Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

Сэтгүүлзүйн сүүдэр

Өглөөний цай, өдрийн хоолноос ялгаагүй хүмүүсийн амин чухал хэрэглээ болоод удаж байгаа нэгэн зүйл бол хэвлэл мэдээлэл. Та нэг өдрийг огт мэдээлэлгүй өнгөрөөх гээд үз дээ. Хөдөө бол болдог л юм. Хонь ямаагаа харуулдаж, үнээ тугал, сүү сааль гэж байтал хорвоогийн нэг өдрийг амархан үддэг. Харин хотод бол яагаад ч барагдахгүй шүү дээ. Хэсэг тэсэх ч өөрийн эрхгүй л гар зурагтын удирдлага, компьютер рүү явна. Үгүйдээ л дэргэдэх сонин, сэтгүүл эргүүлэхээс аргагүйднэ. Ийм л орчинд та бид аж төрж байна. Аргагүй ч биз. Өнөөдөр Монголд 140 сонин, 100 сэтгүүл, 84 радио, 170 гаруй телевиз, мөн 100 орчим вэбсайт тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт ажиллаж, сонин содон, хүмүүст хэрэгтэй мэдээллийг бусдаас түрүүлж мэдээлэх гэсэн 5000 гаруй сэтгүүлч, сурвалжлагч, зураглаач, оператор, редакторууд чармайн ажиллаж байна. Тэдний л нэг эд эс билээ, би. Аль болох үнэн, зөв мэдээллийг хамгийн түрүүн  уншигчдадаа  дуулгахсан гэсэн хоёргүй сэтгэлээр ажиллаж буй сэтгүүлчдийн хөдөлмөр амаргүй. Гэвч бэрхшээл зовлон тоочиж байсан удаа хэвлэлийнхэнд үгүй билээ. Хүмүүний анхдагч хэрэгцээ болсон ходоод гэдсийг хоолоор тэтгэдэг тогооч нарын хувьд аль амттай, чанартай бүтээгдэхүүн сонгож, зоог бэлтгэдэг нь мэдээж. Тэгвэл хэвлэл мэдээллийнхний түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн хувьд асуудал ихтэй байгаа тухай дурдахаас аргагүй байна.

Хэвлэлийн төлөөлөгч хэн нэгнийг хаацайлагч биш

Албан байгуулагууд, тэр дундаа төрийн байгууллагууд хэвлэлийн төлөөлөгчгүй байхдаа илүү амар байж. Дарга даамал, ажил алба хариуцсан хүмүүстэй нь шууд холбогдоод хэрэгтэй мэдээллээ тодруулаад, шаардлагатай бол яриа, ярилцлага авчихна. Одоо бол хэвлэлийн төлөөлөгч гэх “мундаг” мундартай хүнээр заавал дамжуулна. Мэдээж тэр хүн ямар ч мэдээлэл өгөхгүй, гагцхүү холбох, дамжуулах л үүрэг хүлээнэ.  Чухам тэр үүргээ хэрхэн биелүүлдэгээ өөрсдөө харин мэддэг болов уу. Төрийн албаны хувьд төрлийн хэлхээгээ шингээх сул албан тушаал нь  хэвлэлийн төлөөлөгч байдаг бололтой. Цаасан дээр цэг хатгаж үзээгүй, сэтгүүлчийн хөдөлмөрийг үнэрлэж амжаагүй нөхдүүд бол андашгүй. Байгууллагын хэвлэлийн төлөөлөгчийг сайд, дарга нарын бие төлөөлөгч гэж андуурсан “гар”-ууд  цөөнгүй бий. Эгээ л пулемётын амыг цээжээрээ хаах  Матрасовын гавьяаг давтах мэт дарга, захирал, ажил хариуцсан хүмүүстэйгээ  уулзуулахгүй хаалга таглаад зогсчихно. Биднийг дайсагнах гэж очоогүйг мэдсээр хэр нь дарга, эрх мэдэлтнүүдээ хаацайлах үүрэг хүлээсэн мэт аашлах хэвлэлийн төлөөлөгч захаас аван зөндөө байна. Хэвлэлээр дамжсан нэгэн бол арай л өөр. Ядаж л хаагаад ч халхлахгүй үнэнийг мэдээлсэн сэтгүүлчийг өргөстэй нүдээр ширвэдэггүй юм.  

Сонин, сэтгүүл, сайтын алинд ч өдөр тутам албан мэдээ гэж нэг авч болохгүй, хаяж болдоггүй түүхий эд бий. Мэдээний агуулга бол ойлгомжтой. Болсон үйл явдлыг мэдээлэхийн хажуугаар байгууллагаа магтсан сайшаасан өнгө аяс бүхий үг өгүүлбэр заавал шигтгэнэ. Гэхдээ алдаа мадгаар хачирлахгүй байж болдоггүйг нь ихэд гайхдагаа нуух юун. Сонины гал тогоонд чанагдсан сэтгүүлчдийн бүтээл бол өөр. Гэвч хэвлэлийн төлөөлөгч гэр нэг дээвэр дор нэгдсэн учир мэдээ, мэдээлэл нь хамтдаа  будагдаж, олонхын алдаа цөөнхөд ч хамаатдаг хатуу хуулиар ийн бичиж буйг үзэг нэгтнүүд маань ойлгох буй заа. Редакц руу байнга утас цохиж, бичсэн мэдээнийхээ алдааг мянгантаа засуулж, цаг минуттай уралдаж ажилладаг биднийг үргэлж хойш татдаг газрын магнайд  Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс жагсдаг. Дарга, даамал нь байнга л солигдож байдаг энэ хэлтсийнхэн  бичсэн мэдээ, мэдээллээ нийтлэхээсээ өмнө хянадаг гэдгийг лав мэддэггүй. Үг үсгийн алдаанаас эхлээд  утга найруулга, оноосон нэрийн алдаа гаргах нь энүүхэнд. Өглөө, үдэш,  ажлын бус цагаар хэн рүү ч хамаагүй залгаж, засвар хийхийг гуйх албадахын завсар үүрэгддэг хэвлэлийн төлөөлөгчдийг яалтай.  Тэдний тоонд Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс сүүлийн үед элсэж ороод байгаа. Сайт ч яахав гаргасан алдааг нь засч орхино. Сонин, сэтгүүл гэх мэт хэвлэмэл  бүтээгдэхүүний хувьд ямар ч албадлага, үүрэгдэлт нөлөөлөхгүйг эрхэм хэвлэлийн төлөөлөгч нар эрх биш мэддэг л байгаа даа. 

Хэвлэлийн хурал уу,  бизнес үү?

Сэтгүүлч хөлөөрөө хоол олж иддэг гэх айхтар үнэн үг бий. Өөрөөр хэлбэл их явж, олон хүнтэй уулзах тусмаа эх сурвалж олонтой, тал талын байр суурийг илтгэсэн мэдээ, мэдээлэл бэлтгэж, нийтлэл нэвтрүүлэг туурвина гэсэн үг л дээ. Сэтгүүлчдийн энэ ажилд тусалдаг газрууд нь  мэдээллийн төвүүд юм. Анхдагч нь Монголын хэвлэлийн хүрээлэнгийн мэдээлллийн төв. Араас нь Өнөөдөр, Зууны мэдээ, Өдрийн шуудан сонины дэргэдэх мэдээллийн төвүүд нээгдсэн. Иргэд мэдээллийн төвд хандсанаас хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч бүрт хандахгүй нэг дор мэдээлэл өгөх сайн талтай бол сэтгүүлчдийн хувьд ч цаг алдахгүй мэдээлэл авах боломж бүрддэг. Гэтэл сүүлийн үед хэвлэлийн бага хурлыг ёстой нэг халтуурддаг болжээ. Ялангуяа Монголньюс мэдээллийн төвийнхний өмнөөс нүүр улайх болсон тул дуугүй өнгөрч чадсангүй. Тэнд мөнгө төлж мэдээлэл хийж буй хүмүүст мөнгө хайран биш бололтой. 30 минутын мэдээлэл өгөхийн тулд багадаа 50 мянган төгрөг, цаашлаад 100-150 мянган төгрөг төлж буй. Гэтэл ширээнүүдийнх нь микрофон огт ажиллахгүй, хэдэн хэмхэрхий ширээ тавьснаас цаашгүй. Нэгэнт зориод очсоных буруу сонсоод худал мэдээлэл цацчихгүйн тулд сэтгүүлчид нь зураглаачидтайгаа хамт индрийн өмнө жагсаж зогсоно. Харин мэдээлэл түгээгч нар /голчлон эрчүүд очдог нь бас сонин/ өгүүлж хэлж байгаадаа бус эгнэн жагссан сэтгүүлчдэд /залуухан хөөрхөн охид голдуу байдаг/ илүү анхаарал хандуулах жишээтэй. Эсвэл зориуд бодлогоор ийм байдал үүсгэдэг юм болов уу. Ямартай ч бэлдсэн ширээнд нь суусан хүн бол юү ч сонсохгүй. Сонсож амжаагүйн эрхээр хэвлэлийн хурдын дараа мэдээлэл түгээгч нарыг дахиад л байцааж гарна. Хэн хэнийх нь цагийг барсан ичгүүргүй үйлдлээсээ ичих болоогүй юү, Монголньюсийнхээн. Бизнест ч бас ёс зүй бий. Үнэ ханшиндаа таарч тохирсон үйлчилгээ байх ёстой бус уу. Монголньюсийн араас  залгах газрууд ч бас бус бий. Тэд ч бас үүнийг уншаад хэвлэл мэдээллийн төвөө засч сайжруулах биз ээ.

PR-чид бол сэтгүүлчид биш

Үүнийг л хүмүүст ойлгуулмаар байгаа юм. Улстөрчдийн гар хөл болж, харыг цагаан, цагааныг хараар харж чаддаг тэр авьяас гагцхүү PR-чдад л бий. Түүнээс мэдээ, мэдээллийн төлөө сандарч гүйж явдаг, түүгээрээ хоолоо олж иддэг эгэл сурвалжлагч нар улаан цагаан худал мэдээлэл бичиж зүрхэлдэггүй юм. Үүнийг сэтгүүлчээр ажилласан хүн бол ойлгоно доо. Яагаад ч гар эвлэхээргүй, хэл аманд багтахааргүй магтаал хийгээд хараал зүхлийг  PR-чид л цацаж олон нийтийн тархийг угааж байна. Энэ бол тун саяхнаас л сэтгүүлзүйд нэвчсэн  үзэгдэл. Тэр нь эрх мэдэлтнүүдэд таалагдана гэж жигтэйхэн. PR-чид бол өнөөдөр таны нөхөр мэт аашилж, өмгөөлж хамгаалж буй мэт харагдавч, суудлаасаа унасны дараа таны өрсөлдөгчид хамаг нууцыг тань дэлгэхээсээ сийхгүй хүмүүс гэдгийг эрхэм дарга нар яагаад ухаардаггүй юм бол. Магад ялсан талд үйлчлэгчид ч гэж нэрлэж болно. Би л дарга байсан бол тийм хүмүүсээс зугтах байлаа. Гэвч нийгэм өөрчлөгдөхийн хэрээр “Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш” гэх үг эсрэгээрээ үйлчлэх болжээ. Дахин давтахад PR-чид бол сэтгүүлчид биш, сэтгүүлзүйн бүтээл PR-ын мэдээлэл гэдэг тэс өмнөө зүйл билээ.

Сэтгүүлч гэх сайхан мэргэжлийг гутааж, сүүдэр мэт дагалдах болсон бусармаг зүйлсээс цухасхан дурдахад ийм буюу. Сүүдэргүй хорвоо үгүй ч сүүдрийг гэрэл л сүлдэг дээ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж