Жонн Кеннедигийн амь насанд халдаагүй байсан бол Мерлин Монро тэдний хоорондох амрагийн харьцаа АНУ-ын ерөнхийлөгчийн улс төрийн карьерт цэг тавих байжээ. Холливудын шаргал үст, жүжигчин бүсгүйн үхлээс хойш тавь гаруй жил өнгөрсөн ч түүний нууцлаг үхэлтэй холбоотой ярианууд дууссангүй.
Түүний үхлийг хэвлэлүүд амиа хорлолт, нойрсуулах эм тунг нь хэтрүүлэн хэрэглэсэн гэж янз бүрээр тайлбарлаж, мөн АНУ-ын ерөнхийлөгч агсан Жон Кеннеди, түүний дүү Роберт Кеннеди нартай янаг амрагийн харьцаатай байсан нь түүний амийг авч одсон гэх таамаглал байсан ч саяхныг болтол нотлогдох боломжгүй байсан юм.
Шуугиант баримт
Гэвч Монрогийн үхлийн талаар олон жил судалсан Жэй Марголис, Нью Йорк Таймс сонины сэтгүүлч Ричард Баскин нарын эрэн сурвалжлах сэтгүүлчид “Мэрилин Монрогийн үхэл: Хэрэг хаагдав” номонд Холливудын шаргал үст жүжигчин бүсгүйн үхэл захиалгат аллага байсан талаар шуугиан дэгдээсэн баримт дэлгэжээ. Номонд Мэрилин Монрогийн амраг байсан Роберт Кеннеди (АНУ-ын ерөнхийлөгчийн дүү) түүнийг ерөнхийлөгчийн нууц явдлыг олонд дэлгэх вий гэсэндээ түүнийг нойрсуулах эм хэрэглэсэн болгож, түүнд үхлийн тариа тарьсан гэжээ. “Ах дүү Кеннеди түүгээр яг л бөмбөг шиг тоглосон” гэж Кеннедийн хүргэн байсан Петер Лоуфорд хожим үүнийг баталсан аж.
Мэрилин Монро Кеннедийнхэний талаар их зүйл мэддэг байсан бөгөөд бүгдийг илчилнэ гэж тэднийг сүрдүүлжээ. Мэрилин Монрод улаан тэмдэглэлийн дэвтэр байсан бөгөөд тэмдэглэлдээ тэр бүгдийг бичдэг байжээ. “Мэрилин Монрогийн үхэл: Хэрэг хаагдав” номонд бичсэнээр аллагыг Роберт Кеннеди найруулсан боловч өөрөө гардан гүйцэтгэж зүрхлээгүй аж. Энэ хэрэгт Кеннедийн хүргэн Петер Лоуфорд, Монрогийн хувийн эмч Ральф Грийнсон нар оролцжээ. Роберт Кеннеди Мэрилин Монро нарын нууц амрагийн явдал 1962 онд ерөнхийлөгч Жон Кеннеди өөр рүү нь зогсоо зайгүй залгадаг байсан Мэрилин Монрог “аргадуулахаар” түүнийг явуулснаар эхэлсэн гэдэг. АНУ-ын ерөнхийлөгчид эхнэрээсээ салж, дэлгэцийн одтой гэрлэх бодол мэдээж байгаагүй билээ. Гэвч “аргадах” гэж очсон Роберт түүнд унаж тусч, эхнэрээсээ салж, өөртэй нь гэрлэнэ гэж амлажээ. Мэрилин ч ерөнхийлөгчийн дүүд галзууртлаа дурлаж, Цагаан ордон руу биш, Ерөнхий прокурор руу байнга утас цохих болжээ. Гэвч Бобби (Роберт Кеннеди) түүнээс нүүрээ буруулах болсон нь Мэрилинийг хэн ч биш болгосон бөгөөд тэрээр хэвлэлийн хурал дээр Кеннедийнхэний нууцыг дэлгэнэ гэж сүрдүүлсэн аж. Бобби тэр үед ямар ч үнээр хамаагүй шаргал үст амрагаа дуугүй болгохыг хүсчээ.
Аллага
1962 оны наймдугаар сарын 4-ний орой Бобби Брентвуд дэх Монрогийн гэрт Петер Лоуфордын хамт зочилжээ. Бобби Мэрилин хоёр маргалдах үед тэрээр галзуу солиотой мэт уурлан, хашгирч, бүгдийг илчилнэ хэмээн сүрдүүлсэн аж.
Тэр орой Бобби Мэрилиний гэрээс гарч яваад, удалгүй хоёр бие хамгаалагчтай буцаж ирснийг хөршүүдийн мэдүүлэг баталдаг. Хоёр хамгаалагчийн нэг нь Мэрилинд пентобарбитал (үхлийн тариа) тарьж байх үед Бобби, Петер хоёр түүний улаан тэмдэглэлийн дэвтрийг хайж байсан гэдэг. Тэд оройн 10 цагийн үед Монрогийн гэрээс гарч явсан бөгөөд тэднийг явснаас хойш гэрийн үйлчлэгч Мэрилиний орон дээр ухаангүй хэвтэж байхыг олж мэдээд, түргэн тусламж дууджээ. Түргэн тусламж шөнө дунд очиход Мэрилин амьсгаатай үгүйтэй байсан бөгөөд бөөлжсөн шинж тэмдэг олоогүй түргэн тусламжийн эмч Мэрилин Монрог амиа хорлох гээгүй гэдгийг баталдаг. Түргэний эмчийн сүүлд мэдүүлснээр Мэрилин ямар ч хөнжил нөмрөөгүй, хувцасгүй чармай нүцгэн хэвтэж байжээ. Эмч түүнд амьсгалын аппарат залгах үед Мэрилин Монро амьсгалж эхэлсэн байна. Түргэний эмч түүнийг эмнэлэгт аваачих гэсэн боловч эмч нь татгалзаж, түүнд ямар нэгэн тариа хийсэн гэдэг. Гэвч Мэрилин Монрод тарьсан тэр зүйл түүний сүүлчийн амьсгалыг тасалсныг түргэний хоёр эмч гэрчилсэн билээ. Ральф Грийнсон Мэрилин Монрогийн хувьд хувийн эмч төдийгүй түүний амраг байжээ. Харин хөөрхий бүсгүйг дуугүй болгохыг Бобби түүнд даалгасан аж. Монрогийн үхэлд эргэлзээтэй олон зүйл байсан ч Прокурор Роберт Кеннедитэй шөргөөцөлдөхийг хүсээгүй Лос Анжелесийн Цагдаагийн дарга байсан Уильям Паркер хэрэгт нэмэлт мөрдлөг явуулаагүй юм. Аллагын захиалагч нь АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди, түүний дүү Ерөнхий прокурор Роберт Кеннеди нар байсан учраас зөвхөн тэднийг үгүй болсны дараа л гэрчүүд дуугарч эхэлсэн ажээ.
Азгүй од
Мэрилин Монрогийн эх нь кино механикч байсан бөгөөд эцэг нь хэн байсныг хэзээ ч мэдэж чадаагүй юм. Амрамжийн газруудад өссөн Мэрилин Монро Норма Жин нэртэй байсан бөгөөд Холливудад хөл тавьж, “20th Century-Fox”-той гэрээ байгуулахдаа өөрийгөө эмэг эхийнхээ нэрээр Мэрилин Монро хэмээн нэрлэх болжээ. Мэрилин Монро камерын өмнө ямар байх ёстойг сайн мэддэг байсан бөгөөд түүний гэнэн хонгор зан, үзэсгэлэнтэй төрх, шаргал үс Холливудын найруулагч, зураглаачдад яг хэрэгтэй зүйл нь байсан юм. Мэрилин Монрог шүүмжлэгчид жүжиглэх авьяасгүй, хөөрхөн царайнаас цаашгүй гэдэг байсан ч тэрээр киноноос кинонд сайжирч, хөөрхөнөөс илүү гэдгээ харуулах гэж хичээж байсан гэдэг. Түүний сүүлд тоглосон “Some Like It Hot”, “Let’s Make Love”, “The Misfits” зэрэг кинонуудыг нь шүүмжлэгчид үнэлдэг. Холливудын “секс бэлэг тэмдэг” гэгдэж байсан Мэрилин Монрогийн карьер гялалзсан амжилтаар дүүрэн байсан ч хувийн амьдрал нь аз жаргалтай байсангүй. Мэрилин Монро гурван удаа гэрлэсэн ч бүтэлгүйтлээр дуусчээ. Гоо үзэсгэлэнтэй ч сул дорой, хөөрхий бүсгүй өөрийг нь жинхэнээр хайрлах хүнийг хайж байсан юм. Гэвч тэрээр амьдрах хүсэл, алиа хошин зангаа хэзээ ч гээгээгүй гэдэг.
Н.ЭНХТУЯА
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №064