Хуучирсан мэдээ: 2014.06.05-нд нийтлэгдсэн

Азийн аварга эхэллээ

Ази тивийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн XVI, эмэгтэйчүүдийн XI, сонгомол барилдааны XV дахь удаагийн тэмцээн өнөөдөр /2014.,06,05/ 09:00 цагаас Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ.

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Тэмцээн зургадугаар сарын 5-8-ны өдрүүдэд болно. Энэ удаагийн тивийн аваргад Монгол, Иран, Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Узбекистан, Казахстан зэрэг 14 орны 200-гаад залуу тамирчин чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүр найман жинд өрсөлдөнө. Мөн сонгомол бөхийн найман жинд тивийн аваргыг шалгаруулна.

Эхний хоёр өдөр тивийн сонгомол бөхийнхөн өрсөлдөх бол сүүлийн хоёр өдөр чөлөөт бөхийн тамирчид хүч үзэх юм. Манай Эрэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд дэлхий болон тивийн аваргын хүрэл медальт З.Занабазар, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Б.Нямбаяраас гадна залуучуудын улсын аварга бөхчүүд багтсан бол эмэгтэйчүүдийн багт Залуучуудын дэлхийн аварга, Өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт, тивийн аваргын хүрэл медальт С.Цэрэнчимэд, спортын мастер Б.Нямгэрэл, А.Батцэцэг нарын шилдэг тамирчин багтжээ. Чөлөөт бөхийн залуучуудын тивийн аварга шалгаруулах тэмцээн 1981 онд Энэтхэгийн Хассари хотод анх болсон түүхтэй. Тэрхүү тэмцээнээс манай А.Энхээ (65), Лу.Энхбаяр (70),С.Сүхбаатар (81) нар алтан медаль хүртсэн юм.

Манай эмэгтэй бөхчүүд тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль тав, мөнгө болон хүрэл тус бүр 16 буюу нийт 37 медаль хүртээд буй. Энэ удаагийн тэмцээн ирэх наймдугаар сард Хорват улсад болох Чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сорил болохоороо онцлог юм.

Б.БИЛЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж