-Тус газрын эсрэг Авлигатай тэмцэх газраас гомдол гаргана-
Татварын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга Т.Батмагнай, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нарыг Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн хуулиудыг удаа дараа зөрчсөн болохыг Авлигатай тэмцэх газар/АТГ/ тогтоосон. Иймээс АТГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард дээрх хоёр албан тушаалтанд ажлаас нь халах хүртэлх арга хэмжээ тооцуулах хүсэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн тухай бид мэдээлж байсан. Хэдийнэ хоёр сарын хугацаа өнгөрсөн ч Засгийн газрын хэрэг эрхлэх газраас дээрх албан тушаалтнуудад хариуцлага тооцолгүй таг чиг байсаар байгаа юм. Иймээс АТГ-аас энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар зэхсэн гэдгийг тус газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлсийн дарга Ж.Батсайхан мэдэгдлээ.
Т.Батмагнай, Б.Бадраа нар хэрхэн хууль зөрчив?
АТГ-ын явуулсан шалгалтаар ТЕГ-ын дарга Т.Батмагнай нь хамаарал бүхий этгээдүүдэд давуу эрх олгосон, АТГ-ын дүгнэлт, шаардлагыг үл хайхран, шалгуурт тэнцэхгүй хүмүүсийг ТЕГ-т албан тушаалд томилсон нь тогтоогдсон. Харин Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраагийн хувьд тус аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар н.Батдорж гэгч бизнесменийг томилох хүсэлтийг АТГ-т удаа дараа ирүүлсэн аж. Хүсэлтийг АТГ-аас шалгаад н.Батдоржийг тус албанд тэнцэхгүй гэдгийг мөн л шалгаж тогтоожээ. Ийнхүү Б.Бадраагийн аймгийнхаа бүхий л худалдан авалтыг нэг бизнесмен залууд өгөх гэж зүтгэсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж дүгнэхэд хүргэжээ.
Ийнхүү Засгийн газрын Хэрэг эрхлэх газар чухам ямар шалтгаанаар Б.Батмагнай, Б.Бадраа нарт хариуцлага тооцохгүй “гүрийсэн” болохыг шүүх тогтоох нь ээ.
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №064