ҮХААС-д Б.Мөнхтуяаг дэвшүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.06.06-нд нийтлэгдсэн

ҮХААС-д Б.Мөнхтуяаг дэвшүүлжээ

Эх сурвалжаас авсан мэдээллээр Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяагийн нэрийг санал болгожээ. Түүний нэрийг УИХ-ын гишүүн Х.Баттулга санал болгосон гэх мэдээлэл байна.

УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа нь МоАХ фракцид харьяалагддаг төдийгүй 2004-2008 онд УИХ-ын гишүүн,  2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Дархан-Уул аймагт нэр дэвшсэн ч парламентын гишүүнээр сонгогдож чадаагүй. Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулгыг сайдын албанаас чөлөөлөгдсөний дараа Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад МоАХ-наас хэнийг нэр дэвшүүлбэл зохимжтой талаар яриа өрнөхөд УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяагийн нэр яригджээ. Х.Баттулга гишүүн анх түүний нэрийг санал болгосон юм байна. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг буцаасан тухай дуулдаж байна. Үүний дараа Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн аж.

Харин Ерөнхийлөгч түүнийг сайдын албанд томилохоос татгалзсан тухай хэвлэлүүд онцолж буй. Энэ нь үндэслэлтэй байх магадлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгч өмнө нь Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан, УИХ уг хуулийн төслийг хэлэлцсэн ч батлах шатанд унагаж, буцааж байсан юм. Хуулийн төсөлд Засгийн газрын танхимын сайд нараас зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болно, бусад сайдуудыг гаднаас томилдог байх, мөн хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны долдугаар сарын 1 байхаар заасан байсан юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж