Б.Анхбаяр: Боловсролын шинэчлэл эргэлзээтэй байна

Хуучирсан мэдээ: 2014.06.05-нд нийтлэгдсэн

Б.Анхбаяр: Боловсролын шинэчлэл эргэлзээтэй байна

Боловсролын салбарт шинэчлэл хийх, их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулахаар салбарын яам бодлого боловсруулж буй. Энэ талаар Монголын орчин үеийн боловсрол сангийн гүйцэтгэх захирал Б.Анхбаяртай ярилцлаа.

-Боловсрол шинжлэх ухааны яам боловсролын салбарт шинэчлэл хийх, хичээлийн программд өөрчлөлт оруулна хэмээн мэдэгдэж байна. Энэ салбарт ажиллаж буй хүний хувьд ямар бодолтой явна вэ?

-Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг УИХ хэлэлцэж байна. 1995 оноос улбаалан яваа энэхүү бодлого өнөөдөр ямар үр дүнд хүрээд, дараачийн хөгжлийн шинэ үе шатаа тодорхойлж буйг эсвэл бодитой үр дүнд хүрэхгүй болохоор нь өөр нэг хувилбар дэвшүүлж буйн аль нь болохыг одоохондоо тодорхойлоход асуудалтай л байна. Мөн 2012 оноос хэрэгжээд явж байгаа “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-өөс гарах ёстой үр дүнгүүд бодитойгоор бас л харагдахгүй байгаа. Уг нь, Азийн хөгжлийн банк болон Монгол Улсын Засгийн газрын олон сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл учраас бодитой, нүдэнд харагдахуйц, нийгэмд хувь нэмрээ оруулсан ажлууд хэрэгжсэн байх тодорхой хугацаа өнгөрчихөөд байна шүү дээ. Салбарын сайдын яриад байгаагаар боловсролын салбарт маш их шинэчлэлт хийгдэж, том бодлого хэрэгжиж, ололт амжилт их байна, одоо бид амжилтаа бататгах хэрэгтэй байна гэнэ. Гэтэл дээд боловсролын сургалтын цогц хөтөлбөр, үйл ажиллагааны менежменттэй холбоотой зарим асуудлууд дээр нь эргэлзмээр зүйл их явах юм.

-Эргэлзмээр зүйл нь юу байна, тодруулахгүй юу?

-Тухайлбал, аль ч салбарт хөрвөх чадвартай, суурь шинжлэх ухааны өндөр мэдлэг чадвартай боловсон хүчинг бэлтгэнэ гэж байна. Жишээлбэл, уул уурхайн эдийн засаг, инженерийн эдийн засаг, хөдөө аж ахуйн эдийн засаг гэхээсээ илүү эдийн засгаар гүнзгийрсэн өндөр мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэх чухал гэх юм. Харин ч эсрэгээрээ эдийн засгийн ерөнхий мэдлэгтэй биш уул уурхайн эдийн засаг, хөдөө аж ахуйн эдийн засгаар мэргэшсэн хүнийг гүнзгийрч байна гэж ойлгох ёстой. Монголд тийм мэргэжилтэн хэрэгтэй байна. Түүнээс эдийн засгаараа гүнзгийрнэ гэдгийг ойлгохгүй байна. Зах зээлийн хэрэгцээ шаардлагыг харахад, би сайн маркетингийн менежер болсон гэхээсээ илүү надад нарийн боовны борлуулалтыг нэмэгдүүлэх онцгой санаа, эсвэл харилцагчдыг татах ийм чадварууд бий гэвэл бизнесийн удирдлагаар төгссөн энэ олон мэргэжилтнүүдийн хувьд өөрийгөө борлуулах давуу тал болно. Тэгэхээр нарийвчлан мэргэшүүлэх бодлого сургалтын програмд чухал бодлого байх учиртай. Ямар нэг зүйлийг онцгой сайн хийж чаддаг хүн л түүгээрээ үнэлэгдэж, амжилт олдог нь хууль шүү дээ. Түүнээс ерөнхий мэдлэгтэй, бүх зүйлийг хагас дутуу хийдэг мэргэжилтэн хаана ч хэрэггүй болсон. Гэтэл манай яам оюутнуудад эхний хоёр жил ерөнхий мэргэжлийн хичээлийг нь үзүүлнэ гэж байх шиг. Мэргэжлийнхээ ерөнхий хичээлийг үзэж судлах ёстой ч, нийгэм биднийг илүү мэргэжлийн байхыг шаардаж байна шүү дээ.

Хэт нарийн мэргэжил эзэмших нь хөрвөх боломжгүй, төгсөөд ажлын байр нь хомс байна гэх юм. Тухайлбал, худалдааны эдийн засагчаар төгссөн мэргэжилтэн зөвхөн энэ чиглэлээр ажиллахаас өөр хувилбар байхгүй юу?

-Зах зээл дээр худалдааны эдийн засагч хэр хэрэгцээтэй байгааг өмнө нь тооцож судалсан байх ёстой. Хөдөлмөрийн зах зээл дээрх өрсөлдөөнийг ажиглахад хэн бүхэнд хачирхалтай зүйл маш их ажиглагдах юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зарын сувгуудаар л дүүрэн ажлын байр байдаг. Чадвартай мэргэжилтнээр байнга дутагдсан бизнес эрхлэгчид ажилтан хайж, толгойгоо гашилгадаг. Гэтэл нөгөө талд дипломтой ажилгүйчүүд их байна, энэ олон сургуулиуд юу болж байна гэх асуудал хөндсөн яриа явсаар л  байна. Энэ нь боловсролын салбар асуудалтай байгаагийн нэг нотолгоо. Манай хөдөлмөрийн зах зээл дээр ямар ямар салбарын, аль чиглэл мэргэшлийн дагуу хэдий тооны ажиллах хүч шаардлагатай байгааг харуулсан бодитой тооцоо судалгаа өнөөг хүртэл байхгүй. Ийм судалгааны үндсэн дээр дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагууд зах зээлд хуваарилагдаж, мэргэшин ажиллах ёстой. Дийлэнх нь нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр дагнан төрөлжиж, хуульч, сэтгүүлч, бизнесийн удирдлага гэх мэт ерөнхий чиглэлтэй мэргэжилтнүүд төгсгөн гаргадаг. Байгалийн ухааны чиглэлээр инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиуд хомс байна. Иймд судалгаа тооцоотойгоор мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэх ёстой. Гэтэл салбар хариуцсан яам хуучинсаг арга барил руугаа орж олон тооны эдийн засагч, хуульч бэлтгээд орхих сонирхолтой байна. Ийм шинэчлэлт гэж байхгүй л дээ. Ер нь боловсролын салбарт шинэчлэл хийгдээгүй, цаашид ч эргэлзээтэй байна

-Багш нараар судалгааны ажил хийлгэнэ гэж байгааг дэмжих ёстой болов уу?

-Сургалтын байгууллага, судалгааны байгууллага хоёр хамт байдаг гэдэг яах аргагүй зөв. Бидний мэдэх мөрөөдлийн том сургуулиуд бүгд эрдэм шинжилгээ, судалгаа хөгжлийн төвтэй байдаг. Гэхдээ янз бүрийн эх үүсвэрийн хөрөнгө оруулалттай. Ялангуяа, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа, хөгжүүлэлтийн ажил явуулахад бааз, лаборатори, техник хангамж гээд хөрөнгө оруулалт их шаардана. Хамгийн гол нь, дээрх асуудал бол хөгжлийн хоёрдугаар шат юм, нэн тэргүүнд сургалтыг үр ашигтай, тогтвортой, чадварлаг явуулдаг болох зорилгыг хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу. Мөн эрдэмтэд ихэвчлэн бодьгалч шинжийн улсууд байдаг шүү дээ. Ашгийг нь бодолгүй хүмүүний сайн сайханд зориулж оюунаа чилээн суудаг. Харин гарсан үр дүнг нь бизнес сэтгэлгээтэй хүмүүс үр ашиг болгон амьдралд нэвтрүүлдэг. Тэгэхээр эрдэмтдийг бизнесч сэтгэлгээтэй бол гэхээсээ илүү бизнесийнхэн, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих бодлого барих нь зүйтэй болов уу. Мөн оюутнуудын дадлагын ажил байна. Үүнийг сургуулийн зүгээс тусгай хөтөлбөртэйгээр явуулдаг байх ёстой. Тухайн байгууллагад дадлагажиж буй оюутныг тэндээ эргээд ажилд орох, дадлагын ажлыг үнэлэмжтэй явуулах, төгсөгчдийг сурталчлах бодлого болгож энэ ажлыг явуулах хэрэгтэй юм. Үүнд хамгийн үлгэр жишээ авахаар хэрэгжүүлдэг сургууль бол СЭЗДС. Багшийн удирдлаган дор хэсэг оюутнууд тодорхой хийх ажлын төлөвлөгөө боловсруулж, цогц саналтайгаар аливаа байгууллага дээр очиж ажилладаг, үр дүнгээ бүр үнэлүүлдэг.

-Их дээд сургуулиудын тоог цөөрүүлж нэгтгэх ажил нэлээн сайн хийгдлээ. Энэ нь хэр үр дүнтэй арга юм бол?

-Сургуулиудыг нэгтгэх, дарга, албан тушаалтнуудыг өөрчлөх ажил бол хэн бүгдийн хийдэг ажил. Хамгийн гол нь олонхид ашигтай, үр дүн харагдах ёстой. Зарим мэдлэг гарт баригдаж, биед наалдах хэрэглээ болж чадахгүй байх жишээ олон байна. Англи хэл гэдэг мэдлэг үнэхээр ярих, орчуулах, бичих зэргээр бодитой хэрэглэгдэж байна. Эх хэлний бичиг, найруулга зүй гэдэг өргөдөл, захидал бичихээс эхлээд өдөр тутам үнэхээр бодитой хэрэглэдэг ур чадвар байна. Гэтэл микро, макро эдийн засгийн том онолууд, бизнесийн удирдлага, менежментийн мэргэжлийн хичээлүүдээс амьдралд хэрэглэгдэж байгаа бодит ур чадварыг оюутанд төдий л суулгаж чадахгүй байна. Сүүлийн үед Liberal arts education гэх мэт олон боловсролын шинэ нэр томъёо, сургалтын технологи яригдах боллоо. Эдгээрийг л амьдралд үр ашигтай нэвтрүүлж, нэг ч гэсэн зүйлийг гаргуун сайн хийж чаддаг, өөрийгөө ойлгож мэдэрсэн, бие хүний анхан шатны төлөвшилтэй мэргэжилтэн бэлтгэдэг Дээд боловсролын шинэчлэлтийг л чухалчлан хүсч байна.   Боловсролын байгууллага, ажил олгогч, сургууль төгсөгч гэсэн гурван субьектэд үр дүнгээ өгөх тийм бодлого хэрэгжиж гэмээнэ боловсролын салбарын шинэчлэл зөв байж, нийгэм, эдийн засаг цаашлаад улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах учиртай.

-МУИС-ийг шинэчлэх асуудал эсэргүүцэлтэй тулгарч байх шиг?

-МУИС-ийн хэсэг оюутан сургуулийнхаа захиргааны шийдвэрийг хууль бус, луйврын шинжтэй хэмээн үзэж өөрсдийнхөө эрхийг хамгаалахаар тайван жагсаал хийсэн. Шинэчлэл бол зүгээр нэг даргыг солиод хийчих ажил биш. Хичээлийн чанар, багшийн заах арга барил, багш нарыг илүү мэргэшлүүлэх гээд олон ажлаас эхлэх ёстой. Тийм учраас эсэргүүцэлтэй тулгараад байна.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж