"Фортуун фортуун л гээд байх юм, тэр чинь хэн юм бэ" гэсэн нэгнийгээ “Чи ямар муухай улс төрийн боловсролгүй хүн бэ” гэж загнадаг тухай онигоо бий. Өнөө цагийн улстөрчид дундаа хамгийн ихээр шоглууж, адлуулж яваа нь бараг л энэ Фортуна Н.Батбаяр. Эдийн засгийн хүндрэл, хямрал хүн бүрийг бухимдуулж буй энэ үед Эдийн засгийн хөгжлийн сайд гэсэн нэг задгай яриатай нөхөр байгаа тул эргэлзэх зүйлгүйгээр бухимдсан олон “нүдүүр” болгож орхисон нь энэ. Түүнийг шоочилж, муучилснаар асуудал шийдэгдэхгүй, эдийн засаг нь сэмбэлзтэл босоод ирэхгүй ч түүнийг муу ярих нь бухимдлаа тайлахад нь хэрэг болдог бололтой. Ямар нэгэн зүйл болж бүтэхгүй байвал буруутанг хайж олдог тэр л жишгээр олсон сөрөг талын гол дүр болчихсон түүх нь ийм.
Өмнө нь Эрүүл мэндийн сайд С.Ламбааг өвчин зовлон ярьж байж ямар муухай баясгалантай царайлдаг юм хэмээн шүүмжилдэг байв. Үнэхээр түүний байгаа байдал нь л тийм гэдгийг хүн бүр мэддэг хэрнээ мэддэггүй юм шиг уурладаг байв даа. Сайд Н.Батбаярын хувьд ч бас хувийнх нь характерт нь өгсөн үнэлэлт, хийж байгаад зүйлийг нь үнэлэх боломжгүй болгоод байх шиг.
Инээмсэглэж явдаг хүн хүмүүст таалагддаг уу, таалагддаг. Тэгвэл зүйр цэцэн үг, ерөөл магтаал хэлчихдэг, өөдрөг, хөгжилтэй, хэцүү асуудлаас бултаад гарчихдаг тийм хүн бусдад таалагддаг уу гэвэл мөн л эерэг үнэлгээ өгнө. Гэвч асуудлын гол нь тэр хүн асуудалтай салбарын сайд учраас л энэ зан төлөв нь эсрэгээрээ дүргүйцлийг төрүүлээд байгаа хэрэг. Яалт ч үгүй бусдын асуусан асуултанд шууд хариулдаггүй, шаардлагагүй үед зүйр цэцэн үг хэрэглэдэг, шүүмжийн хариуг ерөөл сургааль болгоод орхидог, өөдрөг зүйл бодохыг уриалдаг хувийн зан характер нь сайдынх нь хувьд тохирсонгүй. Н.Батбаяр өөрийнхөө энэ зан төлвийг өөртөө сөрөг үнэлгээ цуглуулсаар байгааг, үүнийг нь харсан сөрөг хүчнийхэн нь огцруулах асуудлыг босгож иртэл нь “том” болгосноо анзаарсангүй.
Олон нийтийн хувьд ч эдийн засгийн хүндрэлт байдал Н.Батбаяр сайдаас болсон уу, эсвэл геополитикийн бодлого, улс төрийн бүхий л намын хариуцлагагүй мөнгөний амлалт, төсвийн буруу зарцуулалт, төрлийн садангийн томилгооны балаг, данхар үрэлгэн төрийн аппаратаас болов уу гэдгийг анхаарахгүй хэвээр.
Магадгүй Н.Батбаяр сайд гал тахиад, сан тавиад нөхцөл байдал дээрдэнэ гэж итгэсэн шиг олон нийт ч Н.Батбаяраар туг тахиж огцруулангуут эдийн засаг дээрдэнэ гэж бодоод байх шиг. Угтаа бол сайдыг огцруулах асуудлыг ярьж байхын оронд эдийн засгийг сайжруулах боломжийн талаар ярьж байх цаг. Түүнийг огцорч, ажлаа өг гэхийн оронд, уртасгасан цагаар ажилла, шүүмжлэлийг бодитоор хүлээн авч, ажилдаа шамдан ор гэж шаардмаар.
Огцруулья гэснийг эсэргүүцээд байх юм алга, гэхдээ одоо тэр нөхрөөр ажлыг нь хийлгэмээр байна. Олж ирсэн, босгож авчирсан бондыг нь суудалдаа үлдэхийн тулд биш, эдийн засгийг сэргээхэд зарцуулмаар байна.
Б.МАНДАХ