Санхүүгийн өршөөлөөр хөрөнгө босгоё

Хуучирсан мэдээ: 2014.06.06-нд нийтлэгдсэн

Санхүүгийн өршөөлөөр хөрөнгө босгоё

Эдийн засаг нэг салбараас хэт хамааралтай байх нь эргээд өвчин тусах магадлал ихтэйг уул уурхайн салбарын уналтууд харуулж байна.  Чухамдаа   бол “Голланд өвчин” тусах нь  байна шүү гэж анхааруулах нь илүүц болсон. Учир нь аль хэдийн энэ өвчний хам шинжүүд нь илэрч, Монгол Улс доголон эдийн засагтай хол явахгүй гэдэг нь тодорхой болов.  Дэлхийн зах болон дотоодын хууль тогтоожийн алдаанаас үүдэлтэй үргэлжилсэн уналтууд эдийн засгийг солонгоруулах тухай яриагаа ажил хэрэг болгоход яаравчлахыг сануулж буй. Нэг ёсны анхааруулга ч гэж хэлж болно. Доголон эдийн засгаас долоон өнгөөр солонгорсон эдийн засгаа хөгжүүлэх бодлоготой зэрэгцээд санхүүгийн системээ тунгалагшуулах нь цаашдаа энэ салбар өргөжин тэлэх, хөгжин томроход,бизнесийн орчинд шударга өрсөлдөөнийг бий болгож, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх томоохон дэмжлэг болох нь гарцаагүй. 

Хоёр жилийн өмнөөс эхэлсэн санхүүгийн системээ цогцоор нь шинэчлэх, үүний тулд эдийн засгийн “гэмт хэрэгтнүүд”-эд, баялаг бүтээгчдэд боломж олгох, ингэснээр гудсан дор нуугдсан хэдэн их наядыг ил болгох  асуудал хүчтэй хөндөгдөж эхэлсэн.  Ялангуяа сүүлийн үед эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан  Санхүүгийн өршөөлийн хуулийг батлах цаг үеийн хүлээлт үүсээд байна. 

Өршөөлийн чимээтэй зэрэгцээд энэ хуулийг зөвхөн авлигач, хулгайч, хумслагч, эдийн засгийн гэмт хэрэгтнүүдэд зориулж байна гэх өрөөсгөл PR явагдах шинжтэй. Тэгвэл санхүүгийн өршөөлийг үзүүлэх гол зорилго нь  татварын хоёр тайлан гаргадаг, далд нуусан их хөрөнгийг л ил болгох, цаашлаад эдийн засгийг тунгалагшуулахад чиглэгдэж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, Монголд маш олон компани, хувь хүн тайлангаа буруу гаргадаг, хөрөнгөө татвараас нуудаг, энэ нь эргээд эрүүгийн хэрэг болж хувирдаг, нөгөө талаар томорч, хөгжихөд нь саад болсоор ирсэн учраас санхүүгийн өршөөлийн хуульд том жижиггүй хамруулж, нэг гараанаас уралдаанд оролцох боломжийг бүрдүүлэх зорилготой хууль гэж хэлж болно. 2008 онд батлагдаж зургаан сарын хугацаатай хэрэгжиж дууссан Татварын өршөөлийн хуулиар гудсан нуусан  дөрвөн тэрбум ам.доллар буюу тэр үеийн ханшаар 5.7 их наяд төгрөг эдийн засгийн эргэлтэд орсон гэдэг. Тухай үед өршөөлд хамрагдаж, боломжийг ашиглаж чадсан 2000 аж ахуйн нэгж өнөөдөр Монголдоо томоохон тооцогдох хөрөнгөтэй болж чадсан гэдгийг ч эдийн засагчид онцолдог. Тэгвэл энэ удаагийн өршөөлөөр хичнээни их наядыг олохыг хэн мэдлээ.  Өнөөдөр захын нэгэн машины наймаачны гудсан дор гэхэд татвараас нуугдсан хэдэн арван сая доллар нуугдаж байх нь энгийн үзэгдэл болсон. Цайны газар, жижиг буудал ажлуулдаг хүмүүсийн халаасанд хэдэн арван тэрбум төгрөг бий. Үүнийг л өршөөлөөр ил болгох гэсэн арга.

 Түүнчлэн хичнээн компани НӨАТ-ын 10 саяын босгод  багтахын тулд тайлангаа хоёр гаргаж, түүнээсээ болоод татварын байцаагчдын “саалийн үнээ” болж хувирсаныг хэлэхэд бэрхтэй. Яагаад өнөөдөр  татварын нэг даргын халааснаас сая, сая доллар илрэхэд хүрэв. Яагаад төсвийн цалингаар амь зуудаг татварын байцаагчид хэдэн зуун саяын тансаг хасусанд амьдарч, бандгар жип унах болов. Шалтгаан нь ойлгомжтой, далд эдийн засагт эргэлдэж байгаа хэдэн зуун тэрбумын хөрөнгө төрийн нэрээр амьдарч буй албан хаагчдын угж нь болчихсон болохоор тэр юм. Тиймээс л эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийгдэхээр төлөвлөгдсөн нэг ажил бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг  УИХ-д өргөн мэдүүлэх явдал.  Ингэснээр далд байгаа хэдэн их наядаар мөнгөний хомсдолд орчихоод байгаа эдийн засгаа угжих бололцоо бий болно гэж эдийн засгийн хүрээнийхэн дүгнэж байна. 

 Айлаас гуйхаар авдраа уудал гэгчээр иргэдийн гудсан дор нуусан их мөнгийг ил болгох нь  хэн хэндээ ашигтай.  Хөрөнгө оруулаач, мөнгө зээлээч гэж бусдыг царайчилж байхаар авдраа уудлаад үзэхэд алдах юм байхгүй. Тэгээд ч хөрөнгө оруулалтын байдал сайжрахгүй, Монгол руу хөрөнгө оруулах сонирхол буурсан тохиолдолд салхи эргэлтэл гудсан нуусан мөнгөөрөө  эдийн засгаа тэлж яагаад болохгүй гэж. Нөгөө талаар гудсан доор нуусан хөрөнгийг нь хэн нэгэн татварын байцаагч харчих вий гэж бизнесийнхэн маань айх, шаналахын зовлонг амсахгүй болно. Туулын мөсийг долоох шахаж олсон мөнгийг нь татварынхны гарт орж, шоронд хатах уу, авлига өгөх үү гэж арга ядсан сонголт хийх хэрэггүй болно. Өнөөдөр НӨАТ-ын хуулийн гажуудлаас болж 2000 хүн  баялаг бүтээгч шоронгийн хаалга татахад хүрээд байгаа шалтгаан нь манай санхүүгийн систем тэр чигээрээ бохирдсонтой холбоотой.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг авлигач, хулгайчдад зориулсан хууль болох нь хэмээн эсэргүүцэгчид ч бий.  Шударгаар хөдөлмөрлөж, шударгаар хөлжсөн хүмүүст хуваарилалт нь шог мэт  санагдаж болох ч нэг удаадаа гэмтнүүдэд боломж олгосноороо бид нэг сумаар хоёр туулай буудаж чадах бус уу. Гадаадын офшор бүсэд хөрөнгөө хадгалсан олон хүн Монголд бий. Тэдний нуусан мөнгөөр эдийн засагт хөрөнгө оруулахад яагаад болохгүй гэж.

УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэгийг нас барах үед Швейцарийн банкинд Монголын хөрөнгө цоожлогдлоо, гадныхны хоол боллоо гэсэн дуулиан дэгдэж байсан.  Швейцарийн банкинд хадгалагдаж байсан тэр их хөрөнгийг Монголд авч ирсэн эсэхийг мэдэхгүй ч тийм асуудал үүссэн тохиолдолд монголчууд харин ч хөрөнгөөрөө хохироод үлдэх бус уу.  Муу ёрлож байгаа ч юм биш хаа нэгтээ офшор бүсэд нуусан монголчуудын хөрөнгө тэр чигтээ үлдэхгүй гэх баталгаа байхгүй. Яагаад гэвэл амьдрал хуурамч учраас. Тэгэхээр эдийн засаг үйлдвэрлэгчид, эдийн засгийн гэмт хэрэгтэн хоёуланд нь өршөөл үзүүлэх хамгийн гол зорилго нь эдийн засгаа тунгалагшуулахад оршиж буй гэдгийг хэлэх нь зөв биз ээ. Эдийн засаг нь тунгалаг төр мөнгөтэй, хүчтэй байх нь гарцаагүй. Иймээс л өршөөл үзүүлье. Тунгалаг эдийн засагт өрсөлдөөн нь шударга, үнэ нь бас хөөсгүй байх болов уу.

 

Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж