-Испанийн хаан Хуан Карлос хаан ширээгээ хүү Фелипе-т өвлүүлэхээр шийдлээ-
Фелипе Бурбон ба Хуан Карлос (зүүнээс баруун тийш). Фото: Pedro Armestre / AFP
Испанийн 76 настай хаан Хуан Карлос хаан ширээнээсээ татгалзлаа. Дараагийн хаан нь 46 настай, Хаантан эрхэм дээдэс, Испанийн хаан I Хуан Карлос ба хатан хаан София нарын гурав дахь хүүхэд, дон Фелипе Хуан Пабло Альфонсо де Тодос лос Сантос де Бурбон ба Гресия (испаниар. Su Alteza Real Don Felipe Juan Pablo Alfonso de Todos los Santos de Borbуn y Grecia) нэртэй Астурийн, Жероны, Вианы жонон, Монбланы герцог, Серверийн гүн, сеньор Балагер болно. Фелипе төрөхдөө инцант хэргэм авч, түүнийг Мадридын орчим байдаг Сарсуэла ордонд загалмайлжээ. Эцэг нь 1975 онд хаан ширээнд суусны дараа инфант Фелипе хаан ширээг залгамжлагч болоод Астурийн жонон, Жероны жонон, Вианын жонон хэргэм авсан юм. Фелипе 18 нас хүрсэн 1986 оны нэгдүгээр сарын 30-нд Испанийн парламентад Үндсэн хууль, хаан эзэндээ үнэнч байх тангараг өргөн Испанийн хаан титмийг өвлөх эрхийг авсан байлаа.
Хаантан Хуан Карлосын биеийн байдал муудсан нь суудлаа өгөхөд хүрсэн гэж Испанийн хэвлэлүүд тайлбарлаж байна. Гэхдээ л дараалан гарч байсан хааны гэр бүлийнхний дуулиан гол шалтгаан болсныг үгүйсгэх аргагүй.
Түүнийг хаан ширээнд суусны дараа хаант засаг Франкогийн дэглэмийн өвийн хамт алга болно гэж байсан. Коммунистууд түүнд “Түр зуурын” гэсэн хоч өгч байлаа. Харин тэдний хүслийг тэрээр биелүүлсэнгүй. Хаан ширээнд 39 насандаа заларсан тэр алсын хараатай улстөрч байв. Хаан ширээнд залрангуутаа ардчилсан шинэчлэлийг шуурхай хийн улс төрийн намуудыг хуульчилж, иргэний эрх, эрх чөлөөний баталгаа болсон Үндсэн хуулийг 1977 онд батлуулжээ. Ингэснээр мужууд нь илүү чөлөөтэй эрх эдлэх болж. Испанийг Бүгд найрамдах улс болгохын төлөө зогсч байсан зүүний намуудтай тэрээр хэл амаа ололцож чадсан. Ромын католикийн шашны зүгээс эсэргүүцэл үзүүлж байсан ч ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль ёсны болгосон хуулийг 2005 онд гаргажээ.
Испаничууд өөрийн хаанаа үнэлэн хүндэлдэг. Тэдэнд хаан хэрэгтэй, шаардлагатай бол хатуу ширүүн байж чаддаг нь нэн түрүүнд таалагддаг ажээ. Үүний жишээ нь, Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавестай 2007 онд зөрөлдсөн явдал юм. Чилийн Сантьяго хотноо болсон XVII иберо-америкийн саммитын хаалт дээр Венесуэлийн ерөнхийлөгч Испанийн ерөнхий сайд асан Хосе Марио Аснарыг дайран доромжилж, фашист гэж орилов. Микрофоныг нь салгасан байсан ч Чавес байрнаасаа хашгирсаар байлаа. Дэргэд нь сууж байсан Хуан Карлос түүний зүг эргээд “Чи амаа таглаж чадахгүй нь үү?” гэсэн байв.
Тэдний энэ хэрүүлийн дуулиан Латин Америкт ихээн шуугиан дэгдээж хаан, ерөнхийлөгч хоёрын маргааны шторк YouTube дээр хит болж, “Чи амаа таглаж чадахгүй нь үү?”нэртэй доменүүдийг бямба гаригийн орой гэхэд бүгд худалдан авсан байв. Хуан Карлосын талд Латин Америкийн интернэт хэрэглэгчид, олон тооны хэвлэл мэдээлэл байлаа. Испани, Португалийн баруун, зүүний хэвлэл хааныг дэмжсэн юм.
Хааны гэр бүлийн гишүүд холбогдсон олон дуулианы дараа түүнд хандах хандлага хувирчээ. Хуан Карлост төрсөн хүүхдүүд нь биш охиных нь нөхөр гандболчин асуудал болсон юм.
Гүнж Кристинагийн нөхөр, 17 жилийн өмнө хааны хүргэн болсон Пальмын герцог Иньяки Урдангариныг санхүүгийн залилан хийсэн хэрэгт сэжиглэв. Мөрдөн байцаалтаар тэднийг татвараас зугтсан, бохир мөнгө угаасан, буяны сангийн зургаан сая еврог үрсэн зэрэг хэргийн баримтыг олсон гэнэ.
Үүний улмаас Испани дахь Бурбон овгийнхны нэр хүнд эрс унан дэмжигчдийн 54 хувийн саналыг авах болжээ. Гэтэл ордныхны нэр хүндэд ганцхан Урдангарин халтай биш болж таарлаа. Тухайлбал, Хуан Карлос өөрийн эцэг Барселоны гүнтэн дон Хуаныг нас барсны дараа 1993 онд Швейцарийн банкинд гурван дансны 2,2 сая еврог залгамжлан авчээ. Харин тэр мөнгөнөөс Испанийн төсөвт татвар өгөөгүй байсан нь тогтоогдлоо.
Хаантан Ботсванад очин зааны ан хийснийг удтал өршөөж чадахгүй байлаа. Хаант улсын хүн амын 26 хувь ажилгүй болсон гүнзгий хямралын үеэр Хуан Карлос тэдний татварын мөнгөөр зугаа цэнгээнд явж байсан нь испаничуудад таалагдсангүй. Хаан хэргээ нуухаар оролдсон нь тэдний дургүйг улам ч хүргэжээ. Ан хийж явахдаа тэрээр унан түнхээ гэмтээснээр хэвлэлийнхэн энэ талаар мэдсэн юм. Эцэст нь хаан болсон хэрэг явдлынхаа төлөө олноос уучлал гуйлаа. “Би ийм хэрэг гарсанд маш их харамсч байна. Би алдаа хийжээ. Үүнийг дахин давтахгүй” гэж тэр мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ амьтан хамгаалагчид маш ихээр дургүйцэв. Хаан Онгон байгалийг хамгаалах дэлхийн сангийн хүндэт ерөнхийлөгч байжээ. Зааны ангийн дараа тэр уг цолоо алдсан юм.
Хаан хүнд байдалд ороод байсан энэ үед тэр гэр бүлдээ үнэнч бус гэсэн дуулиан дэгдэв. Хэвлэл тогтоосноор хааныг ан хийх үеэр Германы 49 настай гүнж Коринна Зайн-Витгенштейн дагалдан явж байжээ. Сүүлийн есөн жилийн дотор тэр гүнж хааныг хувийн аянд нь дагалдан явж байсан гэнэ. Хатан хаан София гэрээ сахиад үлддэг байсан гэх. Гүнж хаан хоёрын “дотнын харьцааны үеэр” немцийн гүнж Мадрид дахь Хуан Карлосын албан ёсны өргөөнөөс холгүй байшин худалдан авсан байжээ.
Хааныхаа ийм үйлдлийн төлөө испаничууд хаант засгийг халахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал, цуглаан хийх болсон билээ. Олон хүн хямралын үеэр хааны гэр бүлийг санхүүжүүлэх нь тансаглуулж байгаа учраас Бүгд найрамдах ёсонд шилжихийн төлөө ярих болжээ.
Хуан Карлосын нэр хүнд нь унаад зогсохгүй эрүүл мэнд нь мууджээ. Африкт ан хийж явахдаа унаж түнх нь гурван газар хугарчээ. Мэс заслын үеэр биед нь халдвар орсон байна. Өнгөрсөн намар түүнд найм дахь удаагаа мэс засал хийсэн юм. Дараа нь тэрээр таягтай хэвлэлийн бага хурал дээр ирээд “Хаан ширээнээс огцрох бодолгүй байгаа” гэж мэдэгдэж байлаа. Оны эхээр явуулсан олон нийтийн санал асуулгаар испаничуудын 60 хувь нь Хуан Карлосыг хаан ширээнээс татгалзах ёстой гэж үзжээ. Тэр нь Испанийн хувьд том сюрприз байлаа.
Астурийн жонон Фелипе. Фото: Ivan Alvarado / Reuters
Хуан Карлосыг залгамжлагч Астурийн Фелипе дээдсийн биш гэрлэлт хийн эхнэрээрээ гэр бүлээсээ салсан телевизийн хөтлөгчийг сонгон алдаршсан түүхтэй. Хааны гэр бүл үүний эсрэг байсан ч хаан ширээ залгамжлагч Фелипе өөрийнхөөрөө зүтгэжээ. Тэрээр сонин содон хүн гэдгээ харуулаагүй байгаа ч авлигын дуулианд хутгалдаагүй юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР