Н.Алтанхуяг: Хариуцлага тооцоод явна

Хуучирсан мэдээ: 2014.06.05-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: Хариуцлага тооцоод явна

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж байна. Үндсэн чиглэлийн биелэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Төлөвлөлт утгагүй байна. Жишээлбэл, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлж хүн амд ээлтэй, чанартайорчинг бүрдүүлнэ гэж  зорилт тавиад 15 арга хэмжээ авахаар заасан боловч биелэгдэх боломжгүй байгаа юм.  Энэ асуудлыг нь ярихаар  холбогдох хүмүүс нь ирэхгүй, асуултад хариулт өгөх хүн байхгүй, үнэлгээ нь ойлгомжгүй байна.Байнгын хороо төлөвлөлт, үнэлгээний талаар судалсан уу. Цаашид яаж ажиллах вэ” гэсэн асуултад байнгын хорооны дарга Д.Батцогт байхгүй учраас хариулт өгөх хүн байсангүй.

Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “2013 оны Үндсэн чиглэлийн талаар байнгын хороо санал дүгнэлтээ гаргасан байна. Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дүгнэлтээс харвал хариуцлагагүй ажилласан гэж дүгнэсэн байна. Н.Алтанхуяг даргаас намын даргын хувьд хариуцлагын  асуудлыг яаж шийдвэрлэх ёстой юм бэ. Төсвийн байнгын хорооны дарга хуулиараа хяналт тавих ёстой. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хяналтаа тавьж чадахгүй, хариуцлага хүлээхгүй байна. Дан ганц Засгийн газраас бус УИХ дотроосоо ч гэсэн хариуцлага тооцох ёстой гэж бодож байна. Цаашид хариуцлагын тогтолцоог яах ёстой вэ” гэсэн асуулт тавьж Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ерөнхийдөө санал нэг байна. Төсвийн байнгын хорооны дарга биш. Хуучин хуулиар бол Төсвийн хяналтын дэд хороо Ж.Эрдэнэбат ахалж байгаа. Өөрөөр хэлбэл, цөөнхийн бүлгээс ахлаад хяналт тавиад явдаг хуультай. Ж.Эрдэнэбат гишүүн ажлаа сайн хийх ёстой” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Арвин “Эдийн засгийн уналт манай улсад ашигтай. Яагаад гэвэл цаашид зөв төлөвлөлт хийх боломжийг олгож байгаа юм. “”Эрдэнэс-Тавантолгой”  компанийн хувьцаагаа аваагүй иргэд хэзээ авах вэ”гэсэн асуултад Уул уурхайн сайд Д.Ганхуяг ““Эрдэнэс-Тавантолгой” компанид Монгол Улсын иргэд хувьцаа эзэмшдэг. Төмөр замын царигийн асуудал шийдэгдсэний дараа хувьцаа өсөх хандлагатай байгаа. “Эрдэнэс-Тавантолгой”-г хэрхэн хөрөнгө оруулагчаа тодорхой болгохоор ажиллаж байгаа” гэлээ.  Мөн “Хүн амын өсөлт нэмэгдэж байхад улсын эмнэлэг нэмэгдэхгүй байгаа, хүүхдийн эмнэлгийн ажлууд ямар шатандаа явж байна вэ”гэсэн асуултанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эрүүл мэндийн нийт төсөв ДНБ-ний хоёр хувийг эзэлдэг. Дүүргүүдэд долоон  эмнэлэг барих ёстойгоос хоёрыг нь эхлүүлээд байна. Энэ сарын 7-нд Эдийн засгийн форум болно. Чингэлтэй дүүрэгт барих эмнэлгийг концессын гэрээгээр барихаар төлөвлөж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “2013 оны Үндсэн чиглэлийн биелэлт хангалтгүй байгаа. Хангалтгүй байгаагаа юу гэж дүгнэж байна вэ. Хариуцлага хүлээх ёстой, хангалтгүй ажиллаж, үүргээ биелүүлж чадаагүй гурван яам, агентлагийг нэрлэнэ үү. Мөн ямар хариуцлага тооцож байгаа вэ. Эдийн засгийн хөгжлийн сайдад хариуцлага тооцох асуудлыг яах вэ” гэсэн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Гурван муу яам, агентлагийн тухайд та бүхэн дүгнэлтээ хий. Хариуцлага тооц гэдэгтэй санал нэг байна. Ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүст хариуцлага тооцоод явна. Н.Батбаяр сайдын хувьд өчигдөр өвчний улмаас чөлөө аваад явсан. Хүн өвчтэй байхад нь ажлаа өг гээд байлтай нь биш. Харж байна” гэлээ.

Мөн “Уул уурхайн салбарын компаниуд ажлаасаа халагдаж, ажиллаж байгаа компани цөөхөн боллоо. Ийм байхад Уул уурхайн сайд ямар хариуцлага хүлээх вэ” гэсэн асуултад Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Эдийн засагхямарсан, уул уурхайн салбарын үйл ажиллагаанд зах зээлийн болон улстөрийн шийдлээс болж нөлөөлсөн хүчин зүйл бий” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “2013 оны Үндсэн чиглэлийн биелэлт 67,1 хувьтай байна гэжээ. Автозамын салбарт Засгийн газар 1824 км авто зам тавьсан гэж олон нийтэд зарласан ч 1017 км зам тавьсан гэж Аудитын газар дүгнэсэн байна. Энэ ямар учиртай зөрүүтэй тоо байна вэ” гэсэн асуусандЗам тээврийн яамнаас “Үндсэн чиглэлд тусгагдсан зам 1017.  Улсын хэмжээнд нийт хэмжээ буюу 1824 болно” гэлээ.

Гишүүдийн асуулт, хариулт дууссаны дараа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлттэй ыхолбогдуулан гишүүд үг хэлж байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж