Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Супер Ерөнхий сайд

Ерөнхий сайд С.Батболд гэж Монголын төлөө хамаг хөрөнгөө тавьж туусан нэг хүн байна аа. УИХ-д хоёр дахь удаагаа нэр дэвшихийг хүсэнгүүтээ Тавантолгойг Монго­лын төрд эргүүлээд өгчихсөн. Энэ удаад өөрийн мэдлийн “Алтай кашмер” компанийн авах байсан найман хувийн хүүтэй 20 тэрбум төгрөгийн зээлээс татгалзав.

Уг нь “Алтай кашмер” компанид үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмж, чанараа сайжруулах зүй ёсны шаардлага байгаа. Ядаж л малчдын гар дээрээс ноолуур авах замаар түүхий эдийн хомсдлоо шийдэх нь тус үйлдвэрт тулгамдсан асуудлын нэг. Гэтэл Ерөнхий сайд маань тэгсэнгүй. “Миний үйлдвэр яах вэ. Бусад хүний үйлдвэрийг л дэмж” гэж сайхан сэтгэл гаргав.

Тэрбээр энэ шийдвэрээсээ өмнө “Манай компанид ч гэсэн монгол хүн ажиллаж байгаа. Тэднийг өвлийн улиралд сул зогсолт хийж, цалингүй, амьдралгүй болгодгоо больё” гэж бодсон бол айж, ичихгүйгээр 20 тэрбум төгрөгийн зээл авч болох л байсан байх. Гэсэн ч Ерөнхий сайд УИХ-ын 2008 оны сонгуулиар “Би Тавантолгойд хувьцаа эзэмшихээс татгалзсан” хэмээн өөрийгөө сурталчилж, УИХ-ын гишүүн төдийгүй Ардын намын дарга, Ерөнхий сайд болсон. Энэ удаад Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах замаар хамтарсан Засгийн газрын хувь заяанд халдахаар шийдсэн улстөрчдийн довтолгооноос засгаа хамгаалах гарцыг ийн олж харсан ч байж болох. Бас л мундаг байна шүү. Өөрийгөө бус, эх орноо бодсон гэх тайлбар бүхий олон удаагийн шийдвэр нь араасаа илүү их ашиг дагуулаад байдаг юм биш байгаа даа. Супер Ерөнхий сайдын алсын хараа супер байж болох юм шүү дээ.

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж