Цөлжилт аюул биш гэж үү…

Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

Цөлжилт аюул биш гэж үү…

Хүн төрөлхтний баталгаат аж төрөхийн чухал үндэс нь экологийн тэнцвэртэй байдал, байгаль орчны өөрчлөлттэй шууд холбоотой. Тэгвэл бид өнөөдөр ийм байдлыг бий болгож чадаж байна уу… Хаа сайгүй дэлхийн дулаарал, озоны давхаргын цоорол, усны хомсдол гэхчилэн өмнө нь бараг сонсч ч байгаагүй зүйлийг цээжилтэл ярьж байгаа нь бидэнд нэгийг хэлээд байгаа биш гэж үү. Та яг одоо өөрийгөө усгүй оронд амьдраад талхныхаа мөнгөөр ус авч ууж, зүлэг ногоон дээр биш дороос нэвт шарах халуун элсэн дээр гишгэж байна гээд төсөөл дөө. Ийм өөрчлөлт хаяанд ирчихээд бидний үүдийг хүчтэй тогшоод зогсч байна. Бид яах ёстой вэ.

Бидний эмзэг сэдэв болоод ч тэр үү, үүгээр шоудагчид ч цөөнгүй байх санж. Сэлбэ голыг сэргээх нэрээр хуучин хотын удирдлагууд хоёр тэрбум төгрөг төсвөөс гаргасан. Хулхин дээр цэцэг ургуулагчид 2012 онд эцсийн байдлаар ажлаа дуусгаж, хүлээлгэж өгөх ёстой байсан ч одоо хэр нь алга. Урсгал ус нь татарч байгаа Сэлбэ голыг сэргээж зүлэгтэй, ногоон байгууламжтай, явган хүний замтай, голруугаа буудаг 13 шат бүхий замтай, зуны улиралд амралт зугаалгын, өвлийн улиралд гулгах талбайтай бараг л Сөүлийн дундуур урсдаг Хан мөрөн лугаа адил болгож хөрсний ус болоод гадаргын усыг давхар шийдэх гарцыг олсон хэмээн 2011 онд СБД-ийн Засаг дарга асан н.Баярмагнай тэргүүтэй хүмүүс сэлбээр шоудаж сонгуулийн PR-аа хийгээд авсан гэж хэлж болно. Гүйцэтгэл ажлыг хариуцаж авсан “Норбу” компани өнгөрсөн 2011-2013 оны хооронд нийт 2 тэрбумын бүтээн байгуулалтын ажил хийсэн хэмээн тайлан тавиад байгаа. Ингэж л бид цөлжилтийн эсрэг тэмцдэг.

Цөлжилт гэдэг нь ургамлаар бүрхэгдсэн газар үржил шимгүй болон хувирч байгаль экологийн ямар нэгэн солилцоонд орох чадваргүй болохыг хэлдэг. Цөлжилтийн тухай ярихын тулд байгаль орчны бусад доройтлыг хамтад нь авч үзэх хэрэгтэй. Учир нь энэ олон сөрөг үзэгдэл хоорондоо нарийн холбоотой явагдаж байдаг байна. Өөрөөр хэлбэл ойн нөөц багассанаас газрын гүн дэх мөстлөгийн хэмжээ нимгэрч, тэр хэмжээгээр хуурайшилт явагдаж энэ нь цөлжилтийг бий болгож цаашлаад гол мөрөн ширгэх нөхцлийг бүрдүүлнэ. Манай орон жил болгон ширгэж байгаа гол мөрнийхөө тоог гаргах. Тэр нь өмнөх жилийн тооноос давсан байх дүр зураг. Ширгэсэн гол мөрний тоотой адил эдийн засаг нь тэгж өсдөг бол юутай сайхан бэ. Улаан шар ногооноор ус мөрөн, ой хээрээ ялган тэмдэглэдэг газрын зурган дээрээ удахгүй бид цөлийг тэмдэглэдэг шараас өөр өнгийг хэрэглэхээ болих цаг ирэх вий дээ. Тиймээс нэгэнт бий болсон цөлжилтийг багасгана гэдэг нь газрын гүн дэх мөстлөгөө тогтоон барихаас эхэлнэ. Мөстлөг гэдэг нь олон зуу метрийн зузаантай мөс газрын гүнд дэлхийн бөмбөрцгийн хөрсний чийгийг хадгалж байхыг хэлдэг. Бид мод бутыг хайр найргүй тайрах нь модны үндэсний тусламжтай оршиж байдаг тэрхүү мөстлөгийг нимгэрэх боломжыг бүрдүүлдэг байна. Энэ нь цаашлаад бидний дээр хэлсэн хуурайшилт, цөлжилтийн эх үүсвэр нь болно. Цөлжилт нь тухайн бүс нутгийн хөрсний байдлаас хамаарч ялгаатай байдлаар үргэлжилдэг. Голчлон хөрсний алдагдал, давсжилт, элсжилт гэсэн гурван байдлаар илэрдэг. Манай орны хувьд эдгээрээс хөрсний элсжилт нь түгээмэл тохиолдож байна. Элсжилт гэдэг нь элс нүүж, шинэ газарт очин тухайн газраа цөл болгохыг хэлдэг

Эрдэмтдийн хийсэн судалгаагаар манай орны нийт бүс нутгийн 50 орчим хувьд нь цөлжилт эрчимтэй явагдаж байгаа, 90 хувь нь их бага хэмжээгээр цөлжилтөнд өртсөн гэсэн тоо баримт гарчээ. Харамсалтай байгаа биз… Сэлэнгэ аймаг бол манай орны ой хээрийн бүс нутагт хамаардаг бас л сайхан байгальтай гэлцдэг газрын нэг дээ. Өнгөрсөн зун тэр аймагт очиход уг нь бол модтой буттай сайхан уул хэрнээ энгэр бэлээрээ элсэрхэг болоод гишгих бүрт эргэж хальтраад байдаг болчихож. Эх орны минь хангай хүртэл хангай биш болчихжээ. Жил бүр 200 км2 талбай буюу Увс, Ховд, Баянхонгор аймгийн хэмжээтэй газар нутаг цөлжилтийн зууш болж байна гээд бод доо. Манай орны цөлжилтөд хамгийн их өртсөн бүс нутгийг Дорноговь, Дундговь гэхчлэн говийн аймгууд тэргүүлж Сүхбаатар аймаг удаалжээ. Ер нь дэлхий нийтэд цөлжилтийн бий болж байгаа үндсэн шалтгааныг бэлчээрийн талхлагдал, уул уурхай, ус хөрсний нөөцийн хэт их ашиглалт, зохисгүй мал аж ахуйтай холбон тайлбарласан байдаг. Үүнийг ажиглахад цөлжилт бий болох шалтгаан нь хүний хүчин зүйлээс шууд хамаарч байгаа биз. Тэгэхээр бид цөлжилтийг бий болгосон шиг түүнийг тогтоон барих, багасгах нь мөн бидний үүрэг байх ёстой. Сонсоод байхнээ барууны оронд Цөлийг хэрхэн ашиглах талаар яригдаж эхэлж байгаа тухай албаны хүн нь ярьж байна. харамсалтай ч гэмээр үнэн мэдээ энэ. Саяхан урагшаа Эрээн хот руу бэлчээрийг хэрхэн зөв ашиглаж байгаа талаар судлахаар явсан судлаач эрдэмтэдтэй уулзах завшаан олдлоо. Хятадуудын хийж байгаа хамгийн сүүлийн үеийн арга нь бэлчээрээ хашаалж байгаа явдал гэнэ. Тэд цөлжилт явагдаж эхэлмэгц тухайн талбайг хашиж усалхын зэрэгцээ байгалийн бордоогоор бордож байгаа нь ихээхэн үр дүнтэй арга болж байгаа тухай мэргэжилтнүүд хэлж байна. Энэ арга манайд ч ашиглахад тохиромжтой. Бидний хаяанд орших Эрээн хот ингэж шийдэж болоод байхад бид яагаад чадахгүй гэж… Хэдэн зуугаараа орж ирдэг хятад бараа, хортой жимс ногоотой хамт яагаад бидэнд хэрэгтэй, эх оронд минь хэрэгтэй шинэ санаа, асуудлаа энгийнээр шийдсэн арга нь орж ирэхгүй байгаа юм бол… Хүн бүхэн амин хувиа хичээж би л болж байвал энэ улс орон яахав гэсэн бодлын тод илрэл энэ биш үү. Цөлжилт бол нэг хүний шийдэх асуудал биш, төр засаг албан тушаалтны амлалтандаа оруулаад өгдөг мөнгө бүр биш ээ. Нийтээрээ тэмцэж байж үр дүнгий нь харах цогц үйл ажиллагаа. Үүнд хүн бүрийн хүчин чармайлт үйл ажиллагаа чухал. Эх орноо сахарын цөлийн араас явчихаас нь өмнө та бид л амжиж аврах ёстой. Хүн хэлэхээс нааш ухаардаггүй, цааш чичихээс нааш цоордоггүйн үгээр эх орныхоо байгаль экологийн тухай санаа зовж буй нэгийг нь түүнийхээ төлөө нэг ч гэсэн зүйлийг хийгээсэй гэж, санаа зовдоггүй нэгийг нь сэтгэлээ чилээж бодож үзээсэй.

Л.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж