Үндэсний статистикийн хороо НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сангийн санхүүжилтээр анх удаа “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2013”-ыг хийсэн бөгөөд өчигдөр уг судалгааны урьдчилсан дүнг танилцуулсан байна.
Энэ судалгаагаар хүүхэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгаалал, эрхийн хэрэгжилт, гэр бүл төлөвлөлт, халдварт өвчний талаарх нийтийн мэдлэгийг тодорхойлох зорилготой аж. Түүнчлэн Мянганы хөгжлийн зорилт, “Хүүхэд ээлтэй дэлхий ертөнц” тунхаглал, НҮБ-ын Ерөнхий ассамблейн ХДХВ, ДОХ-ын асуудлаарх тусгай чуулган”-ы тунхаглал болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дүгнэхэд чиглэсэн байна.
Уг судалгааг Монголын нийт өрхийг төлөөлөх 15500 өрхөөр орж, хийсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох таблетийг статистикийн салбарт анх удаа нэвтрүүлэн “Хүүхэд хөгжил”, “Нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Хүн ам зүй, эрүүл мэнд” гэсэн гурван том судалгааг нэгтгэн хийж чадсанаараа онцлог болохыг албаныхан хэллээ. Үүнээс албаныхан хүүхдийн эрүүл мэндийн судалгааг чухалчлан танилцуулсан юм.
“Хүүхдэд нэмэлт хоол зохих давтамжгүй өгч байна”
Хүүхдийн хоол тэжээлийн талаарх судалгаанд 0-5 сартай 10 хүүхэд тутмын ердөө тав нь эхийн сүүгээр дагнан хооллож, 6-8 сартай 10 хүүхэд тутмын ес нь нэмэгдэл хоолонд зохих хугацаанд орж, 0-23 сартай 10 хүүхэд тутмын долоо нь насандаа тохирсон байдлаар эхийн сүүгээр хооллож байна гэсэн дүн гарсан байна. Үүнээс гадна 0-23 сартай 10 хүүхэд тутмын дөнгөж гурав нь өдөрт идвэл зохих давтамжийн дагуу нэмэгдэл хоол идэж байна. Энэ нь хүүхдэд өгч буй нэмэгдэл хоол зохих давтамжиндаа хүрэхгүй тохиолдол их түгээмэл гарч байгааг илтгэх ажээ. Нэмэгдэл хоол өгөх давтамжийг хүүхдийн яс болон эхийн сүүгээр хооллож байгаа эсэхтэй уялдуулан нэмэгдүүлдэг байна. Тодруулбал, эхийн сүүгээр хооллож байгаа 6-8 сартай хүүхдэд өдөрт хамгийн багадаа хоёр удаа, 9-23 сартай хүүхдэд сүү /эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн, малын сүү, лаазалсан, эсвэл хуурай сүү, тараг/ болон нэмэгдэл хоолыг дөрвөн удаа өгөхийг зөвлөдөг байна.
Хүүхдийн хоол тэжээлийн байдал өмнөх жилүүдийнхээс сайжирч буй ч тав хүртэлх насны хүүхдүүд уураг илчлэгийн дутагдалд орох тохиолдол манай оронд байсаар байна. Тодруулбал, 10 хүүхэд тутмын нэг нь өсөлт хоцрогдолтой буюу насандаа тохирохгүй намхан байгаа ажээ.
Хүүхдийг хоёр хүртэл насанд нь тохирсон тэжээллэг, чанартай, амин дэмээр баялаг хоол, хүнс өгөхийн зэрэгцээ эхийн сүүгээр хооллох хэрэгтэй байдаг ажээ. Хоол хүнсээр шимт бодис, бичил тэжээлийг зохих хэмжээнд авснаар хүүхэд бие бялдар, өсөлт, хөгжил, оюун санааны хувьд эрүүл өсөн торних үндэс болдог байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийг зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, зургаан сартайдаа аажмаар зохистой нэмэгдэл хоолонд оруулж, улмаар хоёр нас хүртэл нь эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллохыг зөвлөдөг.
Хүүхдийн өвчлөлийн тухайд, тав хүртэлх насны хүүхдийн хувьд хамгийн эрсдэлтэй, аюултай өвчнүүдийн тоонд уушгиний хатгалгаа болон суулгалт өвчнүүд зүй ёсоор ордог байна. Улсын хэмжээнд судалгаанд хамрагдсан тав хүртэлх насны нийт хүүхдийн дөрвөн хувь нь судалгаанаас өмнөх 14 хоногийн хугацаанд уушгиний хатгалгаа өвчнөөр өвдсөн байж болзошгүй байгааг статистикчид дуулгалаа. Уушгиний хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдийн 70 хувийнх нь эцэг, эх мэргэжлийн эмчид хандсан бол 63 үүн дотор 63 хувьд нь антибиотик эмчилгээ хийсэн байна.
Эмэгтэй хүн дунджаар гурван хүүхэд төрүүлж байна гэв
Төрөлтийн судалгаагаар 15-49 насны эмэгтэйчүүдийн сүүлийн таван жилийн төрөлтийн түвшин хэвээр хадгалагдана гэж үзвэл нэг эмэгтэй амьдралынхаа хугацаанд дунджаар гурван хүүхэд төрүүлж байгаа гэв. Харин хөдөө амьдардаг эмэгтэйчүүд дунджаар дөрвөн хүүхэд төрүүлж буйг статистикчид дүгнэсэн байна. 15-49 насны 100 охины дөрөв нь хүүхэд төрүүлсэн бол гурав нь 18 нас хүрэхээсээ өмнө жирэмсэлж байгаа ажээ. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 50 хувь нь 22 насандаа анхны хүүхдийг төрүүлсэн дүн мэдээ гарсан байна.
Гэрлэсэн эсвэл хамтран амьдрагчтай эмэгтэйчүүдийн 99.6 хувь нь жирэмслэхээс сэргийлэх ямарваа арга хэрэгслийг мэддэг бөгөөд 54.6 хувь нь хамгаалах арга хэрэгслийг хэрэглэж байгаа ажээ. Харин 15-49 насны эмэгтэйчүүдийн 16 хувь нь гэрлэсэн эсвэл хамтран амьдрагчтай, жирэмслэх боломжтой, төрөлт хоорондын зайгаа зохицуулах эсвэл хүүхэд төрүүлэх хүсэлгүй байгаа боловч жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгсэл хэрэглэдэггүй байна.
У.БОЛОР