Хотын төвийн “хогийн сав”-ны эзэн хэн бэ ?!

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Хотын төвийн “хогийн сав”-ны эзэн хэн бэ ?!

Уг нь XI хорооллынхон андахгүй л дээ, “тэр” цэцэрлэгийг. Нүд анисан талийгаачийг дурсч буй аятай ийн ярьж буйн учир нь өнөөдөр тэр цэцэрлэгт хүрээн гэрэл зурагт л бий.    

Залуучуудын соёлын төвийн ха­жууд хөглөрч муудан, өмхөрсөн хашаа хотын сүрийг дарсаар хэдэн жил болж буйг өмнөх дугаартаа нийтэлсэн. Цэцэр­лэгийг хүрээлсэн банзан хашааг бариад лав 4-5 жил болж буй ч өнөөг хүртэл сахиул болол­той ганц гэрээс өөр “бүтээн байгуулалт” тэнд алга. Хэн гэдэг нөхөр юу хийх гэж авсан нь ч тодорхойгүй.

Уг нь арван жилийн өмнө тэндээс арай өөр зураглалыг үздэг байлаа. Адаглаад гол нь урсдаг байсан юм. Хуучнаар хүүхэд залуучуудын ордны өмнөх цэцэрлэгт хүрээлэн нүд аниад цөөнгүй жилийн нүүрийг үзлээ. Гэтэл тэнд юу байлаа. Санаж байна уу, тэр сайхан үеийг. Хосууд модных нь дор болзон бие биенээ түшин сууж, залуус өвсөн дээр суугаад гитар тоглон элдвийг ярин хөгжилддөг, болжмор жиргэсэн тэр цэцэрлэгт хүрээлэнг. Хүүхдүүд Дунд голын усанд шумбан, жарайхайгаар наадаж, хөгшид сүүдэр бараадан модных нь дор тухалдаг. Тэр цэ­цэр­лэгийг санаж байна уу. Олон хүний залуу, халуун насны сайхан дурсамжийг сэдрээх тэр цэцэрлэгт хүрээлэнг “хотынхон” булшлаад дөр­вөн жил болж байна. Хажуугаар нь урсдаг Дунд гол нүд анихын наагуур аврал эрэн хоржигнож буй. Хоёрхон хоногийн өмнө хүчтэй шуураад мөнөөх өмхөрсөн хашааг нь нураачихажээ. Хашааг босгох эзэн ч алга. Хашаагаар дүүрээд бай­сан хог, новш нь Дунд гол руу хийсч, арай ядан урсч байсан голыг дахин боосон байна.

Гэтэл хашаагаа буцааж босгох хүн ч алга. Хариуцсан эзэн гэж үгүй бололтой. Тэр сайхан цэцэрлэгт хүрээ­­­­­­лэнгийн өвс, зүлэг хэдэн жил хогонд дарлуулсаар үгүй болсон нь илт. Залхуураад унагаалгүй үлдээсэн ганц модыг эс тооцвол өөр юу ч алга. Ингээд хогийн цэг болсон гэвэл итгэх үү. Хөгчүүлийг сүүдэрлэж харагддаг модод тэдэнтэй хамт алга болжээ. Талийгаачдаас зу­раг л үлдэж. Хотын дарга, өөр хэн ч бай. Хариуцсан эзэн нь нийслэлээр овоглож асан энэ цэцэрлэгт хүрээ­лэнг хэн авсныг хэлээд өгөх хүн байна уу.

Яаж ингэж чадаж байна аа. Сүүлийн хэдэн жил л нийслэлийг моджуулна гэж цагаан бээлийтэй ажилч­ны төрх гаргаад хэвлэлээр гараад байсан хүмүүс ичээсэй. Өм­нө­хөө арчилж чадахгүй байж шоу хийхдээ санаа зовдоггүй юм уу. Энэ цэцэрлэгийг хэн чинь хэнд “устга” гэж үүрэг өгсөн юм бэ?

Хотын газрын албаныхан дуу­­­­рийн театрын өмнө нийтийн цэцэрлэгт хүрээлэнг утсгаад нэ­гэн компанийн эзэмшилд өгсөн. Хүүхдийн паркийг тойрсон хэрүүл тасраагүй байна. Дээр нь энэ цэцэр­лэгийг ийм болгох дутаа юу. Ер нь хотын удирдлагууд хотыг яах гээд, бодлого шийдвэр нь юунд чиглээд байна вэ. Шинээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн барина гээд буй чинь сайн хэрэг. Тэглээ гээд өмнөхөө үгүйрүүлэх нь утгагүй юм биш үү. Энэ хотод чинь зуны турш замын засвар, өвлийн турш утаан хөшиг ноёлж байна. Үгүй дээ, цэцэрлэгт хүрээлэн олон байвал хотын энэ их шороог бага ч болов дарж, хорт утааг шингээнэ биз дээ.
Нийслэлд хорт хавдраар өвч­лөөгүй мод ховорхон үлдсэн гэж мэргэжлийн хүмүүс ярих юм билээ. Ийм байхад сая илүү хүн­тэй ч хоёр гуравхан цэцэрлэгт хүрээлэнгээ ээлж дараалан устгадаг нь ямар учиртай юм. Энэ цэцэрлэгт хүлээлэнг юу болгуулахаар хэн гэдэг дарга, хэнд хэрхэн өгснийг хэлээд өгөх хүн Улаанбаатарт байна уу. Байгаа бол хариултаа манай сониноор дамжуулж албан ёсоор хариултаа өгнө үү. Хэрэв байхгүй бол хотын дарга аа, энэ газраа эртхэн шиг эргүүлэн авч цэцэрлэгт хүрээлэнгээ байгуулна уу.

Хог новш хөглөрч, өмхий цөө­рөм үргэлжлээд, Улаанбаатарын төв гудамж биш, Улаанчулуутын хогийн цэгийг эрхгүй бодогдуулах энэ газарт барилга барихаар зэхэж буй бол уучлаарай. Хайран хөдөлмөр болох вий. Урсаж буй ч голын эрэгт барилга байшин барих нь хуу­лиар хориотой төдийгүй барьж босгосон хөрөнгө чинь алсдаа насгүйг сэтгүүлчээр хэлүүлэлтгүй мэдэх байл­гүй дээ. Түүний оронд хашааг нь хуу татаж, улам гоё, бүр орчин үеийн хотын бахархал болсон цэцэрлэгт хүлээлэнг барьц­гаая. Яагаад болохгүй гэж. Өмнө нь байсан цэцэрлэгт хүрээлэнг байгуулахдаа сургуулийн хүүх­дүү­дээр чулууг нь түүлгэж, хөрс шороог нь бэлдсэн юм билээ. Бүсгүй хүнийг будаг, энгэсэггүйгээр зүйрлэдэггүй адил нийслэл хотыг цэцэрлэгт хүрээлэнгүйгээр төсөөлөхийн арга­гүй болохоор тэр.

Энэ удаад илүү өргөн хүрээнд хийж яагаад болохгүй гэж. Нийс­лэлийн бахархал болох тэр цэцэр­лэгийг шинээр сэргээнэ гэдэг ир­гэн бүрийнх нэр хүндийн асуу­дал байх болно. Гэхдээ тийм цэцэрлэгт хүрээлэнг бий болгоход олон жил шаардлагатай нь мэдээж. Тэрэнд харин санаа зовох зүйл алга. Оройтож ирсэн шувуу шиг алгуурлаж амилах тэр цэцэрлэгт одоогийн залуус хөгширч, хүүхдүүд өсөн буцахаа мартсан нүүдлийн шувууд шиг буурал намруудыг улир­­тал цэцэглэж, буцаад хавраар дэлгэрэг.  

Үүнийг нийслэл даяараа өвөл­дөө зүүдэлж, халуун дулааны улиралд хүсэмжилж буйг сонор­дуулж,  хотын даргын чихэнд “хариул­­­тугай” хэмээн бүрээ болгон үлээе. Бөглөрсөн чих онгойж, бү­рээд­сэн нийслэлчүүд хариу­гаа сонсог.

Л.ХАЛИУ

Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж