Сүүлийн үед ТӨХ-г татан буулгах хуулийн төслийг нууцаар боловсруулж байна гэсэн мэдээлэл гараад буй. Үүнтэй холбогдуулан хуулийн төслийн цаана маш том ашиг сонирхлын зөрчил байж магадгүй гэсэн хардлагыг ч олон хүн хэлж байна. Тиймээс энэхүү мэдээлэлтэй холбогдуулан ажлын хэсэгт нь ажиллаж буй зарим гишүүнээс тодруулга авах гэсэн боловч боломжгүй гэсэн хариултыг өгсөн юм. Жишээ нь тус ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн Д.Зоригт туслахаараа дамжуулан “Төрийн өмчийн тухай хуулийн төслийг дөнгөж боловсруулж, гол концепцээ гаргаад байгаа. Улмаар Засгийн газар зэрэг холбогдох байгууллагуудаас санал авна. Тиймээс тодруулга өгөх боломжгүй” гэсэн хариултыг өгсөн юм. Тэгвэл Монгол Улсад ТӨХ хэрэгтэй юу, цаашид төр өөрийн өмчийн асуудалд хэрхэн хандах ёстой вэ гэсэн асуудалд УИХ-ын гишүүн Су.Батболдоос байр суурийг нь сонслоо.
-Төрийн өмчийн хороог татан буулгах тухай хуулийн төслийг боловсруулж, удахгүй хэлэлцүүлэх гэж байгаа гэсэн. Төрийн өмчийн хороог ингэж татан буулгах шаардлагатай юу. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Эдийн засагт төрийн оролцоог багасгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ тэглээ гээд төр огт өмчгүй байх ч юм уу, төрийн өмчийн нэг ч зүйл байхгүй гэх үүднээс хандаж байгаа юм биш. Хувийн хэвшлийг ажиллахад нь төр оролцдоггүй байх хэрэгтэй. Хувийн хэвшлийн хийж чадах ажлыг төр хийдэггүй байх ёстой. Энэ зарчмаар л явах ёстой. Хэрвээ яг энэ утгаар нь харж байгаа бол ТӨХ-ны хэрэг байхгүй. Харин ТӨХ-г татан буулгаад, төрийн өмчийг улам эзэнгүйдүүлээд, хувааж идэх боломжийг нь гаргаж байгаа бол үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
-Ерөнхийдөө төрийн өмчит компаниудыг корпорацийн хэлбэрт оруулах зохицуулалт яригдаж байгаа юм шиг байна лээ?
-Төрийн өмчтэй нэг их олон компани байхгүй шүү дээ. Сүүлийн үед байгуулагдсан гэвэл "Эрдэнэс МГЛ", хуучных гэвэл УБТЗ, "Эрдэнэт" гэх мэтчилэн цөөн хэдхэн компани бий. Энэ компаниудын хувьд нэг их асуудалгүй л байх. Гэхдээ шинэ Засгийн газар байгуулагдаад маш олон төрийн өмчтэй компани байгуулж байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Ажлуудаа гэрээ, түрээсээр хийлгэх хэрэгтэй. Хувийн компаниудаар хийлгэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр шинэ Засгийн газар бүх юмыг төр хийнэ, төр оролцоно гэсэн байдлаар хандаад байгаа. Төр хийдэг юмаа хийх хэрэгтэй. Хувийн хэвшил хийх гэж байгаа зүйлийг төр хийх гээд, хөндлөнгөөс оролцож, дайрдаг байдлаа зогсоох ёстой.
-Төрийн өмчит компаниудыг тухайн чиглэл, чиглэлийн яамдад нь хуваарилна гэж байгаа?
-Бодлогын яам аж ахуйн ажилд оролцоод эхэлбэл, бидний 20 жил явж байсан зарчим маань алдагдана. Тэрний оронд нэг газар бөөгнүүлээд, тэр нь төрийн өмчөө тоолдог, бүртгэдэг байх нь чухал. Ер нь цаашдаа олон төрийн өмчийн компанитай байдгийг л болих хэрэгтэй.
-Ер нь төрийн өмч дээрээ Засгийн газар, төр засаг ямар бодлого баримтлах хэрэгтэй вэ?
-Төр өмчтэй байх нь ойлгомжтой. Байшин савтай, ширээ, сандалтай байх хэрэгтэй шүү дээ. Томоохон ордууд дээр хувьцаа эзэмших гэх зэрэг асуудал байж болно. Ер нь бол төрийн эзэмшил нэрийн дор хувааж иддэг байдлыг л алга болгох хэрэгтэй. Жишээлбэл, бид Оюутолгойн 34 хувийг эзэмшиж байна. Энэ ард түмэнд сайхан сонсогдож байгаа ч тэр 34 хувьд зарцуулж байгаа хөрөнгө, мөнгө нь тэрнээс ч их болчихоод байгаа шүү дээ. Төр авах ёстой юмаа л авдаг байх хэрэгтэй. Татвараа хамгийн дээд зэргээр, сайн авч чаддаг байх хэрэгтэй. Энэ талаараа бол төрийн оролцооны асуудал чухал. Гэтэл төр үүнийгээ хийхгүйгээр хувь эзэмшиж байна гэсэн байдлаар хандах нь нэг ч төгрөгийн ашиггүй байдалд хүргэж байгаа юм.
С.Санчир
Эх сурвалж: www.eagle.mn