Нэр дэвшигчдийг 100 хувь дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигчдийг 100 хувь дэмжив

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаас өмнө Төсвийн, Хууль зүйн, Эдийн засгийн байнгын хороодын хуралдаанууд тус тус зарлагдсан байв. Хуралдаанаар хэлэлцэх асуудал нь Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болоод орон тооны бус гишүүдийг томилох тухай байлаа.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хорооны даргад Улсын Их Хурлын дарга, гишүүдэд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хоёр хүний, Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч тус бүр нэг хүний нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас томилдог аж. Түүнчлэн хорооны дарга болон Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн тус бүр нэг гишүүн орон тооны, бусад дөрвөн гишүүн нь орон тооны бус байх учиртай гэнэ.
Хамгийн эхэнд хуралдсан Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчийг зөвшөөрөх асуудлыг хэлэлцэж тус гишүүнд Германы Эдийн засгийн сургуулийг төссөн, Австри улсын элчин сайдаар ажиллаж байсан Л.Энхтайвангийн нэрийг дэвшүүлж хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж баталснаас Төсвийн байнгын хорооны хуралдаан өндөрлөв.
Үүний дараа хуралдсан Хууль зүйн байнгын хороо хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг зөвшөөрөх асуудлыг хэлэлцэж Г.Хэрлэнг 100 хувийн саналаар дэмжиж батлав. Тэрээр  МУИС, Эдийн засгийн сургуулийг  төгссөн, хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Өмнө нь Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн  ажлын албаны зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.
Мөн Эдийн засгийн байнгын хороогоор тус асуудал орж Монголбанкнаас Б.Лхагвасүрэнг улируулан томилох хүсэлтээ гаргав. Тэрээр Колумбийн их сургуульд мастерийн зэрэг хамгаалж байжээ. Мөн орон тооны гишүүнд Сангийн яамны санхүү эдийн засгийн газрын дарга, Индианагийн их сургуулийн мастер  Б.Батбаярын нэрийг дэвшүүлэв. Түүнчлэн Б.Даажамбын нэрийг дэвшүүлэв. Харин орон тооны бус гишүүнд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Лондонгийн бизнесийн дээд сургуулийн докторант, Удирдлагын академийн багш Д.Ганбаярыг дэвшүүлсэн бөгөөд эдгээр нэр дэвшигчдийг 100 хувийн саналаар дэмжсэнээр хуралдаан өндөрлөсөн байна.
Энэхүү байгууллага нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага бөгөөд ийнхүү таван жилийн хугацаатай томилогдох гишүүдийнх нь нэрс чуулганы хуралдаанд ороход бэлэн болсон юм.

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж