Энэтхэгт өсвөр насны үеэл охидыг хүчирхийлж, амийг нь хөнөөсөн хэрэг дахин дуулиан, эсэргүүцэл дагууллаа. Энэтхэгийн Уттар Прадеш мужид өнгөрсөн долоо хоногт 14, 15 настай хоёр охиныг хүчирхийлж,модноос дүүжилж амийг нь хөнөөсөн хэрэг гарч, олныг цочирдуулаад буй юм. Энэ хэрэгт таван хүнийг баривчлан хорьсны хоёр нь цагдаа гэнэ. Цагдаагийн хоёр ажилтанг албан үүргээ биелүүлээгүй, гэмт этгээдүүдтэй хуйвалдсан хэрэгт буруутган баривчилжээ.Энэ хэргээс үүдэн Уттар Прадеш мужийн олон зуун оршин суугчгэмт этгээдүүдийг хатуу шийтгэхийг шаардан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Мужийн захиргааны байрны гадна цугласан олон зуун жагсагчийг тараахын тулд цагдаа нар даралттай ус, нулимс асгаруулагч ашигласан ч эсэргүүцэл их байсан гэнэ. Түүнчлэн энэ долоо хоногийн эхээр тус мужид хүчирхийлүүлж, амь үрэгдсэн 22 настай бүсгүйн цогцос олдсон нь иргэдийн уур, хорслыг улам бадраажээ. Хохирогч бүсгүйд хүчил уулгаж, хоолойг нь боож хөнөөсөн болохыг задлан шинжилгээгээр тогтоосон байна.
Үүнээс өмнө өнгөрсөн 2012 онд Энэтхэгийн Дели хотын автобусан дотор оюутан бүсгүйг хэсэг залуус бүлэглэн хүчирхийлж, зодсоноос амь үрэгдсэн хэрэг гарч дэлхийн анхаарлыг татсан билээ. Энэ хэргээс үүдэн Энэтхэгт охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг шаардсан том хөдөлгөөн өрнөж, Засгийн газар хүчирхийллийн эсрэг хуулийг чангатгасан юм.
Б.АНХТУЯА