
2011 оны нэгдсэн төсвийг УИХ-аар батлах үед дээрх бондуудыг тус бүр суулгаж өгсөн тул ямар нэг асуудал байхгүй гэж Сангийн сайд С.Баярцогт танилцуулгын үеэр онцолсон юм. Харин хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Н.Ганбямба “Засгийн газраас хэрэгцээтэй зүйлд бонд гаргадаг баймаар байна. Сүүлийн үед юм бүхэнд бонд гаргах боллоо” гэв. Дээрх шүүмжлэлд Сангийн сайд дараах хариулт өглөө. Тэрбээр “Н.Ганбямба гишүүний хувьд бүх зүйл дээр шүүмжлэлтэй ханддаг. Гэхдээ өөрт нь хандаж шүүмжлэлтэй хандахаас аргагүй нь. Улсын нэгдсэн төсвийг бид батлахдаа 9,9 хувийн алдагдалтай баталсан. Үүнээс эх үүсвэргүй алдагдал нь 55.5 тэрбум төгрөг байсан учраас Засгийн газраас бонд гаргана гэж зааж өгсөн. Орон сууцны зориулалтаар гаргах бондын хувьд ч адилхан. Энэ дагуу оруулж ирсэн асуудлыг мэдэн будилж болохгүй” гэсэн юм.