Шүүдэрхэн тунгалаг
Гэрэлт ододтой шөнөжин эрмэлзэж мөрөөдөж хоноод
Алтан нарны болорхон туяанд
Анхны болзоонд зогсмоор санагдаад
Аяа миний 18 нас
Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас
Ахин ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас…
Энэ дуу хэн бүхний сэтгэлд хүүхэд насны гэгээхэн хайр, гэнэн цайлган үеийн дурсамж болон сэтгэлд эгшиглэдэг. Хажууд минь суусан хүүгийн амандаа аажимхан энэ дууны ая харин өөр дурсамж өөр амьдралын амьдралын дурдатгал болон 18 настай нь үүрд үлдэнэ. Түүний дуунд сэтгэл ээдэн хоолой эрхгүй зангирна. Үеийн охид, хөвгүүдийг дуулахыг харан, доголон нулимстай, аажуухан, гунигтай нь аргагүй 18 насыг хүсэмжлэх тэр хүүд та биднийхтэй адил мөрөөдөл байсан. Тэр хүү халуун, дулаан, хайр, энэрэл, мөрөөдөл хүсэн дуулах ч өөр газраас, өөр амьдралаас…
Тиймээ, түүнд энэ бүхэн дутуу байснаас та бидний хажууханд маань хөл алдан бүдэрсэн.
Тийм ээ, энэ хүү хохирлоо барагдуулсан. Улсын мөнгөнөөс тэрбум тэрбумаар нь луйвардаагүй, эх орноо худалдаагүй, урваж зугатаагаагүй. Гэсэн ч түүнийг 5 жилийн хорих ялаар яллаж хүүхэд насыг нь булаасан. Байнга зодож жанчих согтуу хойд эцгийн тамлалаас зугтаж, өлсч даарахын эрхэнд бусдын халаасыг асуулгүйгээр тэмтэрсэн нь үнэн. тэр үнэний үнэ нь хүсэл мөрөөдөл, хайр сэтгэл, баяр баясгалан, ирээдүй, 18 насыг та бидэн шиг дурсан дуулах байсан 5 жил…
Ийм л шалтгаанаар насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр ангид гэнэн томоогүй хэрнээ цог нь унтарч, бүхнээс дальдчин зугтах гунигт автсан нүдтэй, Бүхний өмнө бөхөлзөх 40 тэргүүн бий.. Хичээл номондоо шамдан сурахын хажуугаар үеийнхэнтэй тоглож, охидыг өдөн дүрсгүйтэж, басхүү гудамжаар хөтлөлцөн зугаалж явах насандаа тэд хаших хана, туурга, хяхтнах хаалга, өргөст тороор тэр бүхнээс тусгаарлагдсан.
Ээжээ хүүгээ уучлаарай… гэж уйлан уйлан шүлэглэх энэ хүү бусад хүүхдийн адил ижийдээ хайртай. Бидний хэлдгээр орхигдсон хүүхдүүд гээд буй тэдгээр хөвгүүд хатуу орчлонд хайраар дутсанаас л энд иржээ.
Үсэрсэн цус, тасарсан ясны хэлтэрхий нь болох үрээ хүлээн халаглах эх. Хайраар дутаж, харгис хорвоод хөл алдсан насанд хүрээгүй жаалууд.
Тэдний зарим нь аавыгаа мэдэхгүй. Ээжийг нь зовоодог хойд эцгээ үзэн ядаж, бяцхан дүүгээ санан бэтгэрч суугаа хүү өршөөл бус өс зангидан өсч буй. Ийм л хэцүүхэн төрх эл газарт ноёлоно. Инээд, баяслаар ангана.
Хэдхэн үг солиод л хоолой нь зангирч, аньсгаа норгох тэднийг ямаршуухан ирээдүй хүлээж байна вэ. Хүү минь, Энэ хаалгыг дахин битгий зүглээрэй гэж хэн хүнгүй ерөөх ч буцах эсэх нь түүнээс бус биднээс илүүтэй хамаарна. Тэд биднээс хулгай хийсэн гэх хүмүүс бий ч үнэндээ хайр халамжаар, идэж уух, өмсч зүүхээр дутааж тэдний хүүхэд насыг бид хулгайлж, ийш нь түлхжээ…
-Арван найман нас минь чи
Намайг бvv орхиоч…Тэд дуулж байна.