-ОХУ, Беларусь, Казакстан улс нийлсэн 170 сая хүн амтай хүчирхэг зах зээл бий болно-
Казакстан улсын улсын нийслэл Астана хотод Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн ээлжит хуралдаан тавдугаар сарын 29-нд өдөр болж, чухал шийдвэр гаргасан тухай өнөөдөр албаныхан мэдээллээ. Хэвлэлийн бага хуралд Бүгд найрамдах Казакстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд К.Кобландин, ОХУ-аас Монгол Улсад Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов болон албаныхан оролцож мэдээлэл өгсөн юм.
Өнгөрөгч сард болсон энэхүү эдийн засгийн дээд зөвлөлийн ээлжит хуралдаанаар ОХУ, Беларусь, Казакстан улс нийлэн Евразийн эдийн засгийн холбооны тухай гэрээ байгуулсан байнаИнгэснээр эдгээр гурван улс эдийн засгийн салбарт нэгшугаман дээр зогсч, хоорондын бараа таваар, ажил үйлчилгээ, эд хөрөнгө, ажиллах хүчийг чөлөөтэй солилцохоос гадна эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлдвэр, зам тээврийн салбар дахьбодлогоо харилцан зөвшилцөх үүрэг хүлээжээ.
Евразийн эдийн засгийн холбоо байгуулагдсанаар гишүүн болон нэгдсэн гурван улсын хил гааль хоорондоо нээлттэй болох бөгөөд гишүүн улсуудын нутаг дэвсгэрт эдийн засгийн хөгжлийн хүчирхэг шинэ төв болох асар том, 170 сая хүн амтай нэгдсэн зах зээл бий болох талаар Бүгд найрамдах Казакстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд К.Кобландин хэлсэн юм.
Энэхүү холбоонд улс орнууд гишүүн болж орох нь нээлттэй бөгөөд Монгол Улсын хувьд ч боломж бий талаар албаныхан энэ үеэр онцлов. Одоогоор Евразийн эдийн засгийн холбоонд Армен, Кыргызстан улс холбоонд элсэх хүсэлтээ илэрхийлсэн бол үүнээс гадна 40 улс элсэх сонирхолтой буйн дотор БНХАУ, Энэтхэг, Вьетнам, Турк, Израйль,Шинэ Зеланд зэрэг томоохон эдийн засагтай улсууд байгаа ажээ.
Евразийн эдийн засгийн холбооны гэрээ 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, холбоо бүрэн утгаараа ажиллаж эхлэх юм байна.
У.БОЛОР