Украины шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Пётр Порошенко өчигдөр /VI.7/ тангарагаа өргөж, албан ёсоор албан үүргээ хүлээж авлаа. Тэрээр Украинд өнгөрсөн сард явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд бусад нэр дэвшигчдээс хол илүү буюу 50-аас дээш хувийн санал авч сонгогдсон юм. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолынхоо үеэр хэлсэн үгэндээ Пётр Порошенко Украины зүүн, өмнөд хэсэгт үймээн, эмх замбараагүй байдал үүсгэсэн Оросыг дэмжигч салан тусгаарлагчдыг зэвсгээ хураалгаж, хэлэлцээрийн ширээний ард суухыг урьжээ. Түүнчлэн тэрээр өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-д алдсан Крымын хойгийг “Украиных байсан, байгаа, үүрд байх болно” гэж мэдэгдсэн байна. Украины ард иргэд 200 гаруй хүний амь нас хохироод буй зүүн хэсгийн зөрчил мөргөлдөөнийг яаралтай шийдвэрлэхийг эрхэм Ерөнхийлөгчөөс хүсч буйгаа аж. Украины шинэ Ерөнхийлөгч Пётр Порошенко ард иргэдэд хандан энх тайвныг эргүүлэн авчирахаа амлажээ. Мөн тэрээр Украины эдийн засаг, үндсэн хуулийн шинэчлэл, хилийн хамгаалалтыг чангатгахад АНУ-аас 48 сая ам.долларын тусламжийг хүлээн авна гэж мэдэгдсэн байна. Өмнө нь АНУ Украины улс төрийн хямралаас үүдсэн хохирол, алдагдлыг арилгахад 50 сая ам.доллар, аюулгүй байдлыг хангахад 23 сая.ам долларын тусламж үзүүлэхээ мэдэгдэж байсан аж.
Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Украины зэвсэгт босогчид хил давж орж ирэхээс сэргийлэн хилийн хамгаалалтаа чангатгах зарлиг буулгасан байна.
Украиныг Европын холбоонд нэгтгэхээс татгалзсанаас үүдэн экс Ерөнхийлөгч Виктор Янукович ард олон, сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулж, улмаар өнгөрсөн хоёрдугаар сард суудлаасаа буун ОХУ-руу зугтсан билээ.
Б.АНХТУЯА