Д.Арвин тэтгэвэртээ суух цаг болж…

Хуучирсан мэдээ: 2014.06.05-нд нийтлэгдсэн

Д.Арвин тэтгэвэртээ суух цаг болж…

УИХ-ын гишүүн Д.Арвины гаргалгаагаар Монголд нүүрлээд байгаа эдийн засгийн уналт их ашигтай тусч байгаа бололтой юм.

Төгрөгийн ханш 30 хувиар суларчихсан, иргэд талх худалдаж авч хүчрэхгүй болж худалдагчаас талхаа таллаж зарахыг хүсч байхад ард түмний төлөөлөл хэмээн өөрийгөө өргөмжилдөг Д.Арвин гишүүний хувьд энэ бүхэн падгүй бололтой.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэх шатанд дөнгөж сая Д.Арвин гишүүн “Эдийн засгийн уналт ашигтай” гэж хэллээ. Ингэж ашигтай тусч байгаа нь Монгол өөрөө зөв замаа олж хөгжих бололцоог олгож буй юм байх. Гэхдээ Д.Арвин гишүүн нэг зүйлийг мартаж, Монгол зөв замыг олохын тулд Шинэчлэлийн Засгийн газрыг эдийн засгаа доройтуулж, ард түмэн эгэл жирийн иргэдийг хоногийн хоолноос нь салгаж болно гэх эрхийг өгөөгүй юм. Байгаа нөхцлөө илүү сайжруулж, тохь тухтай, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэнд, боловсролын чанартай үйлчилгээг авахын төлөө сонголт хийсэн. Үүнийг Д.Арвин гишүүн одоо хэр нь ойлгоогүй байхаар үнэхээр хэлэх үг алга даа.

Эдийн засгийн хямралын уршгаар компаниуд хаалгаа барьж, хамгийн том хөрөнгө оруулагч болох “Оюутолгой” компани 300 монгол иргэнийг ажлаас чөлөөлж, талхны үнэ 50-100 төгрөгөөр өсчихсөн байгааг ашигтай гэх үү, Д.Арвин гишүүн ээ. Тэтгэвэртээ суух цаг тань болж дээ. 

Г.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж