Хүүхдэд үзэх зүйл байна уу?

Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

Хүүхдэд үзэх зүйл байна уу?

ССАЖЯ-наас саяхан хүүхдийн кино зохиолын уралдаан зарлаж, шалгаруулалтаа явуулсан. Энэ бол үндсэндээ хүүхдэд зориулсан кино бүтээлгүй удсаны баталгаа, нийгмийн захиалга, эрэлт хэрэгцээ бий болчихсоныг хүлээн зөвшөөрсөн хэрэг байсан юм. Өнөөдөр хүүхэд багачууд, өсвөр насныханд зориулсан кино, нэвтрүүлэг юу байна гэж Монголын сувгуудыг хэчнээн эргүүлсэн ч аятайхантай нь тааралдахгүй.


Ерөнхийд нь манай хэдэн телевизүүдийн хөтөлбөр нь мэдээ, солонгос кино, орчуулгын шоу, хүүхэлдэйн киноноос л бүрддэг. Хүүхэлдэйн кино гэвэл Маша баавгай хоёр, Том Жерри зэргээр л хязгаарлагдана. Гэтэл энэ кинонуудыг нь цөөнгүй оронд хүүхдэд буруу үлгэр дуурайл үзүүлдэг гээд хориглочихсон байх жишээний. Уг нь хүүхэлдэйн киногоор дамжуулан бага насныханы төлөвшил хүмүүжилд гүнзгийгээр нөлөөлөх боломж байдаг. Япон зэрэг азийн оронд хүүхэлдэйн киноны агуулганд нь анхаарал хандуулж, хүндлэл, хайрлахын утга учрыг мэдрүүлэх боломж гэж хардаг. Утга учиргүй зүггүйтэл, хөл толгойгүй хөөцөлдөөн, нэг нэгнийгээ хорлож гэмтээх үйлдэл, харгислалын аль нь ч байхгүй.


Харин монголчуудын хувьд үндэсний хүүхэлдэйн киноны баатар, дүр гэх зүйл байхгүй, үзүүлээд байх хүүхэлдэйн киноны сан ч дутмаг байгаа тул гадны контентоор л хүүхдүүдийнхээ хэрэгцээг хангахыг хичээсээр. Хүүхдүүдийн үзэж буй орчуулгын кинонуудын агуулга нь сурган хүмүүжүүлэх битгий хэл эсрэгээр нь уруу татахаар ч зүйлстэй. Ихэнх хүүхэлдэйн киноны хөгжөөн баясгах хэсэг нь осол аваар, хүчирхийлэл, хорлол. Эцсийн зорилго нь эсрэг талыг устгах. Индүүгээр нэгнийхээ нүүрийг цохих, буланд отож байгаад мунаар дэлсэх зэргийг багачууд телевизээр шууд сурч байна. “Том, Жерри” үздэг нас нь өнгөрчихсөн бага, дунд ангийнхний хувьд үзээд байх хөтөлбөр бол бүр ч олоход бэрх. 14, 15,16 настнуудыг телевизийнхэн мартсан шиг тэд ч телевизорыг мартсан мэт интернэт, олон нийтийн сүлжээ ашиглан танин мэдэхүйн хэрэгцээгээ хангаж байна. Гэтэл уран сайхны кино, үзвэрээр нь хангаагүй байтлаа одооны хүүхэд залуус интернэтэд донтлоо гэж загнана.

Нийтлэг монголчуудын хувьд хүүхдүүд нь нь нэг телевиз, эцэг эх нь нэг зурагттай болтлоо хөгжөөгүй тул ихэнх хөтөлбөрийг хамтдаа үздэг. Хөтөлбөр ч юу байх билээ, өнөө солонгос киногоо үзэцгээнэ. Сургаал хэлж хүмүүжүүлдэг эмээ, өвөө  нар маань хэрүүл тэмцэл, өш хонзон, хээнцэрлэл хэлбэр ихтэй киног ач, зээ нартайгаа нийлж аваад харин ч нэг үзнэ шүү дээ. Үзвэрийн үзэх насны ангилалыг заасан байдаг ч өсвөр насныханд хориглосон киног ч хүүхэдтэйгээ хамт үзэх нь энүүхэнд.


Хүүхдүүд бас ээж, аавтайгаа хамт орчуулгын шоу үзнэ. Мэс засал хийлгээд хөөрхөн болж байгаа залуус, мөнгө хожиж баян болохын тулд бусдыг золиослож буй реалити, амьдралд нь өөрөөс нь өөр хэн нэгэн нөлөөлдөг гэж итгүүлэх зөн билэгчдийн үзүүлбэр гээд л.

Ийнхүү сэтгэлгээнд нь тохирсон зүйл үзүүлж харуулахгүй хэрнээ, их зан сууснаар нь дуудаж, өөрсдөд нь зориулсан үзвэр бэлдээгүй байж тоглоом, интернэтэд донтлоо гэж загнаад нэмэp байхгүй болсон бололтой. Хэдхэн хоногийн өмнөөс сурагчдын зуны амралт эхэллээ. Өдөржин гэртээ өнжиж байгаа хүүхдүүдэд үзүүлчих юм үнэндээ алга байгааг эцэг, эхчүүд улам бүр  мэдэрч байгаа байх. Та хүүхэдтэйгээ хамт нэг өдрийг өнгөрүүлээд үзүүрэй. Тэдэнд үзүүлчих сурагчдын амралтад хаягласан нэвтрүүлэг, кино телевизийн дэлгэцээр юу ч гарахгүй байгааг анзаараарай.  


Мартсанаас саяхан айлын маань хүүхэд согтуу хүн болж найгаж маяглах юм… “Чи хэн юм, согтуу хүн юм уу” гэсэн чинь, “Тийм, би "Гурван найз" болж байна” гэж хариулсан юм даа. Хүүхдүүд телевизээс ийм л боловсрол авч байна.


Б.МАНДАХ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж