Н.Батбаяр сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

Н.Батбаяр сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ

УИХ дахь Эдийн засаг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэлж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдыг томилох асуудлыг хэлэлцэх юм. Харин үүний дараа Эдийн засгийн байнгын хороо дангаараа хуралдаж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэх аж.


УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг АН-ын зүгээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшүүлээд байгаа  бөгөөд олонхийн бүлгээс одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн дагуу Ш.Түвдэндорж сайд болох нь хууль зөрчихгүй үйлдэл гэж үзэж байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн зүгээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн дараагийн сайдыг УИХ-аас биш гаднаас томилох нь зүйтэй гэсэн саналаа илэрхийлээд байгаа. Тэгвэл өнөөдөр болох Хамтарсан байнгын хорооны хуралдаанаар Ш.Түвдэндорж гишүүнийг сайд болгох эсэхийг ч мөн хэлэлцэнэ.  


Эдийн засгийн хөгжлийн сайдыг МАН-ын зүгээс эдийн засаг хүндэрсэнтэй холбогдуулан буруутгаж, түүнийг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьсан. УИХ-ын дэгийн дагуу сайд огцруулах асуудлыг өргөн барьснаас долоо хоногийн дотор УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх дэгийн дагуу өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа юм.

 

Өнөөдөр таван байнгын хороо хуралдана /2014.06.04/

1.Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн  байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас“А”  танхимд:

Хэлэлцэх асуудал:

·         Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.4.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэх чиглэлээр, анхны хэлэлцүүлэг/;

·         Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал.

2.Эдийн засгийн  байнгын хорооны хуралдаан  “А”  танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

·         “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах  тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

·         “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Цайдам нуур, Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулах тухай,  хэлэлцэх эсэх/;

·         Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

·         Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал.

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн  байнгын хорооны хуралдаан хамтарсан   хуралдааны дараа “Б”  танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

·         Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

·         Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад  хуулийн төслүүд анхны хэлэлцүүлэг/.

4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

·         Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газраас 2014.5.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, төрийн ёслолын журмыг батлах субъектыг  өөрчлөх тухай, хэлэлцэх эсэх/;

·         “Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах  эрхийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх, төрийн албыг шуурхай, ил тод болгох чиглэлээр хийсэн ажлын талаар  Мэдээллийн  технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаагийн мэдээлэл сонсох;

·         Улсын Их Хурлын Тамгын газрын 2013 оны үйл ажиллагааны болон Улсын Их Хурлын 2013 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан;

·         Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл.

5.Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан  14.00 цагаас    “В”  танхимд:

Хэлэлцэх асуудал:

·         Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төсөл /зөвшилцөх/;

·         Далайн хөдөлмөрийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенц, Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцид тус тус нэгдэн орох тухай  /зөвшилцөх/.


Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж