"Ролан Гаррос-2014"-ийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд тэмцээнд долоод эрэмбэлэгдсэн ОХУ-ын Мария Шарапова, Канадын Эжени Бушард нар шалгарлаа.
Канадын Бучард, ОХУ-ын Мария Шарапова.
113 дахь удаагийн "Ролан Гаррос" буюу "Францын нээлттэй тэмцээн" Парис хотноо үргэлжилж байна.
Тэмцээний арав дахь өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймын хоёр тоглолт болж, хагас шигшээд өрсөлдөх теннисчид эхнээсээ тодорлоо.
Тэмцээнд долоод эрэмбэлэгдсэн 2012 оны аварга, 2013 оны дэд аварга ОХУ-ын Мария Шарапова, Канадын залуу теннисчин Эжени Бушард нар өрсөлдөгчөө буулган авснаар шигшээд өрсөлдөх эрхийн төлөө шалгараад байна.
Шөвгийн наймд үлдсэн теннисчдээс амжилтаар хамгийн тэргүүнд бичигдэж буй Мария Шарапова хоёрдугаар тойрогт дэлхийн тэргүүн теннисчин Серена Уильямсыг хожиж, шуугиан тариад байсан Испаний Гарбинье Мугурузатай тоглосон. Тоглолтын эхний сетийг 6:1-ээр Мугуруза өөрийн болгосон. Удаах сэтүүдэд Шарапова бага алдаа гаргаж, 7:5, 6:1-ийн харьцаагаар ялалт байгуулснаар хагас шигшээд шалгарлаа.
Канадын залуу теннисчин 20 настай Эжени Бушард хагас шигшээд Шараповатай өрсөлдөхөөр шалгараад байна. Тус тэмцээнд 18-д эрэмбэлэгдсэн Бушард хагас шигшээ хүртэл хүрэхдээ хамгийн хүчтэй өрсөлдөгч нь дөрөвдүгээр тойрогт Германы Анжилья Кербер байсан. Гэвч Бучард 6:1, 6:2-ийн харьцаагаар хоёр үеийн турш Керберийг хожсоноор шөвгийн наймд шалгарсан.
Харин тус тэмцээнд 14-т эрэмбэлэгдсэн Испанийн Карлу Суарез Наворрогийн хувьд шөвгийн наймд хүрэхдээ өөрөөсөө чансаа доогуур теннисчидтэй тоглосоор Бучардтай тоглохоор шалгарав. 2 цаг 22 минут үргэлжилсэн тоглолтын эхний сетийг Бушард 7:6 (7:4)-өөр өөрийн болгосон. Гэвч удаах сетийг Испани теннисчин 6:2-оор хожиж, 1:1-ээр хожлын харьцаа тэнцсэн. Харин гурав дахь сетийг 7:5-аар Бушард илүүрхсэнээр хагас шигшээд шалгарлаа. 20 настай Канад теннисчин энэ оны хоёр дахь "Их дуулга"-ынхаа хагас шигшээд шалгараад байна.
2012 оны "Ролан Гаррос"-ын аварга Шарапова, залуу теннисчин Эжени Бушард нарын тоглолт маргааш орой болох юм.
Тэмцээний 11 дэх өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймын сүүлийн хоёр тоглолт болж, хагас шигшээд өрсөлдөх теннисчид тодрох юм. 2009 оны "Ролан Гаррос"-ын аварга ОХУ-ын Светлана Кузнецова тус тэмцээнд дөрөвт эрэмбэлэгдсэн Румын Симона Халеп, 2012 оны дэд аварга Италийн Сара Эррина Германы Петкович нар шалгараад буй.
20 настай Канадын Эжени Бушард энэ оны "Австралийн нээлттэй тэмцээн" болон "Францын нээлттэй тэмцээн"-ий хагас шигшээд шалгарсан амжилтыг үзүүлээд байна.
Ч.БОЛОР