Ердөө долоо хоногийн дараа эхлэх хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “үхлийн” гэгдэх “G” хэсэгт Герман, АНУ болон Ганын багийн хамт сугалаа таарсан Португалийн шигшээ багийн супер од, багийн ахлагч Криштиан Роналдугийн бэртлийн талаар, түүнийг ДАШТ-д оролцох эсэх талаар элдэв яриа, таамаг газар авч эхэллээ. Роналду өнгөрсөн тавдугаар сарын 25-нд болсон Аваргуудын лигийн шигшээ тоглолтоос хойш дахин талбайд гараагүй бөгөөд өчигдөр /VI.4/ Португалийн хөлбөмбөгийн холбооноос түүний бэртлийн талаар албан ёсоор мэдэгдсэн юм. Мэдэгдэлд дурдсанаар Криштиан Роналду зүүн хөлийн шөрмөсөө гэмтээсэн, мөн ташаандаа бага зэрэг гэмтэлтэй байгаа гэнэ. Одоогоор тэрбээр багийн нэгдсэн бэлтгэлд хамрагдахгүй, хөнгөн чанарын бэлтгэл хийж байгаа ба бэртэл харьцангуй гайгүй тул дэлхийн аваргад эх орноо төлөөлөх боломжтой гэгдэж байгаа юм.
Гэтэл энэ цаг үетэй давхцан нэгэн “хорон санаат” Роналдуг шулмын увидсаар гэмтээсэн гэх яриа цахим ертөнцөд өндрөө авч байна. Өөрийгөө Нана Кваку Бонсам хэмээсэн нэгэн эр өчигдөр Ганын Кумаси хотын Angel FM гэх радиод өгсөн ярилцлага өгч, Роналдуг шулмын хүчээр гэмтээсэн хэмээн ярьжээ. Шалтгаан нь Ганын багтай нэг хэсэгт таарсан Португалийн багийн хүчийг сулруулах зорилготой гэсэн байна. Түүний хэлснээр тэрбээр Рональдуд зориулж Кахвири Капам гэх тусгай шүтээн хийсэн бөгөөд түүнийхээ хүчээр Португалийн супер од тоглогчийн дэлхийн аваргад оролцох боломжийг үгүй хийж, ядаж л Ганын багийн эсрэг хийх тоглолтыг өнжих арга хэмжээ авсан гэнэ. “Энэ гэмтлийг ямар ч анагаах ухаан илааршуулж чадахгүй. Тэд шалтгааныг нь хэзээ ч олж тайлж чадахгүй. Өнөөдөр өвдөг, маргааш ташаа, дараагийн өдөр өөр нэг зүйл өвдөх болно” хэмээсэн талаар Британийн “Daily Mail” мэдээлжээ.
Роналдугийн хувьд өчигдөр Португалийн шигшээ багийн бусад гэмтэлтэй тоглогчдын хамт Нью-Йорк дахь бэлтгэлийн баазад тусгай бэлтгэл хийсэн гэнэ. Түүний адилаар Паул Мейрелеш, Бето, Пепе нар хөнгөн бэртэлтэй байгаа юм.
Рональду дээрх бэртлийн улмаас өнгөрсөн бямба гаригт Гректэй хийсэн дэлхийн аваргын өмнөх халаалтын тоглолтыг өнжсөн бөгөөд тус тоглолт хуурай тэнцээгээр өндөрлөсөн билээ. Португалийн шигшээ багийнхан ирэх бямба гаригт Мексик, мягмар гаригт Ирландын багтай нөхөрсөг тоглолт хийнэ. Ингээд дэлхийн аваргын эхний тоглолтоо Монголын цагаар зургадугаар сарын 17-нд Германы шигшээгийн эсрэг хийх хуваарьтай билээ.
С.ЦЭЛМЭГ