Газрын тосны тухай хууль БНМАУ гэсэн тодотголоо гээнэ

Хуучирсан мэдээ: 2014.06.02-нд нийтлэгдсэн

Газрын тосны тухай хууль БНМАУ гэсэн тодотголоо гээнэ

-Өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын гишүүд Газрын тосны тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжлээ. Хэрвээ энэ хууль батлагдвал БНМАУ-ын гэсэн тодотголтой сүүлчийн хууль шинэчлэгдэх юм-

 

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Тамсагийн сав газрын газрын тосоор дээлийнхээ энгэрийг мялааж, монголчууд газрын тосоо боловсруулж хэрэгцээгээ хангах цаг ойрхон байх болтугай хэмээн ерөөл тавьснаас хойш бараг хорин жил өнгөрчээ. Анхны Ерөнхийлөгчийн маань ерөөл биелээгүй байгааг бид бэлхнээ мэдэж байгаа. Шатахууны хувьд 100 хувь импортоос хамааралтай хэвээр. Гэхдээ сонирхолтой нь сонгуулийн өмнө газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавьдаг уламжлал тогтоод байгаа. Уул уурхайн сайдын өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын танхимд мэдээлснээс үзвэл зургаан аж ахуйн нэгж газрын тос боловсруулах үйлдвэрийн эрх аваад байгаа аж. Бодвол тэдгээр аж ахуйн нэгж сонгуулийн өмнө шав тавьж шоудсан бололтой.

 

Өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын гишүүд Газрын тосны тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжлээ. Хэрвээ энэ хууль батлагдвал БНМАУ-ын гэсэн тодотголтой сүүлчийн хууль шинэчлэгдэх юм. Одоо үйлчилж бай­гаа хууль нь 1992 оны Үндсэн хууль батлаг­дахаас нэг жилийн өмнө батлагдсан аж. Тэрхүү хууль газрын тосны олборлолт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцааг нарийн тусгаагүй, ойлгомжгүй, бусад хуультай зөрчилдсөн заалтууд нилээдгүй байгаа, хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг Засгийн газрын тогтоолоор баталсан Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмаар зохицуулж байгаагаас хамаарч сүүлийн үед хуулийг хэрэгжүүлэхэд багагүй хүндрэл учирч байгааг өөрчлөх зэрэг шалтгаанаар ийнхүү хуулийн шинэ төслийг хэлэлцэх гэж байгаа юм. Өмнө нь нэг бус удаа буцаагдаж байсан хуулийн төсөл.

Мэдээж цаг хугацааны хувьд аваад үзэхэд 2014 оны эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал 1991 онтой харьцуулшгүй өөрчлөгдсөн учраас хуулийг шинэчлэх шаардлага байгаа нь үнэн. Гэхдээ ингэж өөрчлөхдөө өмнөх хуулийн заалтуудыг дордуулахгүй байх талаар гишүүд санаа бодлоо хэлсэн. Ашигт малтмалын салбар бол сүүлийн жилүүдэд Монгол Улсыг тэжээж байгаа гол салбар болоод байгаа. Ийм салбарт хууль эрх зүйн тогтворгүй байдал үүсгэсний горыг амсаад сууж байгаа нөхцөлд хөрөнгө оруулагчдыг үргээчихгүй байх, одоо байгаа хөрөнгө оруулалтын орчин, үйл ажиллагаа явуулах нөхцөлийг дордуулах ёсгүй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Монгол Улсын газрын тосны нөөцийг албан бусаар 200 тэрбум тонн гэдэг бөгөөд энэ нь дотооддоо боловсруулж шатахууны хэрэглээгээ хангах, дагалдах үйлдвэрүүдийг байгуулах хангалттай нөөц юм. Социализмын үед 1950-1969 оны хооронд Дорноговь аймгийн  Зүүнбаянгийн ордоос 538,7 мянган тонн тос олборлон 956,7 мянган тонн түүхий тос боловсруулж тухайн үеийн газрын тосны бүтээгдэхүүний улсын хэрэгцээний хорь гаруй хувийг хангаж байсан түүхтэй. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш шатахууны хэрэгцээгээ өөрсдөө хангах асуудал байнга яригдаж байсан ч энэ чиглэлд дорвитой алхам хийгдээгүй. Зарим хүн үүнийг шатахуун импортлогч компаниудын нөлөө гэж тайлбарладаг. Өнөөдрийн байдлаар шата­хууны импортын 80 гаруй хувийг ОХУ-аас, үлдсэн хэсгийг Казакстан, БНХАУ болон бусад улсаас тус тус импортлож байна. Хамгийн сүүлд Дарханд нефть боловсруулах үйлдвэр барихаар япон­чуудтай гэрээ хэлцэл хийгдсэн гэгдэж байсан ч Уул уурхайн сайдын хэлснээр энэ нь импортолж оруулж ирсэн нефтийг боловсруулах учраас зогсоосон аж.

Харин 1990 оноос хойш газрын тос олборлох чиглэлээр хөрөнгө татахад ихээхэн анхаарч ирсэн байдаг. Энэ хүрээнд 13 сав газрыг хамарсан 22 талбай ялгаж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад санал болгосон. Өнөөдрийн байдлаар Хятадын хөрөнгө оруулалттай Петрочайна Дачин Тамсаг компани Дорнод аймагт нефть олборлон экспортолж байгаа.

Шинэ хууль хэлэлцэгдэх явцад газрын тосны хайгуул, олборлолт, боловсруулалттай холбоотой нарийн асуудлууд яригдана гэсэн хүлээлттэй байна. Ямар ч гэсэн хэд хэдэн удаа буцаагдсан хуулийн төсөл эхний босгоо давлаа.

Д.НАРАНТУЯА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №064

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж