Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

Мянган хүүхдийн баяр

Дэлхийн Зөн Монгол ОУБ нь хүүхэд бүрийн бүрэн дүүрэн амьдрал, гэрэл гэгээтэй ирээдүйг бий болгоход чиглэн ажилладаг билээ. 2007 оноос эхлэн жил бүр Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвтэй хамтран “1000 Хүүхдийн Баяр” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг ба энэ жил 8 дахь удаагийн баярын үйл ажиллагааг 2014 оны 05-р сарын 30-ны өдөр Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн хагас болон бүтэн өнчин, хүнд нөхцөлд амьдардаг, хөдөлмөр эрхэлдэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ирж оролцох бөгөөд энэ жил НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Тухай Конвенц батлагдсаны 25 жилийн ойн баяр болон “108” Хүүхдийн Тусламжийн Утасны нээлтийн үйл ажиллагаа тохиож байгаагаараа онцлог билээ.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл олон хэлбэрээр одоо хүртэл оршин тогтносоор байгаа бөгөөд хүүхдүүд өөрсдөдөө тулгамдаж буй асуудал, нэн ялангуяа хүүхэд хамгааллын асуудлын талаар ярьж, мэдээлж чадахгүй байна. Тиймээс энэхүү асуудлыг шийдэхээр Дэлхийн Зөн Монгол ОУБ, Хүүхдийн Төлөө Үндэсний Газар болон Мобиком корпораци нар хамтран хүүхэд залуучуудыг хэрэгцээтэй мэдээллээр хангах, эрсдэл учирсан хүүхдүүдэд тусалж үйлчлэх зорилгоор “Хүүхдийн Тусламжийн Утас” төслийг 6-р сарын 1-нээс ашиглалтанд орох гэж байна.

Энэхүү утас руу Монгол орны аль ч өнцгөөс залгах боломжтой бөгөөд үнэ төлбөргүй, 7 хоногийн 24 цагийн туршид тусламж, дэмжлэг, зөвлөгөө авах боломжтой юм. Хүүхдийн тусламжийн утас төслийн үр дүнд хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурч, хүүхэд хамгааллын механизм сайжирч, хүүхэд, ялангуяа эмзэг бүлгийн хүүхдүүдийн эрх хамгаалагдаж, хүүхдийн оролцоо болон амьдрах чадвар сайжрах юм.

Энэхүү завшаант өдөрт хүүхдүүдэд хандсан олон сонирхолтой концерт, үзүүлбэрүүд тавигдах бөгөөд үүнд “Бид эх орны хүүхдүүд” Өртөөчилсөн тоглоом, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын дэргэдэх найрал дууны “Хөх тэнгэрийн хүүхдүүд” хамтлаг, ОХУ-ын одойчуудын циркийн тоглолт, “Монгол модел” агентлагийн хамт олон, олон алдарт дуучид, жүжигчид хүүхдүүдэд өөрсдийн тоглолтоо бэлтгэн үзүүлэх юм. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж