“Баптист” христийн чуулганы илтгэгч нэрийн дор тагнуул хийж байгаад баригдсан Өмнөд Солонгосын иргэн Ким Юнг Укт Пхеньяний албаныхан бүх насаараа хөдөлмөрийн лагерт хоригдож, хар ажил хийх ял оноожээ. Хойд Солонгосын албаныхан түүнийг тагнуул хийсэн болон газар дор нууц сүм барьсан хэрэгт буруутган ялласан байна. Ким Юнг Ук нь өнгөрсөн хоёрдугаар сард хэвлэлийн хурлаар Өмнөд Солонгосын тагнуулын албатай хамтран ажиллаж, БНАСАУ-ын эсрэг гэмт хэрэг өдүүлснээ хүлээн зөвшөөрч, эрх баригчдаас өршөөл хүсч байсан юм. Хойд Солонгосын албаныхан Ким Юнг Укийг өнгөрсөн аравдугаар сард баривчилан хорисон юм.
“AP” агентлагт мэдээлснээр Ким Юнг Ук нь Хятадын Даньдун хотоор дамжин Хойд Солонгосын хилийг нэвтэрчээ. Үүний дараа тэрээр Өмнөд Солонгосын тагнуулын албаныхантай холбогдож, тэдэнд мэдээлэл дамжуулж, шашнаар дамжуулан БНАСАУ-ын улс төрийн дэглэмийг түлхэн унагаах бодлогыг гүйцэлдүүлж байсан гэнэ. Мөн тэрээр Өмнөд Солонгосын тагнуулын газраас их хэмжээний мөнгөн тэтгэмж авдаг байснаа хүлээсэн юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters