11 тэрбумын батлан даалт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2014.06.06-нд нийтлэгдсэн

11 тэрбумын батлан даалт гаргажээ

Зээлийн батлан даалтын сангаас Нэгдсэн үндэстний байгууллага, Хөдөлмөрийн яамтай хамтран “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүгийн боломжийг нэмэгдүүлэхэд зээлийн даалтын үүрэг, оролцоо” сэдэвт уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, банк, санхүүгийн салбарынхнаас нийт 120 орчим төлөөлөгч оролцлоо.

Монгол Улсад одоогоор 55 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 44 мянга орчим нь жижиг, дунд үйлдвэр /ЖДҮ/- ийн чиглэлд хамаардаг.Өөрөөр хэлбэл нийт идэвхтэй ажиллагаатай аж ахуйн нэгжийн 82 хувь нь ЖДҮ-ийн салбарынх ажээ. Бизнесийн салбарыг өөд татахын тулд эдгээр ЖДҮ эрхлэгчдийг дэмжих хэрэгтэйд санал нэгддэг бөгөөд үүний нэг илрэл нь зээлийн батлан даалтын үйлчилгээ болохыг өнөөдрийн хурлын үеэр онцоллоо. ЖДҮ эрхлэгчид банкнаас зээл авахад зээлийн барьцаа хөрөнгө хангалтгүйгээс санхүүжилт авч чадахгүй байдаг. Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд ЖДҮ-ийн зориулалтын зээлд төрөөс 60 хүртэлх хувийн батлан даалт гаргаад нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нийт 169 аж ахуйн нэгж, иргэний 27 тэрбум төгрөгийн зээлд 11 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаад байгааг Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанхуяг хэлсэн юм.

Хурлын үеэр оролцогчид уг сангийн үйл ажиллагааг тэлэх, орон нутагт салбараа байгуулах, сангийн хөрөнгийг төрөөс нэмж өгөх хэрэгтэй талаарх санал гаргаж байсан. Үүнд албаныхан “Сангийн хөрөнгийн тухайд 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг санд нэмж тусгахаар болсон. Харин үйл ажиллагааг тэлэхийн хувьд одоо сан хүний нөөц хомс, ажиллаад нэг жил болж байна. Ойрын үед биш ч гэсэн дунд хугацаанд Зээлийн батлан даалтын сангийн салбарыг хөдөө орон нутагт байгуулах боломжтой” гэж хэлсэн юм.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж