хөгжиж байна. Таван бүсний ангилалд өрсөлддөг бөхийн төрлийн энэ спортын Монголын холбоо таван жилийн өмнө үүсгэн байгуулагдаж, 2010 онд ОУХМ О.Болд-Эрдэнэ дэлхийн аваргын анхны медалийг эх орондоо авчирч байсан бол энэ жил манай тамирчид тав дахь удаагаа дэлхийн аваргад амжилттай өрсөлдлөө.
Дэлхийн аваргад 40 гаруй орны 3000 гаруй тамирчин оролцож, тамирчид 12 дэвжээн дээр гурван өдөр өрсөлдлөө. Монголоос МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Болд-Эрдэнэ , багийн ахлагч, “Төмөрттранс” компанийн захирал Ц.Гантулга тэргүүтэй 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг энэ удаагийн ДАШТ-нд оролцсон бөгөдө насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн 79 кг-д 2013 оны длхийн аварга М .Сугар хоёр ялалт авснаар хүрэл медал хүртэж, хоёр жил дараалан шагналын тавцанд гарлаа. Тэрээр өмнөх оны тэмцээнээс аваргын алтан медаль хүртэж байсан билээ.
Тэмцээний өсвөр насны ангилалд Монголын баг тамирчид анх удаа оролцож, дараах тамирчид медаль хүртлээ.
Мөнгөн медаль:
58 кг: Ш.Бумбаяр /Говьсүмбэр аймгийн “Чойрын бүргэд” клуб/
+69 кг: Х. Уранхишиг /Говьсүмбэр аймгийн “Чойрын бүргэд” клуб /
Хүрэл медаль:
48 кг: Б.Оргилхуяг /Өмнөгоь аймгийн “Ханбогд” клуб/
53 кг: Н.Хас-Эрдэнэ /Жүдо академи/
53 кг: Б.Мягмардорж /Аваргч спорт хороо/
+84 кг: Б.Лхагвадорж хүрэл /Аваргч спорт хороо/
Монголын жиу-жицу баг тамирчид одоо арваннэгдүгээр сард Тайландад болох Азийн элсний наадам , аравдугаар сард АНУ-д болох “US open” тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна.
М.ОЮУНБААТАР