Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдрөөр эхэлсэн зуны сар халуун усгүйн дээр тог цахилгаангүй ажлын мацаг барих хоёр бүтэн өдөр нэмэгдлээ. Хөгшин хүний судас шиг болсон, шугамын алдагдал ихтэй цахилгааны дэд станц, утас шөрмөсийг янзлахгүй бол өвөл бүр хэцүү учраас бүгдээр гэтлэн давахаас өөр аргагүй. Харин нэгэнт буянаа угааж болохгүй, биеийн үнэрээ ханхийлгэхийн хамт хоол идэхгүй, ажил хийхгүйгээс хойш агуйд бясалган суугаа даяанч мэт аглаг буйдыг зорихгүйгээр гэр гэртээ, контор контортоо бясалган завилах шидтэй орчин идтэй бүрэлдэв. Зарим хэсэг нь ердийн болон аяны хийн зуухаа асааж хоол цай буцалгаж болох хэдий ч ажлын хоёр өдөр 10-18 цагт цахилгаан тасрахад оффисын компьютер, үйлдвэрийн машин төхөөрөмж, засварын хэрэгсэл түлээ, нүүрс, газаар ажиллахгүй тул эдийн засгийн 100 өдрийн 2 нь зүгээрийг хийсэн хоног болох юм.
Амиа хорлохыг завдахдаа цахилгааны шон дээр гарсанаас тог таслуулж, үй олон гай болсон, мөрөөрөө үхээгүй, мөнгөөр хохироож амьд үлдсэн нөхрийг насан туршид нь эрчим хүч ашиглахгүй байхаар шийтгэх хүсэлт ч гарлаа. 72 цагийн туршид ажиллаж байж хуулах их хэмжээний файл, программ явц дунд нь тог тасарсанаас дахин эхлэх болж, бүтэн 7 хоног, тэр хугацаанд олох байсан 30 сая төгрөгөөрөө хохирлоо гэж нэгэн компанийн захирал өчлөө. Хамаг сүү гашилсан гэж цехийн эзэн уурлалаа. Төлөвлөсөн ажил будаа гэж залуу бизнесмен бухимдлаа. Шүдээ авахуулахаар хэвттэл тоггүй болж баларлаа гэж өвчтөн гомдлоо.
Ерөөсөө замгүй, тоггүй, усгүй орчинд олуулаа амьдрах чадвартай, агаар биш угаар амьсгалан өсөх боломжтой, Америкийн виз паспорт дээр нь гарахгүй гэлээ ч sky visa өөжин дээр нь дараатай төрдөг тэнгэр заяат ард түмэн эх газарт аж төрж байна.
ТОЙМЧ ЗӨГИЙ