Чежүгийн циркт тоглох залуус гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2014.06.03-нд нийтлэгдсэн

Чежүгийн циркт тоглох залуус гэрээ байгууллаа

Залуучуудын холбооны хөдөлмөрийн төв бирж Чэжү дахь Монгол морин цирк болох "Шонхор" циркийн захиалгаар циркэд ажиллах жүжигчдийг ажил хайгч залуучуудаас сонгон шалгаруулж зуучиллаа. Уг сонгон шалгаруулалтанд тэнцсэн таван залуу сар орчим хугацаанд бэлтгэл хийж өнөөдөр "Шонхор цирк"-ийн удирдлагуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Азийн аялал жуулчлалын гол бүс Солонгосын Чэжү арал жуулчдын анхаарлыг татдаг бөгөөд Монголын морин циркчид тэнд ажиллаж эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа юм. Циркийн тоглолтод оролцохоор гэрээ байгуулж буй залуу циркчид хоёр жилийн хугацаанд Чежүд ажиллахын зэрэгцээ сурч боловсрон, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх юм байна.  Залуу циркчид, тэдний ар гэрийнхний сэтгэгдлийг сонслоо.

Д.Цэвээндорж:

-Сэтгэгдэл маш өндөр байна. Зарын дагуу холбогдож сонгон шалгаруултад орсон. Тэнцээд Солонгос руу явах гэж байгаадаа маш  баярлаж байна. Энэ дашрамд  Монголын залуучуудын холбоо болон ССАЖ-ын сайд С.Оюунгэрэл нартаа баярлалаа гэж хэлье.

Б.Билэггүн:

-Монгол Улсаа төлөөлөөд олон улсын циркт тоглох гэж байгаадаа баяртай байна. Улсынхаа нэрийг өндөрт өргөж явна гэж бодож байгаа.  Очоод хүрдан л тоглолтондоо ормоор байна.

О.Ганзориг:

-Хоёр улсын хамтын гэрээгээр Солонгос улс руу явах гэж байна. Хан-Уул дүүргийн Засаг дарга, мөн Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн хамт олонд маш их баярлалаа.

Я.Отгонбаяр: /Ганзоригийн ээж/

-Хүү минь яваад амжилтанд хүрээд ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Үргэлж хажууд байсан болохоор хол явж байгаа хүүгээ хараад эх хүний хувьд санаа жаахан зовж л байна. Гэхдээ олон сайхан хүмүүсийн итгэлийг даагаад, юм үзэж нүд тайлаад, их зүйл сураад ирнэ гэдэгт итгэлтэй байна. Хүүд маань энэ боломжийг олгосон бүх хүмүүст баярлаж байна.

Ц.Баасансүрэн:  /Цэвээндоржийн нагац эгч/

-Манай дүү зарын дагуу очиж шалгаруулалтад орсон. Дүү маань өөрөө урлагийн авьяастай хүүхэд. Сургуулийнхаа бүжгийн аварга, загварын тэмцээнд ороод их идэвхитэй. Тэгээд энэ сайхан хамт олны тусламж дэмжлэгээр Солонгос улс руу явж байгаад маш их баярлаж байна.  Явж байгаа бүх хүүхдүүддээ Чежү арал дээр очоод Монгол орныхоо  нүүр царай болоод  их амжилт гаргаад ирээрэй гэж хэлмээр байна гэлээ.

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж