АНУ-ын Тагнуулын агентлагийн /CIA/ экс ажилтан Эдвард Сноуден Бразиль улсаас орогнол хүсэх бодолтой байна. Эдвард Сноуден Бразилийн “Globo” телевизэд өгсөн ярилцлагандаа энэ тухайгаа дурьджээ. Гэхдээ тэрээр хараахан Бразилийн Гадаад хэргийн яаманд албан ёсны хүсэлт гаргаж амжаагүй байгаа гэнэ. Эдвард Сноудений ОХУ-д түр орогнох хугацаа ирэх наймдугаар сард дуусгавар болох тул ийнхүү эртнээс дараагийн орогнох “нүхээ малтаж” эхэлсэн нь энэ аж.
Өмнө нь өгсөн ярилцлагандаа Эдвард Сноуден АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны (NSA) үйл ажиллагааны нууц материалуудыг өөрийнхөө аюулгүй байдлын батлан даалт болгож ашиглахгүй гэж мэдэгдэж байсан. Гэвч тэрээр Бразиль улстай холбоотой АНУ-ын тагнуулын үйл ажиллагааны олон мэдээллийг ил болгож, хоёр орны хооронд үл ойлголцол үүсгэсэн билээ. Энэ нөхцөл байдлаас харвал тэрээр Бразиль улсаас орогнол авах том найдлага тавьж байгаа аж. Түүнчлэн удахгүй Бразиль улсад хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах Дэлхийн цом тэмцээн эхлэх гэж буй билээ.
Үүний зэрэгцээ Эдвард Сноуден АНУ түүнд өршөөл үзүүлбэл эх орондоо харих хүсэлтэй байгаагаа учирлаж байсан юм. Гэвч АНУ-д түүнийг эх орноосоо урвасан, нууц мэдээлэл хулгайлсан гэх зэрэг олон хэрэгт удаан хугацааны шоронд хорих ял хүлээж байгаа билээ.
Б.АНХТУЯА