Сүүлийн жилүүдэд манай орны эдийн засагт уул уурхайн салбарын нөлөөлөл улам бүр нэмэгдэж байна. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж эхлэхээс өмнө экспортын тал хувийг уул уурхайн бус салбар, тэр дотроо ХАА-н бүтээгдэхүүн болох ноос, ноолууран бүтээгдэхүүн, мах, оёмол хувцас зэрэг бүтээгдэхүүнүүд бүрдүүлж байжээ. Нийт экспортын орлого 2009 оноос хойш эрчимтэй өссөн ба үүний дийлэнхийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Учир нь 2009 оноос хойш уул уурхайн экспортын бүтээгдэхүүний үнэ болон биет хэмжээ зэрэг өссөн бол уул уурхайн бус экспортын салбарын бүтээгдэхүүнүүдийн биет хэмжээ буурч үнэ харьцангуй тогтвортой байжээ.
2011 онд уул уурхайн бус салбарын экспорт шахагдаж улмаар нийт 4.8 тэрбум ам долларын орлогын 10 хүрэхгүй хувь буюу 408.3 сая төгрөгийг бүрдүүлсэн бол нийт экспортын үлдсэн хэсэг болох 4.4 тэрбум ам долларын орлогыг уул уурхайн экспортын орлого бүрдүүлсэн статистик бий. Харин 2013 оны байдлаар 3.8 тэрбум ам.доллар буюу нийт экспортын орлогын 89 хувийг УУ бүрдүүлсэн бол чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр ба баяжмал, боловсруулаагүй нефть гэсэн голлох 4 түүхий эдийн экспорт ашигт малтмалын экспортын 86%, нийт экспортын 76%-ийг тус тус эзэлжээ. Экспортын нийт орлогын хэмжээний 90-ээс дээш хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаа нь дотоодын эдийн засаг дэлхийн түүхий эдийн захын нөхцөл байдалтай ихээхэн хамааралтай болж, ялангуяа Хятадын эдийн засгийн төлөв, бодлогоос маш нягт хамааралтай болж байгаа гадаад худалдааны шокийн нөлөөлөл улам хүчтэй болж байгааг илэрхийлж байна.
2008-2009 оны хямралыг эргэн санавал экспортын голлох түүхий эд болох зэсийн үнэ 9000-2500 болж огцом унахад энэхүү шок манай эдийн засагт хүчтэй нөлөөлж төсвийн орлого тасалдаж, эдийн засаг хүндрэх нэг шалтгаан болсон. Тэр ч утгаараа уул уурхайд түшиглэсэн манайх шиг улсын хувьд түүхий эдийн үнийн хэлбэлзэл нь эрсдэл дагуулж байдаг.
Эрдэс баялгийн түүхий эдийн үнэ 2013 оны эхний хагаст тасралтгүй унасан бол оны сүүлийн хагасаас голлох орнуудын аж үйлдвэрлэл сэргэж эхэлснээр аажим өсөх хандлагатай болсон байна. 12 дугаар сарын байдлаар коксжих нүүрсний үнэ оны эхнээс 22%-иар, цэвэршүүлсэн зэсийн үнэ 13%-иар, төмрийн хүдрийн үнэ 10%-иар, алтны үнэ 27%-иар тус тус буурчээ. Харин 2014 он гарсаар экспорт өнгөрсөн оны мөн үеэс 18.1%-иар өссөн бөгөөд уг өсөлтийн 14.4%-ийг ашигт малтмалын экспортын өсөлт бүрдүүлсэн байна. Чулуун нүүрс, төмрийн хүдэр болон цайрын баяжмалын экспорт өнгөрсөн оны мөн үеэс харгалзан 20%, 44%, 43%-иар буурчээ.
Валютын урсгалыг нэмэгдүүлэх нэг суваг нь экспортын орлого маргаангүй мөн. Манай орны хувьд нүүрсний экспортоо хийж буй ч орлого нь дорвитой орж ирэхгүй, өмнө нь барьцаалсан өрөндөө төлөгдөж буй. Нөгөө талаас Оюутолгойн 2 дахь шатны санхүүжилт хойшилсон нь хүлээгдэж байсан экспортын орлого орж ирэхгүйд хүрээд байна. 2013 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2400 сая ам.доллараар, экспортын орлого 800 сая ам.доллараар буурсан. 2014 он гарсаар энэ байдал дорвитой сайжирсангүй. Иймд яаралтай валютын урсгал орж ирэх сувгуудаа нэмэх, экспортын орлогыг бодитой оруулж ирэх шаардлагатай байна. Дан ганц уул уурхайн баялагт түшиглэхгүйгээр хөдөө аж ахуйн салбартаа хөрөнгө оруулж тэр дундаа мах махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, сүү сүүн бүтээгдэхүүнээ боловсруулж экспортлох боломж нээлттэй байна. Энэ мэтчилэн валютын орлого орж ирж сувгаа нэмэгдүүлээд байвал эдийн засгийн нөхцөл байдал сайжрах, улсын валютын нөөц нэмэгдэх, ханш тогтворжих боломжтой болох юм.
М.САРУУЛ