Засгийн газар долоохон хоногийн өмнө Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төслөө татаж аваад байсан бол өчигдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, төмөр замын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төсөлд оруулсан өөрчлөлт одоогоор тодорхойгүй байгаа ч хуулийн төслийг УИХ-д өргөн барьсны дараа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр энэ тухай мэдээллийг задална гэж байна.
Харин нарийн царигтай төмөр зам тавих асуудлыг эхнээс нь эсэргүүцэж ирсэн УИХ-ын гишүүн Х.Баттулга Засгийн газраас гаргасан дээрх шийдвэрийн тухай “Монгол Улсын Засгийн газраас 100 жилийн түүхэнд байгаагүй гутамшигт шийдвэр гаргажээ” хэмээн твиттер хуудаснаа жиргээд байна. Үүгээр бол төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төсөлд эхний ээлжинд нарийн царигтай төмөр зам барихаар тусгасан, эс бөгөөс зөвхөн нарийн царигт суурилсан төмөр зам барих асуудлыг тусгасан нь ийн “Гутамшигтай” гэх цол зүүхэд хүрсэн байж мэднэ гэх таамаглалыг олон нийтийн зүгээс дэвшүүлэхэд хүргээд байна.
Гэхдээ Засгийн газар, УИХ-аас Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төслийг татаж авсны дараа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Төмөр замын царигт өөрчлөлт оруулахгүй, зөвхөн хилээс цаашхи төмөр замын шугамд бага зэрэг өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Эл асуудлыг өмнөд, хойд хөрштэй ярилцсаны үндсэн дээр шийдсэн” гэх тайлбар хийж байсан юм. Үүгээр бол Таван толгой – Гашуунсухайт, Сайншанд – Замын-Үүд, Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтайгаар, Могойн гол – Эрдэнэт, Таван толгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтайгаар барихаар өмнөх төсөлд туссан нь хэвээр байх магадлал өндөр байгаа ч Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж, УИХ-аар батлуулж байсан Зам тээврийн сайд асан Х.Баттулгын “жиргээ” олны анхаарлыг татаж, тэр хэрээр Засгийн газраас өргөн мэдүүлэх төмөр замын төсөл олон, олон таамаг дэвшүүлсэн хэвээр байна.
Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ гуравдагч зах зээлд хүргэхэд төмөр замын шинэ шугам барих нь чухал байгаа. Төмөр замтай болсон нөхцөлд нүүрсний өрсөлдөх чадвар дээшлэх төдийгүй зардал ч багасч, эдийн засагт үзүүлэх үр нөлөө өснө гэж эдийн засагчид үздэг. Гэхдээ өмнөд, хойд хөршүүд хоорондоо хий экспортлох, импортлох гэрээг 40 жилийн хугацаатай “үзэглэсэн” нөхцөлд Монголын нүүрс үнэ хүрэх үү гэх асуудал хурцаар тавигдаж байгаа ч гуравдагч зах зээлд хүргэх гарц нээгдсэн нөхцөлд, хоёрдугаарт нүүрсээ боловсруулж гаргасан нөхцөлд үнэ цэнээ алдахгүй гэх өөдрөг төсөөлөл ч гараад байгаа билээ.
Ямартай ч Засгийн газар ойрын хугацаанд Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Тэр үед одоо бүрхэг байгаа асуудлууд олонд ил болно.
Г.ДАРЬ