УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 9 цагт зарлагдсан ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр 10.03 цагт эхэллээ. Хуралдаанд 76 гишүүн оролцох ёстойгоос 43 нь хүрэлцэн ирээд байна.
Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг багтаасны дагуу хэлэлцүүлэг эхлээд байна.
УИХ өчигдрийн нэгдсэн хуралдаанаараа уг тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзэж шийдвэрээ гаргасан ч Засгийн газар дахин тогтоолыг өргөн мэдүүлж, мөн үдээс хойш УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхи нь “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн байна.
Эл асуудалтай холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Өрийн хэмжээ нэлээн буурахаар байна, үүнээс улбаалж эдийн засгийн өсөлт буурах уу. Эерэг болоод сөрөг үр дагаврын тухай мэдээлэл өгөөч” гэлээ.
Сангийн сайд Ч.Улаан “Засгийн газар шуурхай хуралдаж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн заалтуудаа зөрчилгүйгээр Төсвийн хүрээний мэдэгдлийг дахин боловсруулж оруулж ирлээ. Зургадугаар сарын 1-нд багтаах шаардлагатай учраас. Зээлийн хэмжээ буурч байгаа учраас эдийн засагт гарах нөлөө байх нь ойлгомжтой. Хувийн хэвшил рүү оруулах хөрөнгө оруулалт хязгаарлагдаж байна. 2014 оны төсвийн хүрээний мэдэгдлийг батлах үеийн суурь үзүүлэлтээр тооцсон. Эдийн засагт оруулах хөрөнгө оруулалт хязгаарлагдмал учраас өсөлт гарах бололцоо хүнд” гэлээ.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Г.ДАРЬ