Тавдугаар сарын арваны өглөө “120 мянгат”-аас хөдөлсөн цуваа Хархорумд үдлээд, Орхон түшээ мөрний гүүр гаран барууншлах үес “Идэр лүүгээн гандуу гэнэ ээ” гэсэн янзгүй мэдээ чих шүргэв. Хангайн нурууны ар руу уруудахуйд олон машины тоосонд зам үзэгдэхгүй шахам болоод ирсэн. Өчигдөр шөнө хотод бөмбийсөн нойтон цас Төв, Булган, Архангайн нутгийг лавтай хамран, шим усаан хүртээжээ.
Харин… Завхан нутгийн зах-Солонготын даваа уруудтал бидэнд ийм хуурай ис тоос бургисан зам тохиолдоогүй сэн дээ.
Хоёр хутагтын нутагт хур дагуулж буув
Идэрийн эх хэлний уламжлалт арван гуравдугаар наадам хонхоон цохихын урьд өдөр юм. Үдээс хойхно, зорьсон газар өртөө хүрэхтэй үгүйтэй ойртож, Тэлмэн сумаас өнгөрвөл машин тэрэгний цонхны шил хурын бөнжигт чийгтэн, Эрдэнэ бандид ноён цорж Хамба хутагтын хамгийн сүүлд нутаглаж асан өвөлжөө-Мануустайн дорно этгээдээр сэжлэн зорьсон газар бараалахад голын эхний уул нуруудын дээгүүр толгойлсон үүлс шахцалдан, ингэн туйлаадас бургилна.
Бидний хаврын хаварт заавал зорьж хүрдэг Бөхийн шарын нуруу зүүн талд харагдах шахам болж ирэхэд тэртээ өмнөд алсад Туна, Жаргалант, Ямаатын эхний хөвчис хүрэнтэж хүдэнтээд, улмаа алслан хараачилбал цасан тэргүүнт уулс цувран тодроод ирнэм. Хамгийн зүүн талд цайрах нь Тунын гялгар хэмээх алдарт хайрхан ажээ. Түүнээс өрнөш хэд хэдэн хаш тэргүүнт болор мөнгөн уул зэрэглээд баруун талд Сибжидбалбарын цанхи царам лугаа хормой нийлүүлжээ. Идэрийн эхний дээгүүр хойхно мөн л дун цагаан оргилууд духалзан гялбалзах нь Загастай давааны эхний арын өндөрлөгүүд болой.
Угтагсад уламжлал ёсоороон сумын наадмын морь эргэдэг налагт хэдийнэ ирчихсэн түрүүчийн тэрэгнийхэнтэй золгон, хөөрөг даалин, тамхи азуй болж байнам. Идэрт ерөөсөөн “юм” ороогүй гэнэ. “Үүл гарахаар л салхи босоод, туучих юм. Сэрүүн ч байна даа. Уг нь бороо цас юу л орвол ормоор сон” гэж Нарандэлгэр уяач үгүүлнэ.
Нэг унтаж, хоёр өдөр тувт давхисан мянган бээрийн аяны алжаал юуг орхиж Идэр сумынхан арваад гэрт хуваагдан буудаллаж байгаа зуугийн хагас гийчиндээн цай цүй болж байх завсар, луугийн дуунд тэнгэр урагдчихав уу даа гэмээр сүрлэг цуурайлж, гол мөрний ус рашаадын хор юуг үлдэн арилгаад, бороо мөндөр холилдон гэрийн дээвэр под под бөмбөрдөж гарлаа. Тугаархан бид хур мөрөөссөн сумынхантай мэнд сольж зогссон биш бил үү. Гэтэл цаг ч болоогүй хур шавшин сэтгэл онгойлголоо. Хэсэг зуур цайрсан мөндөр намжуурч, бороо болон шаагилав. Гэрүүдээр ээлжлэн орж гарах хүмүүсийн царайд ч баярын совин гэрэлтэн, нэг л сэтгэл хөхиүн болоод явчихсан үзэгдэнэ. Хутагтуудын орон хувьтай хөвүүдээн, хуртай хамт, зунтай айлсуулан ийнхүү урин заллаа.
Маргааш өглөө нь, бүтэн жил хүлээлгэсэн эх хэлний наадам найман цагаас эхлэх цаг товтой. Гэтэл бага зэрэг жихүүцүү хоносондоон орноосоон дурамжхан цувран өндийсөн бид гадаа гарч давсаг суллах ажил хийюү гэтэл нэвсийтэл буусан цас шагайгаар татах нь хаалга онгойлгох ч аргагүй шахам болгож орхижээ.
Дэргэдийн ширэг зүлэг дун цагаан. Гишгэсэн мөрөөр хайлмаг цас доош суун царр цурр дуугарна. Гуталтай барьцалдан зунгаарнам. Урд талд Хавчигийн ар бас цав цагаан. Хажуу энгэрийн нь модод сувдан, мөнгөн баринтаг нөмөрчээ. Үдэш хажуулахад бороо хааяа зөөл зөөлхөн шиврээд шинэхэн зуныг ойртуулан үнэртүүлж байсан. Харин Хамба гэгээний тоонот нутаг шөнөдөөн өвлийн хангайн үзэсгэлэнг урлан хонохын чинээ хэн маань ч төсөөлөөгүй нь лав. Цас ийнхүү анир гүмхэн ордог билээ.
Наашлуулж харвал Идэр мөрний ус л ганцаараан бараантан урссан хэвээр аж. Салхи нэлээд хүчлүү үүгэх агаад мөрний толион дээр уур манан савсайхгүйг үзвэл дулаахан ч хур буусан юм уу гэмээр…
Нээлтээн сумын соёлын төвд л хийхээс ондоогүй нь дээ гэлцэж эхэлсэн. Гэтэл харин нэг цаг шахмын дараа сумын бүрэн дунд сургуулийн хичээлийн төв байрны өмнө эх хэлний наадмыг сүр төгөлдөр нээж цуут Лут. Лхагважав багштан, бариуланд нь тууз зангидсан гоёмсог хонхыг дуугарган эх хэлний баяр эхлүүлэх эгшинд зүүн талд, битүү цастай уулын хэнхдэг дээгүүр хангайн өглөөний шингэн цайвар наран үүлэн хөшиг дундаас тодрон гийгүүлж, баруун этгээдийн индэрт хоёр эгнээ суусан хүндтэй зочдын дээлийн өнгийг тодлон, нугалаа хунисанд нь гэрэл оч гялбуулах авай.
Хоёр хутагтын нутаг ийнхүү уугуул хөвүүдээн угтаж саймшран, хүйлэн хөх тэнгэр нь хураан ивэлгэн саамшлаа. “Нутгаан би чинь саналаа, нутаг минь намайгаан санав уу” гэгчийн биелэл ийм болох ажгуу. Ганц хоногийн дотор тэнгэр огторгуй дэлэгнэн, монгол газрын дөрвөн улирлыг нүднээ илт үзүүлэн гайхуулахуйд Идэрийн гол дэргэдхэнээ хэвийн хэвээр, аажимхнаа татмаг тайван шуугин шуухирсаар л…
Идэрийн наадам эх орны хэмжээний болсоор
Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Архангай, Орхон, Дундговь гэсэн найман аймгаас давхардсан тоогоор гучин зургаан сургуулийн мянга илүү сурагч, зуу гаруй багш энэ удаа Идэр мөрний хөвөөнд, эрдэм оюуны наадамд өнгө алаглах цэцэгсийн хүрээлэнг дүрлэн тал бүрээсээн чууллаа. Ховд аймгаас “Цаст-Алтай” цогцолбор хэмээх, үндэсний хэл бичгийн сургалтаараан улсад нэртэй сургуулийн баг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны удаа дараагийн шилдэг оролцогч хүүхдүүдийг бэлдэн буй монгол хэл бичгийн Б. Цэцэгмаа багшаараан ахлуулан, Г. Ургамал хэмээх төгсөх ангийн шилдэг сурагчаараан манлайлуулан хүрэлцэж ирсэн болбол, Мөст сумын сургуулийнхан бас л аймгийнхаан төлөөлөл болон урт аяны дөрөө хангинуулсан байв. Анх удаа оролцсон гурван аймгийн нэг нь Архангайн төлөөл бөгөөд багш сурагчид нь хувийн шийдвэрээр оролцсон ажээ.
Тэрчлэн Говь-Алтай аймаг тав, Хөвсгөлийнхөн зургаан багтай оролцсон нь тун даацтай бэлтгэж, “багаар ажиллах” зах зээлийн зарчмын мөн утгыг харуулж байнам.
Хамгийн хол буюу мянга хоёр зуун км-ийн алсаас оролцсон Дундговь аймгийг, тус аймгийн Сайнцагаан сумын “Хүмүүнлэг” гуравдугаар бүрэн дунд сургуулийнхан нь төлөөлсөн хийгээд анх оролцсон баг гэхэд олз омог арвинтай буцсаныг хойно өгүүлсү.
Хүндэт зочдын хөл дарсан өдрүүд
Идэрийн эх хэлний наадмыг бүтэн жил хүлээдэг хүмүүс бишгүй. Тэдний ихэнх нь хүүхэд багачууд. Томчууд ч бас уламжлалт наадамдаан адган, битүүхэн хүлээдэг агаад хотоос хэн хэн ирэх хийгээд шинэ тутам нэмэгдэх аймгийнхны нэр ус тун сонин содон мэдээ байдаг нь илэрхий.
“Шинэ Ази” групп, “Үлэмж эгшиглэн” санг төлөөлөн Улаанбаатараас зорьсон зочдын цуваа арван машинаас бүрдэж байлаа. Эх хэлний наадмын шүүгч биднийг Идэр сумынхан маань найман ханатай, улаан хөлтрөг бүхүй данагар өргөөнд байрлуулсан нь үлэмж дээдийн хүндлэл, гол нь эрхэм баян эрдэм номыг гэх утга төгөлдөр үйлдэл юм аа. Монгол Улсын гавьяат багш, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Д. Галбаатар, доктор, профессор Д. Баттогтох, гавьяат багш Ё. Эрдэнэцэцэг, залуу эрдэмтэн судлаач Ө. Оюунхүү биднээс гадна МУИС-ийн багш Г. Ариунжаргал хэмээх бүсгүй шүүгчдийн бүрэлдэхүүнд хүч сэлбэсэн нь бидний үүрч гарах ачааны тэн дахин нэмэгдсэнтэй холбоотой бүлгээ.
Идэрийн ай савд оюун билгүүний хур буулгасан зохиолчид, үгийн дархцуулын эгнээг энэ удаа соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, МУИС-ийн багштан До. Цэнджав, “Болор цом” наадмын тэргүүн шагналт, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г. Мөнхцэцэг нар шинэчлэн өргөжүүллээ. Харин замын зуурт хамгийн элбэг тааралдах бод буюу уул хангайн сарлаг лугаа адил үс өрвөлгөт, гүн сэтгэмжит, найрагч өтгөс Д. Урианхай, Идэрийн голын унаган хүү, өнөөх олноо алдартай “Шаргын говийн Сүнжидмаа” дууны шүлгийг урлан тэрлэгч, яруу найрагч Алтангэрэлийн Мягмаржав, Сонгино сумын уугуул, яруу найрагч Бороохойн Батхүү, “Болор цом”-ын тэргүүн шагналт, залуу уран бүтээлч Норовын Гантулга, Дархан хотын “Залуучууд” театрын уран сайхны удирдагчаар томилогдуутаан Идэр лүүгээн гараад гэх, алдарт “Бөхөн шарын нуруу” дууг амилуулагч, гавьяат жүжигчин Ц. Төвшинтөгс, түүнчлэн “Дүүриймаа”, “Сийриймаа”, “Алгирмаа”, “Хандармаа”, “Дунгаамаа”, “Анимаа”, “Сүнжидмаа” гэхчлэн “…-маа”-тай олон сайхан дуугаараан ард түмэндээн гавьяатын энтэй хүндлэгдсэн, басхүү аян холын зуурт хошин шог яриан гараа дэлхэн, дэглэн найруулагч дуучин Дуламын Баасанжав, түүний хүү дуурийн залуу дуучин Б. Баатархүү, “Үлэмж эгшиглэн” сангийн зөвлөх, яруу найрагч, зохиолч Х. Чилаажав, Б. Золбаяр нар тэнд чуулагсдын уламжлалт зочид нь болоод нэгэнт хэвшиж байна уу даа гэмээр.
Идэр их мөрөн, домогт Бөхийн шарын нуруугаар эх авсан эл сайхан нутгийн сүлд дууг амилуулсан төрийн соёрхолт яруу найрагч Ц. Бавуудорж, хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Т. Сэр-Од нарыг энэ удаа ирж завдаагүйд сураг тавьсан хүн цөөнгүй байлаа. Идэрийн голын тухай хөгжмийн зохиолч Б. Бямбабаяр, яруу найрагч Бороохойн Батхүү нарын бүтээл “Идэр их мөрөн” хэмээх цараалаг сайн дуу бас буй. Сонгодог урлагийн эрдмийн театрын гоцлол дуучин Э. Бумхүү энэ удаа Идэртээн ирээгүйгээс яруу найрагч Б. Батхүү ах голын хөвөөнд эгнүүлэн барьсан хун цагаан өргөөдийн аль нэгтээ нь өөрийнхөөн дууг өөрөөн дуулж байх содон агшин бас мэдэгдсэн…
Анх ирээд үнэмлэхүй амжилт олов
Дундговь аймгийн төв Сайнцагаан сумын гуравдугаар сургуулийн монгол хэл бичгийн багш Дашзэгвийн Отгонсүрэн морин жилийн Идэрийн наадмын дуулианы зүй ёсны эзэн боллоо. 2013 онд “Хүмүүн бичиг” сонины уламжлалт “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны бичвэрийн бус бүтээлийн ангилалд аварга болж, аргамгаар юмсан бол “онгойсон” тэрээр одтой байж, мэргэжлийн багшийн ангилалд тэргүүлэн “Багш дур мөргөмү” хэмээх эрдэнийн тэмдгийн эзэн болох болзол биелүүлжээ. Өөрөөн шалгаруулалцсан атал юунд ийн “мэдэгдээгүй өнгөрсөн” цагаар “тойруулж” байна вэ гэвэл, шүүгчид зөвхөн нууц шифртэй шалгалтын материалыг л засдаг. Харин хамгийн олон оноо авсан оролцогчдыг нь “Үлэмж эгшиглэн” сангийн техникийн ажилтан залуус цахимаар нэгтгэн байр эзлүүлдэг журамтай. Тиймийн учирт, бид хэний бичвэрийг засаж байгаагаан мэдэх нь бүү хэл, өөрсдөөн ч өрсөлдсөн хүмүүсээсээн өөрцгүй сониучирхан “За хэн гээч нь манлайлж, нөгөө уут дүүрэн мөнгийг нь өвөртөлдөг юм бол” гэж догдлон хүлээж байдаг билээ.
Ер нь Идэрийн эх хэлний наадмыг үнэт зүйлээр нь тодорхойлоод хэлээд аль гэвэл, нэгд, хаанахын хэн ч өөрийн ангиллыг сонгон оролцох эрх нь орон даяар нээлттэй байдаг, хоёрт, шагнал урамшууллын хөшүүрэг нь хаана ч байхгүй арвин ахиу, гуравт, шүүгчид нь чин шударгаар дүгнэдэг гэсэн гурван зүйлээр тодорхойлж болно. Өнөө жил улс орны мөнгө санхүүгийн асуудал хямралтай, хаа сайгүй л хэмнэ, тана, “царцаа” гэж үүрэгдэж буй үед “Үлэмж эгшиглэн” сан харин ч эх хэлний наадмынхаан шагналын санг ахиулж, мэргэжлийн багшийн ангилалд тэргүүлсэн оролцогч гурван сая, дэд байрт хоёр сая, гутгаар байрын эзэнд нэг сая төгрөгийн урамшуулал хүртээхээр зохицуулсан байлаа. Хүүхдүүдийн бай шагналыг ч арваас доошгүй хувиар нэмсэн ажээ. Энэ бол сангийнхаан бэлгэдэл нэр лүгээ адил үлэмж дээдийн өглөг, үндэсний хэл бичгээн гэсэн үнэнхүү сэтгэл, ариун буян юм.
Аварга багшийн тухай сэдвээн үргэлжлүүлэхэд, Д. Отгонсүрэн багш Идэрийн наадмаас өмнө өнөө жил том бага хэд хэдэн олимпиадаас шагнал хүртээд байжээ. Нийслэлээс Завхан нутгийг зорихын өмнөх өдөр Соёлын сайд, хатагтай Ц. Оюунгэрэл “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” хэмээх цолоор түүний энгэрийг мялаасан ажээ. Энэ нь багш хүнд хүртээхэд үнэхээр утгатай болдог, урам зориг хайрладаг, монгол хэл бичгийн салбарын дээд шагнал нь билээ. Идэрийн наадмаас хамгийн арвин буюу гурван сая төгрөгийн “зэд” хүртэж, эл цаг үед эх хэл бичгийнхээн мэргэжлийг эзэмшиж, түүнээн түгээн сургахын төлөө хичээж зүтгэж яваа багш хүмүүн ямархан сэтгэлийн амгаланг эдлэж болдгийг тэрбээр ёстой л мэдрэх шиг болсон.
“Үлэмж эгшиглэн” сангийн тэргүүн Л. Төрбаяр захиралтан түүнд эх хэлний наадмын дээд шагналыг зүүж өгч, цаасан ууттай мөнгө гардуулах үеэрээн “Цаашдаан Идэрийн наадамд түрүүлсэн багшийн шагналыг үе шаттай нэмэгдүүлж, манлайлсан багш нь машин унаад харьдаг хэмжээнд хүргэх юм байгаа юм” хэмээн батлан үгүүлэхүйд цугласан олон сумын соёлын төвийн дан байшинг доргитол алга нижигнүүлж байлаа.
“Хүмүүн бичиг” сонинтой хамтран жил бүр зохион байгуулдаг “Монгол бичгийн зөв, сайхан бичигтэний уралдаан”-ы дүн мэргэжлийн багш нарынхаас түрүүлж гарахад, мөнөөхөн Д. Отгонсүрэн багш манлайлж, үнэхээр санаандгүй оролцогч ирээгүй гэдгээн нотолсон юм.
Аваргуудын чансааг сорьсон наадам
2012 онд энэ наадамд тэргүүлэн дуулиан тарьж, өөрөөр нь нэрлэсэн дуу хүртэл бүтэхэд хүргэсэн, Алтай нутгийн аварга багш, Шаргын говийн О. Сүнжидмаа өнөө жил Идэртээн аман хүзүүджээ. Юм л болбол мөнгөний тоо хэлээд байх нь энэ сайхан наадмын утга, гоёл чимэг биш ч гэлээ О. Сүнжидмаа багш хоёр сая төгрөгийн шагнал хүртсэнийг бахархан дурдалгүй өнгөрч түвдэхгүй нь. Тэрбээр 2013 онд Идэрийн наадамд “гурвалсан”. Сүүлийн гурван жил тэргүүн, дэд, гутгаар байрыг ээлж дараалан хүртэв. Энэ бол чансаа, чанарын баримжаа юм, чадал, чадварын нотолгоо юм.
Орхон аймгийн Бүрэнтогтохын Нямсүрэн хэмээх, өөлсөн харцтанд шавилхан бүсгүй мэргэжлийнхэн дотроон гуравт жагсаж сая төгрөгтэй буцлаа. Б. Нямсүрэн багш Лутын Лхагважав багшийн нэрэмжит, Идэрийн эх хэлний наадамд 2012 онд мэргэжлийн багшийн төрлөөр дэд байр, мөн жилээн “Зөв, сайхан бичигтэн”-ий ангилалд нь гуравдугаар байр, энэ онд дахин гуравт шалгарсан байна. Өөр бус улс, бүсийн наадмуудаас хэчнээн ч шагнал “түүсэн” юм, бүү мэд. Үнэхээр л чансаатай багш битүүхэндээн “ногт ганзагалж ирэгсэд”-ийн нэг тэр аргагүй мөн мэт.
Анхан шатны багш нарын уралдаанд ч Орхон аймгийн багш Ж. Отгончулуун манлайлж, нутаг нэгт Б. Энх-Октябрь багш нь гурвалсан дүн гарсан байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14-р сургуулийн багш Ж. Отгончулуун 2012 онд Идэрийн олимпиадад өөрийн ангилалд хоёрдугаар байр эзэлж асан бол өнөө жил ийнхүү тэргүүлжээ. Мөнөөхөн Б. Энх-Октябрь хэмээх “орос-монголын найрамдал” нэртэй багш нь 2012 онд ангилалдаан тавдугаарт орж байснаан сая Идэрт гурвалсан жишээтэй. Орхон аймгийнхан сүүлийн үед монгол хэл бичгийн үйлсээр үлгэр жишээ ажилладаг болсныг Идэрийн эх хэлний олимпиад ийнхүү хөндлөнгөөс нь батлаад өгөв.
Орон даяар нэр сүр нь түгсэн ийм чадварлаг багш нарыг улмаа алдаршуулан бахдахад мэргэжил үйлс нэгтэн бидэнд ч таатай сайхан л байна. Гэвч дээр дурдсан шилдгүүд жил дараалан Идэрт нутгийн шувууд шиг ирж, эхний байруудыг “хуваах” нь наадамд оролцоогүй, оролцох гэж мэрийхгүй байгаа бусад олон аймгийн багш нарт нэгийг сануулж, хоёрыг мэдрүүлэн, жил ирэх бүр шинэ шинэ, шилдгийн шилдэг өрсөлдөөн гарахын нигуурыг даллаж байна бус уу. Тэд хэнээс ч бэргэхгүй, басхүү өөрсдийгөөн хэн бэ, өрөөлийн дунд хаахна явнав гэдгийг жишихийн учирт хоёр хутагтын нутагт, Идэрийн сайхан голдоон ирээд л байх хэрэгтэй. О. Сүнжидмаа багшийг барах хүн гарах болов уу хэмээн битүүхэн хэлцэж байтал өнгөрсөн жил Хөвсгөлийн Д. Доржпагма багш нас, туршлагын буурь зааж санаандгүй шахам түрүүлсэн. Өнөө жил ч Дундговийн аварга багш Д. Отгонсүрэн анх ирээд Идэр их мөрний хэшгийг хүртээд буцлаа.
Ер нь хамгийн сонирхолтой нь, Идэрийн наадмын тэргүүн дээд шагналыг яагаад ч юм бэ, манай эх орны өнцөг булан бүрт ажиллаж буй монгол хэл бичгийн мэргэжлийн аварга багш нар хэлэлцсэн юм шиг ээлж дараалан хүртээд л байгаа. Хошой аварга болсон багш хараахан гараагүй байна. Лав л шүүгч биднээс болдог зүйл энэ биш гэдгийг батлан нотолж чадна. Идэр мөрний хэшиг хүртэх л учиртай хүндээн ийнхүү үнэн мөнөөр хүрэхэд цугласан олон бултаар бахдаж, талархан баяр хүргэсээр их наадам жаргадаг, энэ жилийн аварга багш ирэх жилийн наадмыг нээж сэтгэлийнхээн үгэн сацлаар эхлүүлдэг сайхан уламжлал тогтсон бөлгөө.
Идэрийн эх хэлний наадам ийнхүү монгол даяарын, улсын чанартай томоохон наадмын агуулгаан улам бүр олж, хүрээ цараагаан тэлэн тэлсээр байнам.
Хоймор нутгийн баг дахин аварга болов
Бүх уралдаан тэмцээний дүн тодорхой болж, баярлах нь нулимсаан барьж эс дийлж, харамсах цөөн нь урт амьсгаа татсаны дараах агшинд Идэрийн олимпиадад багийн дүнгээр ямар сургууль тэргүүлэхийг хамгийн сүүлд шалгаруулдаг уламжлалтай. Энэ удаад Хөвсгөл аймгийн Галт сумын бүрэн дунд сургуулийн багш сурагчид хамтдаан аварга болж, “Үлэмж эгшиглэн” сангийн бас нэг сая төгрөгийг өвөрлөн харилаа. Ноднин жилийн наадамд бас Хөвсгөлийн баг түрүүлсэн билээ. Галт сум бол монгол бичгийн алдартай багш, хөдөлмөрийн баатар Т. Дашцэдэн агсны төрөлх нутаг нь. Идэрийн наадмын бэлтгэл болсон аймгийнхаан олимпиадад тэд Жаргалант сумнаа саяхан оролцож, тэргүүлээд буцсан сураг сонсогдсон. Галт багийнхан аймгийнхаан амжилтыг Идэрт ирж ийнхүү улсын хэмжээнийх болгон батлаад буцлаа.
Бүтэн жарнаар үндэсний бичиг соёлоон түгээж, монгол хүмүүн болохын, монгол хүмүүн байхын утга учрыг насан туршаан сэнхрүүлж гэгээрүүлж асан буурал багштаны “Монгол бичгээн гэж бодохоос үхмээргүй санагддаг” гэж ярьдгийн нь мөн ухааныг ус нутгийнхан нь ийнхүү өндөрт авч яваа нь сайхан хэрэг, сайн ч үйлс юм даа.
Таван наадмын гурван сургамж
Үүнийг бичигч бээр, сүүлийн таван жил дараалан АГТА Л. Лхагважав багшийн нэрэмжит, Идэрийн эх хэлний наадамдаан шүүгчийн нөр хариуцлагатай ажил үүргээр сэтгэл зүтгэл тавин оролцлоо. Тавын таван жилд ёс мэт тохиолдсон түгээмэл үзэгдлийг нь тус наадмын сургамж дүгнэлт болгон сануулж эрхбиш болох буй заа. Хэрэвзээ бидэнд шүүгчийн хувиар, анзаарсан зүйлээн наадмын оролцогч багш, хүүхдүүдэд дараа нь хэлж зөвлөж өгөх, алдаа оноогоон ил тод хуваалцах цаг зав гардаг сан болбол хэлмээр зүйл нэг биш байх бололтой.
Юун түрүүн, бага ангид, улсын бодлогоор монгол бичгээн заахыг болиулснаас анхан шатны багш нарын маань үндэсний бичгийн мэдлэг чадвар жил ирэх бүр доошилсоор байгаа нь ажиглагдлаа. Ингэлээ гээд бид олимпиадын даалгавартаан монгол бичгийнхээн агуулгыг багасгахгүй. Анхан шатны багш нарын шалгалтын ажлыг засаж байхад бүгд нэгэн хэвийн, бас жигд тааруухан гүйцэтгэл байх юм. Хичээл сурлага бол суралцагчийн гол зорилт, үндсэн ажил нь байхаас гадна заагч багш нь байнга хөгжигч байхын үндэс нь билээ. Бага ангидаан монгол бичиг заахгүй байгаа багшийн шавь нар дунд ангидаан ямархан дэвших нь учир шалтгааны холбоогоороон ойлгомжтой биз.
Түүнчлэн арваас дээш ахлах ангидаан монгол бичгээн үргэлжлүүлэн суралцахгүй байгаа сурагчдын бодит чадвар ч сулмагхан л байна. Идэрийнхээн наадамд ч яахав, тэд монгол бичгийн даалгавруудыг барагтай хийснээсээн болоод оноо, байр, шагнал, нэр хүндээн бусдад бэлэглэж болох. Харин элсэгчдийн ерөнхий шалгалт, цаашлаад төрийн албаны шалгалтад монгол бичгийнхээн мэдлэг чадварыг гол үзүүлэлт болгоод эхэлж буй өнөө үед энэ байдлыг өөрчилж, Говь-Алтай аймгийн тэргүүний багш Г. Чулуунцэцэгийн хэлсэнчлэн, үндэснийхээн бичгийг олон анги дамжуулан заадаг болбол сурагчид төдийгүй багш нарынх нь чадвар чансаа ч дагаад дээшилнэ.
Гурав дахь анхаармаар зүйл бол суралцагчдын сэтгэх чадварын төвшин юм. Хуульч Сандагийн тухай бичүүлэхээр даалгавар өгөхөд “Сандаг бол Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын тэргүүний хуульч хүн юм” гэж бичсэн ахлах ангийн хүүхдийн бичгийн ажлыг шүүгчид уншихдаан түс хийтэл инээд алдан, их ажлын зүдэргээнээс агшин зуур ч болов ангижирдаг нь нууж хаах зүйл биш. Гэвч бид үүнийг зөвхөн инээдмээр өнгөрүүлж боломгүй байх. Уран зохиолын хичээлийг чанаргүй заах, бусад хичээлийн хавсарга болгох, цагийг нь талах, үгүй хийх санаачилга гарган ард түмний “нүдэнд орсон хог” бологч яам тамгынхны ажлын үр дүн амьдрал дээр ингэж л балаг тарьж байна. Энэ бүхэн бол тохиолдлын зүйл биш юм. Тавын таван удаагийн олимпиадын сэтгэл эмзэглүүлсэн гурван сануулга нь ийм байлаа. Үүнийг бид шийдвэр гаргагч салбарын яамны зохих албан үүрэг хүлээсэн түшмэдээс нэг хүн ч болов уншиж мэдээсэй, залруулаасай гэсэндээн л зай талбай гаргаж буй юм.
Өмнө үгүүлсэн дээрээн нэмэхэд, энэ мэт учир дутагдалтай, засаж илаарь болгомоор зүйлүүдийг нь Идэрийн эх хэлний наадам жил тутам сануулж өгч, улсын хэл бичгийн бодлогод нөлөө нь тусч байвал энэ сайхан наадмын дөрөв дэх нэг үнэт зүйл болох нь дамжиггүй.
Эсэргэн жил Идэртээн эргэн уулзацгаая
Хойт он, хонин жилийн наадам холын холд үлдэж байна.
Гэвч, энэ жил чамлалттай санагдсан мөнгөн медалиан алтан болгохын төлөө адгаж хүлээх удаан өдрүүд өнөөдрөөс хорогдоод эхэлчихлээ шүү дээ.
Нэг л мэдэхэд Идэр мөрний өрмөн цагаан мөс рашаад элтэрч эмбрээд, эрэг хөвөөнд нь ангир галуу мэт тал талаасаан чуулна. Улам л олуулаан болоод ирцгээнэ. Өнөө жилийн найман аймгийн тоо арав үлээд, авдаг шагналын тоо хэмжээ арвидаад, улам ширүүн, улам шударгуу, бүр гүн гүнзгийгээр өрсөлдөх болно.
Тэр болтол, ижийнхээн сүүтэй хамт хөхөж өссөн эх хэлээн эзний ёсоор эзэмшиж, Идэрийн эх хэлний наадмын байнгын суурь болдог үндэснийхээн бичиг үсгийг бүр сайн, сайхан гэгч нь сурцгаагтун. Энэ л эрхэм зорилго, бүтэн жилээр хичээн гүйцээх гэрийн даалгавар биш үү.
Эх хэл минь бүтэн, бүхүй олны сэтгэл бүтэн, бие бүтэн, мөр бүтэн байг.
Идэр их мөрөн минү бүтэн бүрэн байг аа.
Тэгээд эсэргэн жил Идэртээн цэцгийн цоморлиг адил цуглацгааюу.
Б. ЭЛБЭГЗАЯА