“Эхлээд өршөөлөө үзүүлчих”

Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

“Эхлээд өршөөлөө үзүүлчих”

Эдийн засагч Б.Лхагважавтай уулзаж ярилцлаа.


-НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ хуулийг шинэчилснээр эдийн засагт орж ирэх хөрөнгийн урсгал нэмэгдэх болов уу. Өөрөөр хэлбэл, хямралаас гарахад хэр дэмжлэг болж чадах вэ?


-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг шинэчлэхээс илүү эхлээд өнгөрсөн 23 жилийн татварын бодлогоо, эрх зүйн орчноо илүү томоор харах хэрэгтэй байгаа юм. Мэдээж, хуулийн өөрчлөлт, шинэчлэлтээр эдийн засагт нөлөөлөх зарим асуудал нааштайгаар шийдэгдэх нь тодорхой. Гэхдээ монголчууд эхний ээлжинд татварын бодлого, татварын ойлголт, эрх зүй, татварын хэрэгцээгээ эргэн харж, зөв замаар явж байна уу, эсвэл буруу замаар будаа тээгээд байгаа юу гэдгээ сайн таньж авмаар санагддаг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлж ирсэн татварын бодлого, эрх зүйн орчин хаанаа алдаатай байв, юу нь ололт дагуулав гэдгээ үнэлж дүгнэж байж дараагийн арга хэмжээгээ авах хэрэгтэй л дээ. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Монгол Улс гурван том хямралыг даван туулсан. Хамгийн олзуурхууштай нь, хямрал болохын өмнө хөрөнгө оруулах, өмчийг эзэд нь өгөх, татварын бодлогоор баялаг бүтээгчдээ, иргэдээ дэмжсэнээр эргээд эдийн засагт том дэмжлэг болсон байдаг. Тухайлбал, 2009 оны хямралыг 2008 онд батлагдсан дөрвөн “10”-ын бодлого, Татварын өршөөлийн хуулиар давж гарсан. Тэр үед гудсан дор хадгалагдаж байсан дөрвөн тэрбум ам.доллар ил болсон гээд бод доо. Дээр нь Оюутолгойгоос дөрвөн тэрбум, нийтдээ найман тэрбум доллар манай эдийн засагт хөрөнгө оруулалт болсон. Эдийн засаг гурав дахин өссөн. Тухайн үед маш цөөн аж ахуйн нэгж өршөөлд хамрагдсан юм. Бусад нь ашиглаж чадаагүй. Тиймээс л Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль ба татварын өршөөлийн хуулийг эхлээд батлах ёстой. 2008 онд боломжийг алдсан хүмүүст дахин нэг боломж өгье. Хамгийн гол нь татварын эрх зүйн орчин, системийнхээ суурийг зөв тавихаас л шинэчлэлтийг эхлүүлэх ёстой.


-Тэгэхээр Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль буюу Татварын өршөөлийн хуулийг батлах хэрэгтэй гэж та үзэж байгаа хэрэг үү. Зарим хүн шүүмжлэлтэй хандаж байгаа шүү дээ. Төрийн мөнгийг идэж уугаад гадны банкинд аваачаад хадгалсан хүмүүст санхүүгийн өршөөл үзүүлэх нь зөв юм уу гэж?


-Өнөөдрийг биш маргаашийг харах юм бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг эхлээд батлах учиртай. НӨАТ өнөөдөр мухардалд орсон, шалтгаан нь санхүү бүртгэлийн систем нь доголдолтой, энэ нь эдийн засагт том чөдөр тушаа болж байна. Өнгөрсөн 2008 онд үзүүлсэн Татварын өршөөлийн хуулиас хойш таван жилийн дотор 2000 мянган хүн шоронгийн хаалга татахаар болсон нь санхүү бүртгэлийн систем нь алдаатай байгаагийн илрэл шүү дээ. НӨАТ-ын хуулийн эрх зүйн орчин, хэрэгжүүлэлт, ерөөсөө хууль өөрөө алдаатай байгаагаас болоод энэ олон хүн ял сонсох хэмжээнд очно гэдэг харамсалтай. Тиймээс эхлээд бүртгэлийнхээ системийг шинэчилье. Өршөөл үзүүлье. Баялаг бүтээгчдэдээ өршөөл үзүүлснээр эдийн засагт ч том хөрөнгө оруулалт орж ирнэ. Хаанаас мөнгө олох вэ гэж хайж байхаар эхлээд дотоодоосоо хөрөнгө босгох ажлаа хийх хэрэгтэй. Айлаас гуйхаар авдраа уудал гэж үг бий. Авдрын ёроолыг ухбал атга гурил гарч ирнэ гэсэн үлгэр байдаг биз дээ. Төрийн хөрөнгө мөнгийг идэж уусан хүмүүс өршөөл үзүүлнэ гэдэг магадгүй шударгаар ажиллаж амьдарч байсан хүмүүст бол шударга бус мэт санагдаж байгаа байх. Гэхдээ хүний нохой идэхээр өөрийн нохой долоо гэдэг. Эдийн засагт мөнгө хэрэгтэй үед боломжийг, гарцыг хайх нь зөв л дөө. Ер нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль зөвхөн авлигач түшмэдэд ч зориулагдсан юм биш. Хамгийн гол нь баялаг бүтээгчдэдээ боломж олгох гэсэн бодлого шүү дээ.


-Баялаг бүтээгчид маань хямралын шуурганд өртөөд эхэллээ. Татварын өршөөлийн хуулиа бушуухан үзүүлээсэй гэсэн хүлээлт эдийн засгийн хүрээнийхний дунд багагүй байна?


-Гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж, Монгол руу орж ирэх хөрөнгийн урсгал татарч байгаа нөхцөлд дотоодын бүх нөөц бололцоогоо шавхах хэрэгтэй. Өнгөрсөн жилийн Мөнгөний бодлогоос болоод баялаг бүтээгчид том жижиггүй багагүй алдагдал хүлээсэн. Гэхдээ яагаад тэд гомдол тавихгүй байна вэ гэвэл төр засаг ямар нэгэн байдлаар алдаагаа засах байх л гэж хүлээснийх болов уу. Энэ хүнд үед ажилчдаа халаад, цалинг нь хасч таналгүйгээр байгаа бүхнээ шавхаад эдийн засгаа авч яваа баялаг бүтээгчдэдээ баярлалаа гэж төр хэлээсэй дээ. Үнэндээ эдийн засгийн энэ хүндрэлийг үндэсний хэдэн компани л нуруун дээрээ үүрч яваа. Тийм болохоор Татварын өршөөлийн хууль гаргаж, санхүү бүртгэлээ шинэчлэх боломж олгочих хэрэгтэй юм. Ер нь бол ардчилсан төрийн нэг үүрэг нь баялаг бүтээгчдээ хамгаалах. Хулгайч дээрэмчдээс, төрийн хүнд сурталаас, авлигач түшмэдээс , монополиос хамгаалах ёстой.  


-НӨАТ-ыг шинэчилснээр дахиад гажуудал үүсэхгүй гэх баталгаа байна уу. Хуурамч падаан ашиглаад НӨАТ-ын буцаан олголтоор багагүй мөнгө завшсан хүмүүс байгаа. Мэдээж, хэн нэгэн Дорж, Дондог ийм хэрэг хийж чадахгүй. Тэгэхээр НӨАТ-ын шинэчилсэн төсөлд борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжүүдийн төлсөн орлогын НӨАТ-ын орлогын 90 хувийг буцааж олгохоор  тусгасан байгаа. Үүнийг зарим албан тушаалтан овжин ашиглахгүй гэх баталгаа байна уу?


Бидний нэг алдаа байдаг. Эдийн засагтаа ерөөсөө дүгнэлт хийж үзээгүй. 1992, 1997, 2009 онд нүүрлэсэн хямралын дараа юун дээр хожив, юун дээр алдаа гаргав гэдгээ авч хэлэлцдэггүй. Хямрал дуусангуут бүгдийг мартчихдаг. Уг нь татварын бодлогоо өөрчлөх бүрдээ үзүүлсэн үр дагавар, хор нөлөөг нь дүгнэх ёстой. Үүнийг дүгнэдэг хүмүүс нь хууль тогтоогчид биш. Мэргэжлийн багийнхныг урьж ажиллуулах шаардлагатай. Манай их дээд сургуулиуд ч эдийн засагт дүгнэлт хийх хэрэгтэй байгаа л даа. Урьд өмнөх шийдвэр дээрээ үндэслээд шинжлэх ухааны дүгнэлт өгөхгүйгээр дараагийн татварын системдээ өөрчлөлт хийнэ гэдэг сөрөг үр дагавартай байж болзошгүй. Хамгийн сүүлд 2008 оны дараа Татварын өршөөлийн хууль, дөрвөн “10” татварын асуудлаар татвар хийх ёстой байсан  уу гэвэл тийм. Миний хувьд НӨАТ гэж юу юм бэ гэдэг ойлголтоосоо эхлээд өөрчлөлт хийх хэрэгтэй юм шиг санагддаг. Хууль эрх зүйн орчин, татвар хураах систем гээд олон зүйлийг өөрчлөхгүйгээр  сөрөг үзэгдэл гарахгүй гэх баталгаагүй. Тиймээс дахин нэг Татварын өршөөлийн хууль гаргаад баялаг бүтээгчдэд боломж олгоё. Баялаг бүтээгчид татвараа шударгаар төлдөг болчихвол Эрүүгийн хуулийн нэг зүйл заалт ашиглаад баялаг бүтээгчдийг дарамталдаг явдал багасна шүү дээ.


-Аж ахуйн нэгжүүдэд НӨАТ багагүй дарамт учруулдаг. Шинэчилсэн төслөөр босгыг 50 сая болтол нэмэгдүүлсэн. Ингэснээр эдийн засагт том дэмжлэг болж чадах болов уу?


-Нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг нэрнээс нь харахад үнээс авна гэсэн үг. Энэ татварыг ингэхэд хэн төлдөг юм бэ? Эцсийн хэрэглэгчид. Ажил үйлчилгээ үзүүлж байгаа компани биш эцсийн хэрэглэгч төлдөг. Эцсийн хэрэглэгч мөнгөөр төлсөн нөхцөлд авдаг татвар. Гэтэл манайхан НӨАТ-ыг компани төлдөг юм шиг ойлголттой байдаг. Компани нь эцсийн хэрэглэгчийн төлсөн татварыг төрийн санд дамжуулах үүрэг гүйцэтгэдэг. Нэг зүйлийг хэлэхэд өнөөдөр НӨАТ-ыг авч байгаа процесс нь бүгд нягтлан бодох бүртгэлийн буруу суурин дээр явагддаг. Тэгэхээр хуулиа өөрчлөхөөс өмнө эхлээд нягтлан бодох бүртгэлээ өөрчлөх ёстой. Энэ нь харамсалтай нь мэргэжлийнхний тооцоо, судалгаан дээр үндэслэгдэж биш, улстөрчдийн сэтгэлийн хөөрлөөр хийгддэг болчихоод байна. Уг нь болдогсон бол эхлээд Эдийн засгийн ил тод байдлын хуулиа баталчих хэрэгтэй байгаа юм.  Дараа нь 2014 он дуустал, нягтлан бодох, санхүү бүртгэлийн системээ цэгцлэх ёстой. Энэ хооронд татварынхаа бүх хуулийг тунгааж, судалж, тооцож байгаад шинэчилье. Тэгээд 2015 оны нэгдүгээр сараас  шинэ хуулиар явуулна гэдгээ зарлах хэрэгтэй. Энэ бүхний дараа шинэ тоглоомоор тоглож чадаагүй үлдсэн бол ёстой хохь нь шүү гээд сууж байя л даа. Манай компаниудын хувьд татвараа шударгаар төлөх сонирхолтой болсон. Учир нь, татвараа шударгаар төлнө гэдэг хэн нэгний дарамт шахалтаас, зах зээлээс, өрсөлдөөнөөс ямар нэгэн эрсдлээс өөрийгөө хамгаалж байгаа хэрэг. Тиймээс санхүүгийн бүртгэлээ шинэчилсний дараа НӨАТ-ын хуулиа өөрчилбөл ядаж л баялаг бүтээгчдийг дарамталдаг механизм устана. Баялаг бүтээгчдийн хувьд томрох боломжтой болно. Ийм л шударга, зөв тогтолцоо хэрэгтэй болохоос НӨАТ-ын босгыг 50 сая болгоод хоёр тайлан гаргадаг, түүнээсээ бол татварынханд олзлогддог явдал зогсохгүй л дээ. Ер нь энэ босго гэдэг зүйлээ болиод бүх компаниас татвар авдаг болбол бүр сайн. Татварынхаа хувийг харин бууруулчих хэрэгтэй. Эцсийн хэрэглэгчдэд НӨАТ буцааж олгодог байх ёстой. Ингэж чадвал Монголын татварын орчин маш сайн болно. НӨАТ-ыг буруугаар ашигладаг явдал зогсоно. Эдийн засаг эрүүлжиж, томорно. Ийм л татварын эрх зүйн орчинд үгүйлэгдэж байна. Үүнийг олж харах хэрэгтэй болчихоод байна.


 Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж