Хөрөнгө оруулагчдаа хөөж явуулчихаад, ам.доллараа 1825 төгрөгт болтол нь тавьж туусан хэрнээ “хэдэн малынхаа буянд өлсөөд үхэхгүй” гээд томроод сууж байдаг монголчуудыг хэнэггүй нь дэндсэн улсууд уу гэх үү, хэтэрхий тэнэг хүмүүс хэмээн дүгнэх үү.
Манжин байхад махаар яах вэ гэдэг хятад үг байдаг шиг мал байхад алт, зэс нүүрсээ зарж хэрэггүй гэсэн ойлголттой, ингэж ярьдаг, ухуулдаг хүмүүс Монголд олон. Улстөрчдийн дунд ч иймэрхүү бодолтой нөхөр цөөнгүй бий. Үнэхээр ч хэдэн малынхаа буянд монголчууд өлбөрөөд үхэхгүй нь тодорхой ч хөгжөөд гавихгүй нь лав.
ДНБ-д эзлэх хөдөө аж ахуйн хувь хэмжээ нь жил ирэх тусам буурч, экспортын дөнгөж 20 хувийг эзэлж байгаа хэдий ч мал аж ахуй бол Монголын эдийн засгийн хувьд голлох салбар. Махны үнэ инфляцийн өсөлт, бууралтад багагүй нөлөөлдөг гэхээр энэ салбарын эдийн засагт эзлэх хувийн жинг бага хэмээн голж болохгүй. Гэхдээ экспортын 80 гаруй, улсын төсвийн гуравны нэгийг бүрдүүлдэг уул уурхайн салбаргүйгээр, алт, зэс, нүүрсээ зарахгүйгээр Монгол Улс хөгжихгүй нь тодорхой. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа төрөлжүүлэхгүйгээр нэг салбараас хэт хараат байх нь эргээд эдийн засагтаа сөрөг үр дагавар авчирдгийн амьдрал өөрөө нотлоод өглөө шүү дээ.
Баялгаа зарахгүйгээр хав дараад байж болно. Нүүрс, зэс алт, мөнгө, төмрийн хүдрээ экспортлохгүйгээр хэдэн малынхаа буянг эдлээд хорвоогийн шар нар бор хоногийг нэгэн хэмнэлээр өнгөрөөж болно. Гэвч яагаад бид хэдэн малынхаа буянд өлсөөд үхэхгүй нь лав гээд дэлхийн хөгжлөөс хойшоо ухрах ёстой гэж. Тэгээд ч 40 сая малтай хэрнээ монголчууд махаа хамгийн өндөр үнээр авч идэж байгаа бус уу. Гурван сая хүрэхгүй хүнээ найдвартай, хямд мах сүү, цагаан идээгээр хангаж чадахгүй байж юун хэдэн малын буян бэ. Хоногийнхоо хоолны махыг авч идэж чадахгүй байгаа хүмүүс нийслэлд бишгүйдээ л бий. Унаж яваа машин, идэж байгаа хоол хүнс, өмсч зүүж байгаа бүхнээ ямар мөнгөөрөө худалдаж авах гэсэн хэрэг билээ. Малынхаа ноос, ноолуурыг олигтойхон боловсруулаад хямдхан цамцаар иргэдээ хангаж чадахгүй байгаа нөхцөлд малын буянаар бид дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэх үү. Их л сайндаа ноос, ноолуур, арьс, ширээ экспортолж гадагшаа гаргана биз. Ингэлээ гээд нүүрсний, зэсийн экспортын хэмжээний хөрөнгийг улсын төсөвт төвлөрүүлж чадахгүй. Тэгээд ч Монголоос малын гаралтай түүхий эдийг импортоор авах сонирхол гадныханд хэр байх вэ гэдэг хамгийн том асуудал. Байсхийгээд л шүлхий, галзуу, боом зэрэг малын гоц халдварт өвчин дэгддэг Монголын мал аж ахуйг гадныхан “эрүүл бус” гэж тодорхойлдог шүү дээ.
Нөгөө талаар ноос, ноолуур, арьс, ширээ боловсруулж дотоодынхоо зах зээлийг хангая гэж бодъё. Хамгийн түрүүнд техник, технологитой болох ёстой. Тэр үйлдвэрийг нь барьж байгуулахын тулд тодорхой хэмжээний мөнгө шаардагдах нь гарцаагүй. Хамгийн гол нь үйлдвэртэй, төмөр замтай болох мөнгөө эрдэс баялгийнхаа экспортоос л босгохоос өөр аргагүй. Мэдээж, гадныхан Монголын хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулна гэж итгэвэл бухын доодохыг харж үнэг турж үхэхэд хүрэх биз. Монголд орж ирсэн хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайн салбарт хийгдсэн байдаг. Статистикийн судалгаанаас харахад манай улсад хийгдсэн хөрөнгө оруулалтын 73.3 хувь нь геологи, уул уурхайн салбарт хамаардаг гэвэл энэ нь, гадны хөрөнгө оруулагчид Монголын эрдэс баялагт л хөрөнгө оруулах сонирхолтой байгаагийн илрэл бус уу. Гадных ч гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчид ч газрын доорх баялагт хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Ийм байхад малынхаа буянд болоод ирсэн юм гээд эртний “юм” яриад сууж байх нь зөв үү.
Эдийн засгийнхаа хувьд Тавантолгой, Хөшөөт, Цагаансуварга, Асгат, Мардай, Дорнод, Гурванбулагийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай болсон. Газрын доорх эрдэс баялгаа ашиглахад тодорхой хэмжээний хөрөнгө татах хэрэгтэй болно. Тиймээс Монгол Улс зэсээ ч, ноосоо ч зарах хэрэгтэй. Нүүрсээ, сүүгээ боловсруулах шаардлагатай. Хэдэн малынхаа буянд гэж хэгжүүрхээд байвал хэн ч хожихгүй. Муу ёрлосондоо биш, гэхдээ баян хүн нэг зуднаар гэж үг бий.
Ж.НЯМСҮРЭН