Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ өнгөрсөн долоо хоногоос хэлэлцэж эхэллээ. Тогтоолд тусгаснаар Цагаан суваргын ордод төр 34 хүртэл хувь эзэмшинэ. Ингэхдээ төр өөрийн эзэмшилдээ 350.6 сая ам.долларын хөрөнгө оруулахаар тогтоолын төсөлд тусгасан нь Засгийн газрын хувьд парламентаас хүчтэй шүүмжлэл сонсоход хүргээд байна.
Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Цагаан суваргын зэс молибдений ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Монголын алт” компани эзэмшдэг юм байна. Тус компани 2001-2008 онд өөрийн хөрөнгөөр нарийвчилсан хайгуулын ажил хийж, 2009 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийн тайлангаа хэлэлцүүлэн баталгаажуулжээ. Үүгээр 250.4 сая тонн хүдэр, 66167 тонн молибден, 11.127 тонн алтыг улсын бүртгэлд бүртгүүлсэн юм байна. Харин хайгуулын ажилд тус компани 2.679.400 ам.долларыг зарцуулсан бол нөхөн төлбөрт 714.760 ам.долларыг төрд төлжээ. Мөн тус компанийн Цагаан суваргын ордод оруулсан хөрөнгө оруулалт одоогоор 323.1 сая ам.доллараар хэмжигдэж байна.
Иймд “NEWS WEEK” сонин энэ долоо хоногийн “VS” буландаа Уул уурхайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын байр суурийг онцоллоо.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг
Төрийн эзэмшлийн тухай яриад байгаа нь УИХ-аар баталсан 27 дугаар тогтоолыг мөрдөж буй хэрэг. Энэхүү 27 дугаар тогтоолоор стратегийн ордуудыг тодорхойлсон. Түүнд Цагаан суваргын орд багтсан байдаг. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Цагаан суваргын ордод төр 34 хүртэл хувь эзэмших эрхтэй, үүний үнэлгээ нь 350.6 сая ам.доллар болж байгаа. Энэ төсөл 17 жил ургэлжилж, 11 их наяд төгрөгийн борлуулалт хийнэ гэж гарсан.
Ер нь тэгээд төр дангаараа орд эзэмших, эсвэл аль нэг компани дангаараа хувь эзэмших нь утгагүй асуудал. Тийм учраас 34 хүртэлх хувийг төр эзэмших нь олон талын ашигтай гэж бид үзсэн. Татвараас гадна ногдол ашиг авна. Мөн төрийн эзэмшлийн хувийг нээлттэй компанийн зарчмаар зохион байгуулна. Тогтоолд зааснаар төрийн эзэмшлийн хувийг “Эрдэнэс МГЛ” ХХК-д эзэмшүүлэхээр зааж өгсөн.
Хөрөнгө оруулагч тал /Монголын Алт компани/ маань бүх ажил бэлэн болсон, төр хувь эзэмших асуудлаа хурдан шийдээд өгөөч гэсэн. Энэ дагуу Засгийн газар УИХ-д хандаж байна, аливаад наанатай цаанатай хандах хэрэгтэй шүү дээ, манай парламентын гишүүд. Хуулийн засаглалтай Монгол Улсын хуулийг гадаадын ч, дотоодын ч компани байсан бүгд дагах ёстой.
УИХ-ын гишүүн Н.Энхболд
Одоогийн байдлаар нийт гарах хөрөнгө нь 1.3 тэрбум, шинэ журмаар тооцсон нөхөн төлбөрийн хэмжээ 2.7 сая, хувийг нь харгалзаад үзэхээр нийт хөрөнгө оруулалт дотроо улсын оруулсан хөрөнгө 0,002 хувь байгаа, үүнийг дээш нь татаж 34 хувь болгох тухай ярьж байна. Ингэж 34 хувь руу татах ямар хэрэг байгаа юм, 0002 хувь гэдэг өчүүхэн хэсэг. “Монголын алт” компани түүнийгээ аваад яваг. Үнэхээр тэр анхны улсын хөрөнгө оруулалтыг төр буцааж авъя гээд байгаа юм бол тус компанид “Гэрээгээ хийгээд үйл ажиллагаагаа явуулаад эхэлснээс хойш таван жилийн дотор улсын оруулсан мөнгийг татвараасаа гадна төлөөрэй” гээд зааж өгөөд зохицуулаад явчихад буруудахгүй. Хэзээ бид сургамж авах юм бэ, 34 хувь гэх, 50 хүртэл хувь гэх. Хэрэг дээрээ Засгийн газар өөрөө хөрөнгөгүй, чадваргүй мөртлөө хариуцлага, эрсдэл хоёрыг өөр дээрээ наах ямар хэрэгтэй юм. Цагаан суваргын ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг МАК “Засгийн газрыг 34 хувиа аваач ээ, зөрүүлээд 350.6 сая ам.доллар оруулаач” гэж ярихгүй байгаа юм билээ. Болж өгвөл өөрсдөө аваад явъя гэж байгаа. Өнөөдөр би холбогдох хүмүүсээс байр суурийг нь сонирхлоо. Түрүүчээсээ бид сургамж авах хэрэгтэй шүү.
Хамгийн ойрхон жишээ татахад, “Энержи ресурс” компани төмөр зам барьж байхад нь төр дарамталсаар байгаад булаагаад авчихсан. Үүнээс болж төмөр зам барих ажил зогссон. Хэрвээ төмөр замын ажлыг төр дарамталж зогсоогоогүй бол 2012 оноос хойшхи хугацаанд тус компани өөрөө хариуцлагаа үүрээд, эрсдлээ үүрээд тэр төмөр замыг ашиглалтад оруулаад нүүрсээ зөөх замтай болж өрсөлдөх чадвараа дээшлүүлчихсэн сууж байх байлаа. Төр хувь эзэмшихээ болих хэрэгтэй. Төрийн хувь их ч байсан, бага ч байсан дарамт үзүүлдэг. Тэгээд ч 350.6 сая ам.долларыг өөр зүйлд хөрөнгө оруулсан нь дээр биш үү, Засгийн газар аа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2014.05.30-нд
Бэлтгэсэн Г.ДАРЬ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №064