“Муза”-гийн эзэд сэтгүүлчдийг “болзоо”-нд урьж байна

Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

“Муза”-гийн эзэд сэтгүүлчдийг “болзоо”-нд урьж байна

Өнөө жилийн “Гэгээн Муза” наадмаас Black Box театрын уран бүтээлчид нэг жүжигчний моно жүжгийн төрөлд гурван Муза хүртсэн. Тэгвэл тус театр энэ сарын 07-ны бямба гаригт “Муза” авчирсан хоёр жүжгээ үзэгчдийн хүсэлтээр тоглохоор болжээ. Сара Кэйний “Солиорол”, Самуэл Бекеттийн “Краппын сүүлчийн бичлэг” жүжгүүдээрээ тус театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир, Г.Мөнхжаргал нар шилдэг эмэгтэй, эрэгтэй жүжигчний төрөлд “Муза” гардсан билээ.

Өнгөрөгч гуравдугаар сарын 27-нд “Хирснүүд” жүжгийнхээ нээлтийг хийхдээ хэвлэл мэдээллийнхнийг үнэ төлбөргүй ирж, жүжиг үзэхийг урьж байсан Black Box энэ удаа ч мөн сэтгүүлчдийг жүжгэнд урьж байгаа ажээ. Орчин үеийн театрын урлагт томоохон байр суурь эзэлдэг эдгээр жүжгүүдийн уран бүтээлчидтэй уулзаж, ярилцах боломж хэвлэлийнхэнд олдож байгаа юм.

Дээрх хоёр жүжигчнээс гадна Black Box театрын эзэн, зураач, найруулагч С.Мягмар “Краппын сүүлчийн бичлэг” жүжгээр тайзны шилдэг зураачийн төрөлд “Муза” хүртсэн билээ.

Уг тоглолтоор тус театр энэ улирлын хаалтаа хийж байгаа бөгөөд ирэх намраас шинэ жүжгүүдээр үзэгчидтэйгээ уулзах гэнэ.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж