Ази-Номхон далайн 28 орон, АНУ-ыг багтаасан “Шангри-Лагийн яриа хэлэлцээр”-ийн гурван өдрийн чуулга уулзалт эхэлжээ. Энэ уулзалтаар, Ази-Номхон далайн бүсийн аюулгүй, тогтвортой байдлыг авч хэлэлцдэг юм. Уулзалтанд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгэль оролцож, Өмнөд Хятадын тэнгис дэх тогтвортой байдлыг алдагдуулж буйд Хятад улсыг буруутгажээ. Хятад улс нь Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсэд агаарын хамгаалалтын бүс тогтоож, газрын тосны өрөмдлөгийн цамхаг байршуулсан нь хөрш Вьетнам, Филиппин, Япон, Өмнөд Солонгос зэрэг Азийн олон оронтой үл ойлголцол, сөргөлдөөн үүсгээд буй юм. Гэхдээ Шангри-Лагийн яриа хэлэлцээрийн ачаар сөргөлдөгч талууд нүүр тулан уулзалж, асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлж буй юм. Түүнчлэн чуулга уулзалтын хүрээнд АНУ Тайландын төрийн эрхийг барих болсон цэргийнхэнд хандан ардчилсан засаглалыг эргүүлэн тогтоохыг шаарджээ. Тайландын армийн генерал ойрын нэг жилийн дотор ямар нэгэн сонгууль явуулахгүй гэж мэдэгдээд буй юм.
Б.АНХТУЯА