Зургаан настнуудын “конкурс”

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Зургаан настнуудын “конкурс”

Охин гурван настайгаасаа эхлээд л хотын төвийн хэд хэдэн цэцэрлэг дамжсаар зургаан нас хүрч сургуульд орох боллоо. Хотын төвийн цэцэрлэгт бол шовгор энэ тэрийг нь өгөөд болоод л байсан харин хотын төвийн сургуульд хүүхдээ сургана гэдэг цалингаас цалингийн хооронд амьдардаг мань мэтэд том даваа ажээ. Хорооны нийгмийн ажилтан гэх нэгний зөвлөж байгаагаар би охиноо хуваарийн дагуу Баянзүрх дүүргийнхээ 92-р дунд сургуульд бүртгүүлэх учиртай гэнэ. Ажлаасаа хугас өдрийн чөлөө аваад манай хорооны харьяа гэх тэр сургуулийг зорилоо. Автобуснаас буугаад гэр хорооллын нарийхан гудамжаар бараг хоёр буудал газар алхсаар өнөөх сургууль дээрээ ирж охиноо бүртгүүлэх тухайгаа хичээлийн эрхлэгчид нь хэлээд бага сага бичиг цаасны ажил болж, дараа нэг ажлын өдөр анги даасан багштай нь уулзахаар тохиролцов. Буцахдаа элдвийг бодлоо. Энэ сургуульд охиноо өгье гэхэд өглөө өгөх, өдөр авах гэдэг том “зовлон”. Ядаж ажлын ойролцоо дунд сургуульд танил байвал, эсвэл жил бүр цалингийн зээл авч хувийн сургуульд оруулах, хотын төвийн дунд сургуульд багшилдаг танил хэн нэгнээр яриулах гээд л элдэв бодол эргэлдэнэ.
Харин нэгэн танил маань надад, “Танай ажилтай ойролцоо байдаг 14-р дунд сургууль бага ангидаа нэмэлт анги гаргаад харьяаллын бус хүүхэд бүртгэж байгаа” гэж хэллээ. Танилынхаа үгэнд ороод тус сургуулийг зорилоо. Надтай адилхан “зовлон”-той, олон аав, ээж, өвөө, эмээ нар хүүхдээ бүртгүүлээд гарч байлаа. Хүүхдээ бүртгүүлэх хүн бүр 3500 төгрөгөөр энэ сургуулийн багшийн бичсэн “Би сурагч боллоо” гэх номыг авах учиртай гэнэ. Учир нь энэ номоос шалгалт авах гэнэ. Дээрээс нь бүртгэлийн хураамж 1000 төгрөг төлнө. Намайг охиноо бүртгүүлээд гарахад харьяаллын бус буюу өөр хорооны гэсэн тодотголтой 300 гаруй хүүхэд бүртгүүлсэн байлаа. Нийт бүртгүүлсэн хүүхдүүдээс 60 хүүхдийг л авах аж. Охиноо “конкурс”-д бэлтгэж нөгөө номыг нь хэд хоног сампин болтол нь эргүүлж, шалгалт өгөх эзэн нь номынх нь хаанаас юу ч асуусан түгдрэхгүй хариулж сурлаа.

Зургаан настангуудын “конкурс” дөрвөн цаг үргэлжлэв

Зуны сар гарсан ч амралтын өдрүүдэд гадаа хасах хэмтэй, хааяа цас хаялан хөнгөн нимгэн хувцасласан хүмүүс байшин барилгын нөмөр бараадан цаг хугацаатай уралдах мэт яарцгаана. Нийслэлийнхээ нэгэн дүүргийн захын хороонд аж төрөх эхнэр бид хоёр амралтын өдөр охиноо дагуулан эртлэн гэрээсээ гарлаа. Бидний зорьсон газар Баянзүрх дүүрэгт байрлах Хо Ши Миний нэрэмжит Улсын тэргүүний 14-р дунд сургууль. Шалгалт өгөхөөр нийт 320-иод зургаан настан цуглажээ. Зарим хүүхэд нь таван нас гарантай болов уу гэмээр бусдаасаа арай л балчир харагдана. Өглөөний 10.00 цаг болж байхад шалгалт авах багш нар хүүхдүүдээ бүртгэж найман ангид хуваан оруулав. Эцэг, эх, өвөө, эмээ нар нь сургуулийн хаалга харуулдан хүлээлээ. Үдийн 14.00 цаг гэхэд эхний “морьд” гарч ирлээ.
-Би сайн зурсан, би гоё будсан, би түрүүлсэн, багш намайг сайн хүүхэд гэсэн, би хамгийн гоё хувцастай нь байсан гээд тасралтгүй ярингаа хуушуур, бууз, ундаа, ус аав ээжээсээ нэхнэ. Үдийн 15.00 цаг гэхэд бүх хүүхдүүд шалгалтаа бүрэн өгч зургаан багш шалгалтын материалыг нь засахаар болж, шалгалт авсан багш нарын нэг нь “Дүн орой 18.00 цагт бүрэн гарна. Энэ жилийн хувьд шалгалтыг өөр системээр авсан. Арай хүндхэн материалууд таарсан. Та нарын худалдаж авсан номоос ганц хоёр даалгавар л орсон. Дүн гартал хүүхдүүдтэйгээ байж байгаарай, өөрийнх нь материалыг хүүхдүүдэд чинь үзүүлнэ” гэлээ.

Үдэш гарсан шалгалтын дүн

Багачуудын шалгалтад орсон материалыг засч байсан зургаан багшийн гурав нь ажил гарсан тул үлдсэн гурван багш оройн 18.00 цаг гэхэд дүнгээ бүрэн гаргаагүй л байлаа. Өглөө эртлэн гэрээсээ гарсан хүүхдүүд ядарч байгаа бололтой аав, ээж, өвөө, эмээгийнхээ өвөр дээр унтаж байгаа харагдана. Бүгд л шалгалтынхаа дүнг хүлээсээр…
Үдшийн 20.30 цаг гэхэд шалгалтын дүн бүрэн гарч, шалгалтын дүнгээ хэвлэж сургуулийн нэг булангаас нөгөө булан хүртэлх бүх цонхонд наалаа. Шалгалт өгсөн багачуудаас 20-иос дээш оноо авсан 60 хүүхэд л энэ сургуулийн сурагч болохоор боллоо. Өдөржин хүлээсэн багачууд маань юун шалгалтын материалтайгаа танилцах. Харих нь харьж, зарим нь унтаж, унтаж байгаа зарим нь үнэгчлэн инээнэ, нойрноосоо дөнгөж сэрсэн зарим уйлагнана. Харанхуй болсныг ч хэлэх үү, арай гэж л цонхны цаана наасан нэрс дотроос охиныхоо нэрийг оллоо. Тэнцжээ. 23 оноо авсан байлаа. Ийнхүү жаахан охин минь энэ сургуульд орох боллоо. Шалгалтад тэнцсэн гэдгийг нь хэлэхээр сэрээхэд үл мэдэг толгой дохьсон охин минь нойроо харамлаад уйлагнав.

М.Сайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж