Д.Бат-эрдэнэ сайд &#34Шангри-ла яриа хэлэлцээ 2014&#34-д оролцов

Хуучирсан мэдээ: 2014.06.02-нд нийтлэгдсэн

Д.Бат-эрдэнэ сайд &#34Шангри-ла яриа хэлэлцээ 2014&#34-д оролцов

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД “ШАНГРИ-ЛА ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ 2014” ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО

Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын түвшний "Шангри-Ла яриа хэлэлцээ"  олон улсын бага хурал 2002 оноос эхлэн Бүгд Найрамдах Сингапур Улсад зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ жил 13 дахь удаагийн бага хурал 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд  зохион байгуулагдлаа.


Тус бага хуралд Монгол Улсыг төлөөлөн Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй Батлан хамгаалах яам, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нар оролцлоо.  


"Шангри-Ла яриа хэлэлцээ" бага хурал нь Ази, Номхон далайн бүс нутгийн батлан хамгаалахын сайд нарыг олон талт арга хэмжээний хүрээнд нэгтгэж, аюулгүй байдал, батлан хамгаалахын тулгамдсан асуудлууд, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар илэн далангүй яриа хэлэлцүүлэг явуулж, санал солилцдог онцлогтой.


Энэ жилийн хуралд Австрали, АНУ, БНХАУ, ОХУ, Бангладеш, Бруней, Индонез, Их Британи, Камбож, Канад, Малайз, БНСУ, Сингапур, Тайланд, Лаос, Зүүн Тимор, Франц, Филиппин, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон зэрэг 27 улсын Батлан хамгаалахын сайд нар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын дээд албан тушаалтнууд оролцлоо.


Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тус бага хурлын үеэр Бүгд Найрамдах  Сингапур улсын Батлан хамгаалахын сайд Доктор Эн Хэн, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл, Бүгд Найрамдах Франц улсын Батлан хамгаалахын сайд Жан Ив Дриан, Япон улсын Батлан хамгаалахын сайд Исунори Онодера, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Батлан хамгаалахын дэд сайд Аунг Тау нартай хоёр талын уулзалт хийж, бүс нутгийн аюулгүй байдал, хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абетай уулзаж ярилцав.


Тус бага хурлын үеэр тавьсан АНУ, БНХАУ, ОХУ, Япон Улсын батлан хамгаалахын удирдлагын тавьсан илтгэлүүдэд эдгээр орнуудын аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын бодлогын тулгамдсан асуудлуудыг тодорхой дурьдаж, тэр хэмжээгээрээ бага хуралд оролцогсдын анхаарлыг илүүтэй татаж, тавигдсан асуудлуудын талаар идэвхитэй санал шүүмжлэл өрнүүллээ.


Энэхүү хуралд оролцсоноор Монгол Улсын нэр хүндийг бүс нутагт дээшлүүлэх, байр суурийг бэхжүүлэхээс гадна харилцаатай орнуудын батлан хамгаалах салбарын удирдлагатай хоёр талын уулзалт хийж,  хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, батлан хамгаалах салбар, цэргийн шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааг сурталчлах, бүс нутгийн аюулгүй байдал, стратеги, чиг хандлагын талаар шинэ мэдээлэл олж авах ач холбогдолтойгоос гадна олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлст манай улсын оруулж буй хувь нэмрийн талаар таниулж,  цаашид баримтлах бодлого, байр сууриа илэрхийлэх боломж олгодгоороо онцлог юм.

 

Б.БАТ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж