Ш.Түвдэндоржийг дэмжих үү, эсвэл?

Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

Ш.Түвдэндоржийг дэмжих үү, эсвэл?

АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад Үйлдвэр, хөдөө аж ахуйн дараагийн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлсэн. Энэ асуудлыг УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэн дэмжвэл, УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм. Давхар дээлтийг давхар дээлээр солих нь гэдгээс эхлээд гишүүдийн дунд ч байр суурийн зөрүү байгаа аж. Ингээд гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Эрх баригчид л бодлогоор оруулж ирж байна шүү дээ. Ямар учраас оруулж ирсэн юм бүү мэд. "Давхар дээл"-ийг бид шүүмжилж байсан. Гэхдээ Ш.Түвдэндоржийг сонгох үгүйг УИХ эцэслэн шийдвэрлэнэ.

 

УИХ-ын гишүүн Д.Арвин:

-Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг санал болгож намын гүйцэтгэх зөвлөл дэмжиж байгаа нь хуулийн хүрээнд хийгдэж байгаа асуудал. Өнөөгийн хууль эрхзүйн орчин УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллах эрх нээлттэй байгаа.  Тийм учраас хуулийн зөрчил гарахгүй.

 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: 

-Уг нь давхар ажилладаг энэ жишиг гадаадын улс орнуудад байдаг. Манайх шиг 76 гишүүнтэй парламенттай улсын хувьд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах нь зохимжгүй байгаа юм. “Давхар дээл” гэхээсээ илүүтэй УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шааардлагатай гэж харж байгаа. Үүнийг зохицуулах хуулийн төслийг нэр бүхий гишүүд өргөн барихаар боловсруулж байна.  2016 оноос давхар дээлийг тайлах өөрчлөлт хийвэл дэмжинэ.

УИХ-ын гишүүн М.Батчимэг:

-Ш.Түвдэндорж гишүүнийг хувь хүнийх нь хувьд дэмжихгүй байх онцлох шалтгаан байхгүй. Гэхдээ Гүйцэтгэх зөвлөлөөс яагаад ийм шийдвэр гаргасанд үнэхээр гайхаж байна. Өмнөх Х.Баттулга сайдын хувьд төрийн өндөр хоёр албан тушаалыг давхар хашихаас татгалзаж сайдын суудлаа өгсөн. Ийм учраас зарчмын хувьд дараагийн сайдыг УИХ-ын гаднаас томилох ёстой. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүд ч ухаалаг төрийн хүрээнд хийгдэж байгаа өөрчлөлтүүд. Үүнийг УИХ дэмжих ёстой байсан ч засгийн газрын тогтвортой ажиллахад нөлөөлөх асуудал үүссэн учраас дэмжигдээгүй. Хуулийн өөрчлөлт үгүйлэгдэж байгаа учраас дараагийн удаа “давхар дээл”-ийн хуулийн төслийг хэлэлцэх шаардлага бий.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Ийм шийдвэр гарсныг мэдээгүй. Үнэхээр УИХ дотроос дараагийн сайдыг томилох гэж байгаа бол эд нар учраа олохгүй л байна л даа. Өмнөх сайд нь давхар дээлнээс татгалзаж өөрийн биеэр үлгэр дууриал үзүүлсэн байхад дараагийн сайдыг УИХ дотроос томилох гэж байгаа бол харамсалтай байна.

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг:

-Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдыг томилохдоо Ерөнхийлөгчтэй зөвлөдөж, АН-ын удирдах байгууллага нь хуралдаад шийдвэрээ гаргасан байх. Дараагийн сайдыг оруулж ирэхдээ “давхар дээл”-тэй байна гэж бодсон уу, эсвэл гишүүнийх нь асуудлыг нам дотроо ярихаар болсон эсэх дээр Ерөнхий сайд юу гэж бодсон. Байнгын хороо чуулганы хуралдаанаар хэлэлцээд явахад нь шалтгааныг нь сонссоны дараа буруу, зөв эсэхийг нь УИХ дээр шийдээд явна.

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж