Сэтгэл гэгээрсэн цагт…

Хуучирсан мэдээ: 2014.06.03-нд нийтлэгдсэн

Сэтгэл гэгээрсэн цагт…

Шархадны эмнэлгийн ачаалал урьд урьдаас нэмэгджээ. Энэ нь хавар цагт хүмүүсийн өвчин хууч хөдөлдөгтэй холбоотойгоос гадна сүүлийн үед элдэв төрлийн стресс, уур бухимдалт харилцаа нийгэмд зонхилох болсноос үүдэлтэйг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд хэлж байна. Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй цэл залуу настнууд, амьдралын сайн мууг мэдэрч ч амжаагүй цэцэг цэврүү шиг охид тус эмнэлгийн өвчтөн болчихсон байх нь үнэхээр харамсалтай. Анагаахын дээд сургуульд тун амжилттай суралцаж, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан оюутан охиноос эхлээд тансаг амьдралд умбаж байдаг ч ганцаардлын улмаас  хэрээсэн хатгамлыг ядаргаанд ортлоо оёсон баян айлын эзэгтэй ч тус эмнэлгийн “хурцын тасаг”-ийн өвчтөн болчихсон байх жишээтэй.

Сэтгэл мэдрэлийн өвчин маш олон төрөл, учир шалтгаан ч үй түмэн янз боловч стресс, уур бухимдал, сэтгэл гутралаас үүдэлтэй өвчлөл зонхилдог байна. Тиймээс хүн бие махбодийн хувьд эрүүл байхын зэрэгцээ сэтгэцийн хувьд эрүүл байх нь чухал гэдгийг анагаах ухаан хэдийнэ хүлээн зөвшөөрсөн байдаг. Сэтгэц өвдвөл бие өвдөнө, бие өвдвөл сэтгэц өвдөнө. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын нэгэн судалгаагаар дэлхийд нийт өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн 60 хувь нь сэтгэцийн ямар нэг өөрчлөлттэй буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай байсан бөгөөд бие махбодийн өвчлөлийн 85,7 хувь нь сэтгэцээсээ болж өвдсөн байдаг ажээ.

Гэр бүлийн маргаан, гэр бүл салалт, ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн хямрал, архидалт, хардалт, хүүхдийн буруу хүмүүжил зэрэг олон хүчин зүйлээс болж буруу зөрүү ойлголт,  будилаан, үл ойлголцол, бухимдал, стресс, тайван биш байдал, сэтгэл зовнил  зэрэгт та бид өртөж байдаг. Эдгээрийг сэтгэл зүйн өөрчлөлт гэж үздэг төдийгүй сэтгэцийн хувьд тулгамдсан асуудал болж байдаг аж. Энэ олон төрлийн өөрчлөлтөд огт өртөж үзээгүй хүн нэгээхэн ч үгүй. Харин энэ бүхнийг цаг зуурын тохиолдол гээд огт тоохгүй орхисон нь олон. Гэтэл сэтгэцийн тулгамдсан асуудалд өртсөн үедээ сэтгэцийн эмчийн болон сэтгэл зүйчийн тусламж авч, сэтгэлээ ариусган гэгээрүүлж байх ёстой гэнэ. Гэтэл монгол эрчүүд хундага дарсаар, хүүхнүүд нь мэргэжлийн бус хүмүүсийн буруу ташаа зөвлөгөөгөөр асуудлыг шийдэж орхидог.

Дээрхийн гэгээнтэн 14 дvгээр Далай лам нэгэнтээ “Амьдрал мөнгөн дээр тогтдоггvй. Ядуу хvн ч аз жаргалтай амьдарч болдог бөгөөд хичнээн их мөнгөтэй байлаа ч зах дээрээс худалдан авч болдоггvй зvйл гэж бий. Тэр бол сэтгэлийн амар амгалан” хэмээн айлджээ. Үнэхээр ч сэтгэл тайван, элдэв стрессгүй амьдарч буй хүн үе тэнгийнхнээсээ үргэлж залуу сайхан харагддаг билээ. Залуу, сайхан байхыг хүсдэггүй хэн байх билээ. Тэгсэн хэр нь та бид сэтгэлийн амар амгаланг цогцлооход төдий л анхаардаггүй. “Тайван аж төрөх арга алга, гэрээс гараад л бухимдахад хүрч байна” гэх. Бухимдал, уур уцаарын шалтгаан биднээс өөрсдөөс маань улбаалж байдгийг анзаардаггүй. Хувь хүн өөрөө л элдэв стресс, уур бухимдлаас сэргийлж сэтгэцийн хувьд эрүүл аж төрөхөд анхаарч байхгүй бол нийгэм бүхэлдээ уур бухимдлын үүр болж мэдэх нь. Учир нь стресс бол нэгээс нөгөөд халддаг нэгэн төрлийн вирус ажээ. Тиймээс ч “Нэг хүн уурлахад мянган хүн цухалдана” гэсэн үг гарчээ. Гэрт гаргасан уураа ажилдаа тээн очих, ажил дээр болсон маргаанаа гэртээ үргэлжлүүлэн харих гэх мэт гаж зан үйлтэй хүн улам л олширсоор байна.

Тал шигээ уужим сэтгэлтэй монгол хүмүүс балмад зан авиртай болж, улам зэрлэгшсээр байгааг хот хөдөөгийн хаанаас ч харж болно. Үр хүүхдээ хазаж хайрсан, хань ижлээ зодож цохьсон адгийн авир дайчин монгол эрчүүдийн цуснаас өвлөсөн үйл үү гэж гайхахад хүрч байна. Уур бухимдлын шалтаг шалтгааныг бусад руу, тэр дундаа нийгэм гэх биет бус “гэмтэн” рүү чихэх болсон нь нийтлэг. Гэвч нийгмээс өмнө өөрийгөө, гэр бүлээ нэг тольдож, сэтгэхүйн хувьд эрүүл аж төрж чадаж буй эсэхээ тандахад илүүдэхгүй юм байна шүү. Сүүлийн үед дэлхий нийтийн хэмжээнд шизофрения өвчин дөрөв дахин, оюуны хомсдол 13 дахин, өтлөлтийн солиорол зургаа дахин, архинд донтох өвчин 25 дахин, невроз өвчин 29 дахин өссөн байна. Харин манай улсад хамгийн багаар бодоход 500 мянгаас дээш хүн сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэсэн судалгаа гарчээ.

Хүн бүрт сэтгэлзүйн хэрэгцээ байдаг. Энэ нь өдөр тутмын хоол хүнс, ус агаар мэт хэрэгтэй гэдгийг та бид төдийлөн мэддэггүй. Цангавал унд ууж, өлсвөл хоол идэж, нойр хүрвэл унтдагийн адил хүмүүн бидэнд сэтгэл хангалуун байх, хамт аж төрж, ажиллаж хөдөлмөрлөж буй хүмүүстэйгээ ойлголцож байх хэрэгцээ шаардлага үргэлж тулгардаг. Сэтгэл зүйн хэрэгцээнд хайр ч бас багтана. Хэн нэгнийг хайрлаж, хайрлуулж, гэр бүл хамт олондоо хэрэгтэй хүн гэдгээ мэдрэх, бусдад тусалж  дэмжих, шинэ санаа сэдэл гаргах зэрэг нь байдаг л нэг үйл мэт боловч энэ бүхний хүчээр хүн сэтгэл зүйн хэрэгцээгээ хангаж сэтгэл зүйн хувьд эрүүл аж төрдөг байх нь. Гэтэл сүүлийн үед монгол хүний сэтгэлийн хат алдагдаж, сэтгэцийн асуудлаа зөв шийдэж сураагүйгээс сэтгэл сэртхийлгэм гэмт хэргүүд шил даран гарч байгааг сэтгэл зүйч нар үгүйсгэхгүй байна. Нийгмийн эмч болсон сэтгэл зүйч нар үндсэн ажлаа үр бүтээлтэй хийдэгсэн бол өнөөдөр Монголын нийгэм харьцангуй эрүүл байх байсныг үгүйсгэхгүй. Хэн нэгний маань ааш араншин эвдэрч, зан үйл нь бүтэлгүйтлээ гэхэд бид хэнд ханадахаа мэддэггүй. Доголдол нь гүнзгийрч сэтгэцийн өвчин болчихоогүй л бол эмч, эмнэлэг тоохгүй. Эцэг эхчүүд, хань ижлийнх нь  хувьд нэг өдөр аргадаж, нөгөө өдөр загнахаас хэтрэхгүй. Ийм үед тухайн хүний зан байдлыг мэргэжлийн зүгээс үнэлж дүгнээд таарч тохирсон зөвлөгөө өгдөгсөн бол олон арван гэр бүлд амар амгаланг мэдрэх байсан биз. Гадаадын улс оронд бол стресс менежмент гэж бие даасан шинжлэх ухаан хөгжиж, стресс менежерүүд зөвлөгөө өгч байдаг гэнэ.

Сэтгэцийн тулгамдсан асуудал нь хүн болгонд тохиолддог энгийн юм шиг хэрнээ зөвөөр шийдэж, стресс бухимдлаа зөв тайлж сурахгүй бол хамт олны дунд эрүүл бус харилцаа үүсэх, үл ойлголцол үүсэх, гэр бүлд бол хэрүүл маргаан тасрахгүй байх, улмаар гэр бүл салахад хүргэдэг. Энэ бүхнээс үүдэн хүн ганцаардах, нийгмийн болон ажлын бүтээмж буурах,элдэв буруу зуршлуудад автах, архидан согтуурах, ажил сургуулиа хаях, сурч боловсрох чадвар нь буурах зэргээр маш их хор хохирол учруулдаг байна. Бид бие махбодийн ямар нэг зовиур илэрвэл, ямар нэгэн өвчин тусвал эмч, эмнэлгийг зорьдог.  Харин сэтгэцийн хувьд тулгамдсан асуудал тулгарах, стресс, бухимдалтай байх, хүчирхийлэл, дарамтанд орох үедээ найз нөхдийнхөө, гэр бүл, ажлынхныхаа хүрээнд шийддэг нь асуудлыг улам хурцатгах, эрт орой нэг цагт дахин стресстэх шалтаг болдог байна. Найрын ширээ, үдийн зоогийн хачранд хэн нэгнийг муулж  гоочлох, хань бүл, хамт ажиллагсдаа элдвээр хэлэх зэргээр “кайф” авагсад байгаа нь монгол араншин яав ч биш юм. Балчирхан насанд минь “Хүнийг ар хударгаар муулдаг хүн яавч хүний нөхөр биш. Өнөөдөр бусдыг, маргааш чамайг…” хэмээн ажаадаа загнуулж, шилбүүрдүүлсэн шарх одоо ч хөндүүрлэх шиг санагддаг билээ. Ийм хударгагүй зан эр хүнд огтхон ч зохидоггүйг бас онцолмоор. Солонгосчууд бол харин хаалга хаасан нэгнээ харин ч нэг гамгүй шоглоно шүү дээ. Энэ бүхнээс үүдэн өгүүлэхэд манай улсад сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүст үйлчилдэг эрүүл мэндийн тогтолцоо нэн шаардлагатай байна. Сэтгэл гэгээрсэн  цагт эрүүл бие цогцолж, эрүүл биеэс саруул ухаан төрөх билээ.

Д.ЦЭЭПИЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж