Баяр бялхсан зайрмагны өдөрлөг

Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

Баяр бялхсан зайрмагны өдөрлөг

Хүүхдүүдээ дагуулсан эцэг эхчүүд өчигдөржингөө Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн их тайз орчмыг бараг л дүүрэн байлгав. Алдрай бяцхан үрсийн хоолой цуурайтаж нэг өдрийг гэр бүл, эцэг эх анд найзуудтайгаа мөн ч хөгжилтэй өнгөрүүллээ. Багачуудад зориулсан уралдаан, тэмцээн, хөтөлбөр бүрийн завсарлагаанаар хүүхдүүдэд тараагдах үнэгүй зайрмаг гэх мэт хүүхэд багачуудын хүссэн бүхэн энд байлаа. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн их тайзан дээрээ ийнхүү хүүхэд багачуудад зориулсан авьяаслаг бяцхан уран бүтээлчид үеийн найзууддаа урлагийн тоглолтоор бэлэг барьж байсан юм.

Цаг агаар дулаахан байсан болоод ч тэрүү хүүхдүүдээ баярлуулах гэсэн эцэг эхчүүд ундаа, чихэр, зайрмаг, тоглоом худалдаж авч өгөх гэж цуваа үүсгэн жагсаж. Тэдэнтэй зэрэгцэн дунд сургуулийн хүүхдүүд ч мөн анги хамт олон найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэхээр “Парк”-д ирцгээж.  Зайрмагны өдөрлөг болж байсан учраас “Ice market”-ын хамгийн үнэтэй зайрмаг нь 500 төгрөг хүртлээ хямдарчээ. Мэдээж үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орох тасалбар нь хэвээрээ.  Тоглоомуудын тасалбарын үнэ ч хэвээрээ байлаа.  Ер нь залуу гэр бүл хаа сайгүй. Хүүхдүүдээ дагуулаад явж байгаа эцэг эхчүүд гэхээр бид ихэнхдээ нилээд ахимаг насны хүмүүсээр төсөөлдөг шүү дээ. Харин өчигдөр жаахан хүүхдүүдээ дагуулсан залуу хосууд их байв. Паркын гулсуурнаас эхлээд тоглоомууд бүгд л хүн ихтэй, тасалбар авах гэсэн эцэг эхчүүд дугаар үүсгэн зогсож, усан буутай бяцхан цэргүүд хоорондоо байлдаж цагийг их л зугаатай өнгөрүүлэх ажээ.

Харин нэгэн хачирхалтай зүйл ажиглагдсан нь хүүхдүүдэд зориулсан тэмцээнүүдэд залуучууд оролцож шагнал болгож өгсөн зайрмагнуудыг ёстой л түүж байлаа. Нэг залуу 100 ширхэг зайрмаг хожоод л аваад явчихсан. Уг нь 100 ширхэг зайрмагийг нэг залууд өгч байснаас 100 хүүхэд баярлуулсан нь дээр мэт.

Жил бүр Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс эх үрсийн баярыг тохиолдуулан бяцхан үйлчлүүлэгчиддээ зориулсан өдөрлөг зохион байгуулдаг билээ. Тэгвэл энэ жил Эх үрсийн баярыг тохиолдуулан Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хамт олноос хүүхдүүддээ зориулан “гайхамшигт” долоо хоног нэртэй долоо хоногийн аян зарлажээ. Өчигдрийн хувьд ийнхүү хүүхдийн паркийн гол дүр “зайрмаг” байж өнгөрсөн бол өнөөдөр буюу тавдугаар сарын 30-нд “амттан” байх юм гэнэ шүү.  

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж