Цалингаа нэмүүлэх тэмцлийн үр дүн

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Цалингаа нэмүүлэх тэмцлийн үр дүн

2010.03.26. Монголын үйлдвэрчний эвлэлээс Засгийн газрыг цалин, тэтгэвэр нэмэх талаар хэлэлцээр хийхийг санал болгож, хариуг дөрөвдүгээр сарын 26-ны өдөр өгөхийг шаардлаа.

2010.04.01. Багш нар цалингаа хоёр дахин нэмэхийг шаардаж жагсаал хийв. Жагсаалд 3 000 хүн оролцсон гэж мэдээллээ.

2010.04.08. Эмч нар цалингаа нэмэхийг шаардаж жагсаал хийлээ. Тэд Улсын драмын эрдмийн театраас Сүхбаатарын талбай хүртэл жагссан бөгөөд Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суухаар болов. Эмч нар шаардлагынхаа хариуг дөрөвдүгээр сарын 16-нд авна гэлээ.

2010.04.13. “Улаанбаатар төмөр зам”-ын ажилчид ирэх тавдугаар сарын 1 гэхэд цалинг нь 15 хувь нэмэхийг шаардаж хэвлэлийн бага хурал хийлээ.
Хаврын улс төрийн дуулиантай зэрэгцээд цалин нэмэх шаардлага хурцдаж байна. Хаврын хахирган өдөр жагсаал хийж, цалингаа нэмэхийг шаардаж байгаа эмч сувилагч бүсгүйчүүдийн хашгирааныг дарга нар сонссон уу үгүй юу гэдгийг мэдэхгүй. Дараалан болж байгаа цалин нэмэх шаардлагатай зэрэгцээд “С.Ганбаатар эмч, багш нарыг хаврын ээлжит синдромдоо хүч нэмэгдүүлэх гэж турхирч байна”, “Багш нар юу хийсэн гэж цалингаа нэмэхийг шаардаад байгаа юм бэ? Цалин ч гайгүй, хүүхдүүдтэй сайн ажилладаггүй , зунжингаа амардаг юм байж…” гэхчилэн цаашилбал өнөөгийн эмнэлгийн үйлчилгээ хийгээд төрийн албаны хахуулийг эмч багш нарын авдаг гэх чихрийн цуглуулга, гарын бэлэг тэргүүтнээр жиших мэт шүүмжлэл дагуулав. Цахилгаан дулааны үнэ гэхэд л 17,35 хувь, дулааны үнэ 14,5 хувь нэмэгдсэн байхад эмч багш, төсвийн байгууллагынхны цалин 2007 оноос хойш нэмэгдээгүй. Инфляци өдөр бүр нэмэгдэж байхад цалин нэмэгдэхгүй, амьдрах аргагүй болоод байна гэж тэд гомдоллож байна. Энд харамсалтай нь, инфляцийн хөлд адилхан л нэмэгдэж байгаа хувийн хэвшлийнхний тухай хөндөх гэсэнгүй. Харин дээр өгүүлсэн цалин нэмэх тэмцлийн эргэн тойронд гарч буй дүр зургийг тоймлон хүргэхийг оролдлоо.  
Цалин инфляцийн урвуу хамаарал
Уг ньинфляци өсөхийн хэрээр цалингаа нэмэх ёстой гэж бид шаарддаг. Монголд харин эсрэгээрээ. Инфляци өссөн ч цалин нэмэгдэхгүй. “Урвуу хамаарал гэх юм бол харин ч инфляци өсөхийн хэрээр цалинг чинь хасна шүү” гэж доог хийх вий дээ, эрх баригчид…  Арай ч ингэж хэлэх зүрх үгүй болохоор инфляци өсөөгүй шүү дээ гэж мэдэн будилна.
Монголбанкны тун удаан солигддог мэдээллээр бол өнгөрсөн оны өдийд инфляцийн хувь оны эхнийхтэй харьцуулахад 3,2 хувь өссөн, жилийнхээр 16,3 хувь байж. Үндэсний статистикийн хорооноос оны эхэнд инфляци 5,0 орчим хувь байна гэсэн. Харин Дэлхийн банкны хамгийн сүүлд гаргасан мэдээллээр өнөөдөр инфляци 8,7 хувь байна гэжээ. Оны эхний үетэй харьцуулахад 3,7 хувиар өссөн гэсэн үг. Цаасан дээр жижиг мөртлөө ойлгомжгүй харагдах энэ тоог бид түрийвчээрээ хэрхэн мэдэрч байгааг хэлэхэд л хангалттай. Угаас инфляци гэдэг тухайн улсын валютын худалдан авах чадвар ямар байгааг илэрхийлдэг хойно. Өөрөөр хэлбэл, энэ нь өмнө 100 төгрөгөөр худалдаж авдаг байсан зүйлийг өнөөдөр та хэдэн  төгрөгөөр худалдаж авч байна вэ гэдгийн л илэрхийлэл. Энд өргөн хэрэглээний барааны үнийг хэрхэн тодорхойлж ямар харьцаагаар инфляцийг тооцон гаргаж байна вэ гэдгийг ухаж үзвэл албаны тоонд ч итгэхэд хэцүү. Дээр хэлснээр бидний түрийвч л хамгийн үнэн “үг”-ийг хэлэх биз. Хамгийн наад захын жишээ хэлэхэд өнгөрсөн жилийн өдийд 3800-4200 төгрөг байсан махны үнэ өнөөдөр 5500 төгрөг болжээ. Дээр манайхны суурь үнэ болдог цахилгаан дулааны үнийг дурдсан. Ингээд бодохоор дунджаар 300 орчим мянган төгрөгний цалинтай хүний түрийвч ямар “үг” хэлэхийг таахад хэцүү биш. Хэрэглээг нарийн тодорхойлох хэцүү учраас цалин зарлагын талаар нэг тоог иш татья. Монгол Улсын өрхийн дундаж орлого 363,594 төгрөг, харин зарлага нь 367,466 төгрөг гэжээ. Энд цалингаасаа гаднах жилийн орлого нь 20 дахин өсдөг “буянтай” сайдуудын талаар өгүүлээгүй шүү. Бас орлого тодорхойлох боломжгүй хувийн хэвшлийнхэн хийгээд авлига авах “азтай” боломжтой нөхдийн тухай ч өгүүлэх гэсэнгүй. Энд бас хүмүүсийн орлогын 70 хувь нь цалин тэтгэвэр байдаг гэсэн нэгэн судалгааг бас давхар дайя.
 
Мөнгөгүйн зовлон уу?
Өлсгөлөнгийн зовлонг цатгалан нь ойлгодоггүй, цатгалдахын зовлонг өлсгөлөн нь ойлгодоггүй ч гэдэг. Багш нарын цалинг бага биш гэж байгаа хүмүүст цалингаа аваад өрөндөө тарааж, өсгий халзарсан гутлаа харан санаа алдаж суугаа багш бүсгүй хариулт өгнө биз. Багш нарын хамгийн доод цалин нь 229 мянган төгрөг, татвар шимтгэлийг хасаад 180-190 мянган төгрөг гар дээрээ, гэхдээ сардаа хоёр хувааж авдаг гэсэн хариултад “Дэвтэр засалт, анги удирдсан, олон жил ажилласны нэмэгдэл …” гээд л бас нэг асуулт сөргүүлж тавьж болно лс доо, хүсвэл… Харин 24:48 цагаар ажиллаад, хүнд өвчтэй нярайн судсыг олж ядан зүдэрч суугаа сувилагч бүсгүй сарын цалин 100 гаруй мянган төгрөг авчихаад эх орны хишиг 70 мянган төгрөгөө тоолон авч байгаа  нэгэнд атаархаж байгааг буруутгах арга алга. Хүн болгонд 70 мянга цаашилбал 500 мянган төгрөг өгнө гэчихээд хүний амь насыг хариуцан ажиллаж байгаа эмч сувилагч нарын цалинг яагаад нэмж болохгүй гэж ?
“Цалин нэм” гэж хоолой мэдэн бархирч байгаа бүсгүйчүүд голдуу эрүүл мэндийн салбарынхныг саарал ордны цонхоор “Даварч байгаа юм шүү, эд нар. Хэн эднийг турхираад байна?”  гэж зэвүүцэн шивнэхийг, цалин нэмэх боломж үнэхээр байхгүй шүү дээ гэж халаглангаа хэдэн тэрбумыг хааш нь зарцуулах гэж байгаагаа орой нь телевизээр танилцуулж суухыг харахад хэцүү л байна, “хонгорууд, аа”.  Цалин нэмэх юм бол инфляци дахиад л өснө шүү дээ гэж нэг “амаараа” учирлангаа, 1,5 сая төгрөгийн хөтөлбөрөө тунхаглахдаа эдийн засаг мэдэхээ байчихдаг, хууль тогтоогчид, гүйцэтгэх засаглалтай улс л даа, манайх.
Улс төрийн амлалт биелүүлэх нэг хэрэг. Гэхдээ л аливаа бодлого алхам бүр эдийн засгийн үр дагаврыг тооцоолох, тооцоо судалгаан дээр үндэслэх ёстой гэдгийг сануулах юун. Харин төсвийн байгууллагын ажилтнууд, ялангуяа эмч багш нарын цалин  гэдэг харин ямар ч тооцоо судалгааны үндэслэлээс ангид байдаг зүйл юм болов уу гэж гайхмаар л юм байна лээ. Хийж байгаа ажил үйлчилгээ, чанар үр дүн түүнийг тооцох үнэлэмж, амьжиргааны байдал, инфляци зэрэгтэй огт “харьцдаггүй” цалин гэмээр. Олон жилийн “туршлага”-аас харвал эмч, багш нарын энэ удаагийн тэмцэл нэг их үр дүнд хүрэхгүй л болов уу. Ялангуяа цалингаа хоёр дахин нэмэгдүүлнэ гэдэг нь. Их л сайндаа шат дараатайгаар цалин нэмэх боломжийг харж үзье гэсэн хариулт хэлэх болов уу даа, төсөв аль хэдийнэ төлөвлөгдсөн байгаа болохоор. УИХ-ын гишүүдэд тэрбум төгрөг төсөвлөж болдог, бас сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд ямар ч “гарц” олж чаддаг ч төсвийн байгууллагын цалин, ялангуяа дарга нарын бус эмч, багш нарын цалингийн асуудлыг шийдэхэд нарийн “процедур”-тай улс л даа, манайх. Цалин нэмэх тэмцэл цаашид ч үргэлжлэн, үйл явц ч өрнөх биз.   
Гэхдээ эцсийн эцэст энэ Монгол Улсад эдийн засгийн бодлого гээч зүйл байна уу гэдгийг дахиад л асуумаар байна.

А.Алтантуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж