“Суварга хайрхан”-ы тахилга энэ сарын 13-нд тохионо

Хуучирсан мэдээ: 2014.06.06-нд нийтлэгдсэн

“Суварга хайрхан”-ы тахилга энэ сарын 13-нд тохионо

Төрийн тахилгат “Суварга хайрхан”- ы  тэнгэрийг тайх тахилгыг энэ сарын 13-нд үйлдэнэ.

Тахилгын ёслолд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төрийн төлөөлөлүүд,  VIII Зая гэгээн Лувсанданзанпүлжинжигмэд тэргүүтэй шашны тэргүүнүүд хүрэлцэн ирэх юм.

Тахилгын бэлтгэл ажлыг хангах үүднээс зохион байгуулагчид Зая гэгээнээр ахлуулсан шашны зүтгэлтнүүд, аймаг сумдын удирдлага, ахмад судлаачид, ард иргэдийн төлөөлөлийг  оролцуулан хэлэлцүүлэг хийж дараах зүйлсийг нарийн тогтжээ.

1.  Суварга хайрхан уулыг хаанаас тахих нь зөв бэ?

/ хуучин уламжлалаар тахиж байсан “Тахьдаг овоо” гэж байдаг ба Цэнхэрийн голд оршдог. /

2.  Тахилгын ёслолд унших ном, судар

/ Суварга хайрханы тахилгын судар /

3.  Наадмыг хэр өргөн хүрээнд хийх

/ Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан журамтай, ёсондоо төрийн тэргүүн болоод шашны зүгээс ёслол үйлдээд өндөрлөх номтой юм. /

Гэвч тахилга үйлдэж байгаа учир  уул усаа, хүн ардаа цэнгүүлэн нэг насны морьд уралдуулж, хүүхдийн барилдаан зохион байгуулна.

Хязаалан насны морь уралдах ба  Хязаалан бол дээд гурван насаа төдийгүй доод гурван насаа төлөөлдөг учир ийнхүү сонгож авсан.

18 нас хүртэлх хүүхдийн барилдааныг зохион байгуулна хэмээн “Суварга хайрхан”-ыг тахих ажлын хэсгийн нарийн бичиг Б.Лхагвасүрэн мэдээллээ.

 

Суврага хайрхан уул

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Суврага хайрхан уул нь далайн түвшнээс дээш 3117 метр өргөгдсөн, Хангайн уулархаг мужид багтах уул юм.

Суврага хайрхан уул нь хормойгоороо ой модоор хучигдсан, нүцгэн оройтой, ноён оргилоосоо доохно, уулын энгэр талдаа тунгалаг нууртай, завилаад сууж буй хүн шиг сонин тогтоц бүхий уул юм. Нутаг усныхан болон ойр орчмын хүмүүс энэ уулыг эртнээс тахин шүтэж, эр хүн жил бүр ууланд гарч хийморио сэргээдэг эртний уламжлалтай юм.

Энэхүү хайрханы энгэрт буй нуурыг сүүгээр сүлэх юм бол Монгол улсын заяа буян тэгширч  зон олны буян заяа нь дэлгэрч хүссэн бүхэн сэтгэлчлэн бүтэж эд агуурсын гачигдах зовлонгоос мөнхөд ангижрах түүхтэй юм гэдэг.

Архангай аймгийн Цэнхэр, Бат цэнгэл, Булган ,Эрдэнэ мандал  сумын иргэд сүүгээ ганзаглан зуны эхэн сараас намрын адаг сар хүртэл Хайрхандаа гарч, нуурандаа сүүгээ өргөж хийморь сүлдээ даатгасаар ирсэн. 2007 онд ерөнхийлөгчийн зарлигаар Суварга хайрхан уулыг төрийн тахилгат уул болгосон юм

Суврага хайрханы урд элэгнээс Орхон, араас нь Урд Тамир, зүүн суганаас нь Цэцэрлэгийн голууд эх авдаг, Хангайн нурууны усны гол хагалбар газар юм.

Суврага хайрхан уулсын салбар уулсын нутагт амьдарч байгаа зон олон идээ, малаар элбэг, дэлбэг, ус голоор хэзээ ч гачигдахгүй, элдэв өвчин, ган, зуд, байгалийн аюулт гамшиггүй, энх тунх, элбэг хангалуун амьдарч байх хувь тавилантай юм гэнэ билээ хэмээн нутгийнхан ярьдаг, хойч үедээ захидаг юм.

Байгалийн тогтоц

Суврага хайрхан уулнаас салбарласан өвөр талдаа Боржин хад, Байц цохио, Нүцгэн орой, хүнх, хуниас бүхий Солбидог, Жимгэр, Хошгот, Тонгорогийн их, Бор, Цагаан өргөө зэрэг олон сүрлэг нугууд салбарладаг бөгөөд эдгээр уулсаас Тонгоргийн гол, Хошготын гол, Жимгэрийн гол, Хөрвөөлгийн гол, Өлзий Тээлийн гол зэрэг түргэн урсгалтай, үхэр чулуутай бэсрэгхэн голууд гол төлөв их ганга, анаг хавцал дундуур боргио үүсгэн урсч Орхон голын эх сав газрыг бүрдүүлдэг ба Улаан цутгалан хэмээх хүрхрээг үүсгэн Өвөрхангай, Булган, Сэлэнгэ аймгийн олон ард иргэдийг ундаалж, амьдрах усны эх болдог байна.

Мөн баруун талдаа Манхан, Ямбилэг, Чирэнгэт, Нөрөөт, Бугат, Согоот, Баян өндөр, Үйзэн бүрхээр, Хашаат, Шарт, Намшир, Буурал цагаан дунгол, Чил, Байшинт, Хонгор хана, Шар булуу, Шар тээг гээд олон сайхан сүрлэг уулс урт нуруунууд залган салбарладаг юм.

Эдгээр уулсаас Ширдэгийн гол, Шартын гол, Нарийн хамрын гол, Ямбилэгийн гол, Гялааны гол, Цагаан сүм, Могойн гол зэрэг голууд эх аван урсч Цэцэрлэг, Цэнхэрийн голуудыг бүрдүүлэн Архангай, Батцэнгэл, Хотонт, Өгийнуур, сумын зон олныг ундаалдаг голын эх болж Тамирын голтой нийлж Орхон голд цутгадаг юм.

 
Үргэлжлэлийг www.budda.mn-с уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж